|

Улаанбаатар-Дархан чиглэлд түр зам тавих ажил эхэлжээ

 

Улаанбаатар-Дархан чиглэлд түр зам тавих ажил эхэлжээ

 

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Өргөтгөл шинэчлэлтэй холбогдуулан Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг ирэх дөрөвдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 25 хүртэл түр хааж, түр зам гарган ажиллахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэ ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй байгаа юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барих тухайд одоогоор түр зам тавих ажил эхлээд байгаа аж. Түр зам тавих 200 гаруй километр замын ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэж байгаа учраас түр замыг бүрэн хийж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэнэ.

Уг зам маань дөрвөн эгнээтэй болно. Хоёр эгнээг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, нөгөө хоёр эгнээг нь Европийн сэргээн босголтын банкны зээлээр барих юм. Европын сэргээн босголтын банкны зээлээр хийгдэх замын сонгон шалгаруулалтаар оруулах компаниудын нэрийг урьдчилсан байдлаар ирүүлсэн бөгөөд наймдугаар сарын 15-н гэхэд ажил нь эхлэхээр тооцоод байна. Харин Азийн хөгжлийн банктай гэрээ хийгээд зургаадугаар сард  замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Арванэгдүгээр сарын 1-нд тус замын хөдөлгөөнийг нээх юм байна.

Замын ажил хийх явцад хөдөө орон нутгийг зорих иргэд өргөсгөн, шинэчлэх замын хажуугаар гаргаж байгаа түр замаар зорчино. Хөвсгөл,Булган, Орхон аймгийн иргэд Төв аймгийн Лүн сум, Булган аймгийн Дашинчилэн чиглэлээр зорчино. Энэ талаар цаг тухай бүрт нь тодорхой мэдээлэх аж. Одоогоор түр замын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Үүний дараа төв замын ажил эхлэх юм байна.