|

Бид ямар гуйлгачид уу?

Солонгосын виз 3 сарын дараа гарах эсэх хариугаа авна гэсэн гарчигтай мэдээлэл уншаад дур гутлаа. Бид үнэхээр л өөрсдийгөө хэн ч биш гэж боддог болжээ. Уг нь бид мэдлэгтэй бол эрдэмтэй, чадалтай бол булчинтай гэдгийг ойлгож ухаарах л хүмүүс. БНСУ руу явахаа л больчих л доо. Эндээ эвтэйхэн аргалаад амьдраад үзий л даа. Тэнд 3 саяар ажиллах, энд нэг саяар ажиллах хоёр бараг ч ялгаагүй дээ. Ганцхан танд хураахуйн итгэл, тоо бодохуйн ухаан хоёр байхгүй байгаад хэргийн учир бий. Хэрэв танд тооцоолох чадвар байх аваас алдаж буй эрүүл мэнд, гэр бүлийн нөлөө, өөрийн хэрэглээ зэргийг аль ч газар хянахад танд боломж гарч ирж л таарна. Солонгосд ажиллахад таатай байдаг уу гэвэл үгүй. Тэнд аль хүний гар хүрдэггүй, муу муухай болгоныг л хийдэг. Ганцхан ялгаа нь Солонгосд ажиллавал өндөр цалин авдаг гэдэг суурь ойлголт. Үнэхээр Солонгосд ажилладаг шигээ Монголдоо яг тэр эрэмбээр махруу, цагаа яс бариад бөхөлзөөд ажиллавал аягүй бол та Монголд бараг л тэр хэмжээний цалин хураана шүү. Хүний нутагт бөхөлзөөд, гялалзаад, үгэнд ороод л, ажлаа таслахгүй ирээд л өндөр цалин аваад, өөрийн нутагт гэдэлзээд, цалин буухаар ууж алга болоод байхаар бага цалин авах нь тэнгэр газар мэт ялгаатай цалинтай байх нь хэн ч харсан ойлгомжтой бус уу.
Надад нэг эгч бий. Жаахан сонсгол тааруу, одоо тавь гарсан. Төрсөн эгч минь. Ээжтэй хамт мал маллаж байгаад ээжийг бурханы оронд одсоны дараа хотод орж ирж ажил хийж эхэлсэн. Хөөрхий минь амны хишигтэй болоод тэгдэг ч юм уу үнэхээр хөдөлмөр ч болоод ч тийм юм уу, ёстой нэг өдөр ч борви бохисхийх завгүй хөдөлмөрлөсөндөө. Намайг 2003 онд Америк явахад хотод шилжин ирсэн. 2006 онд намайг Америкаас ирэхэд хөөрхөн байр сууриа олоод ажлынхаа амт шимтийг мэдэрчихсэн байсан. Оёдол нэхмэл хийдэг эгч маань гадуур гарч баар хэсэхгүй, найз нөхдүүдтэйгээ дарвиж цэнгэхгүй, олсон хэдийгээ хурааж хүүгээ их сургууль төгсгөөд өөрөө амьдраад ажлынхаа зарим захиалгыг гэртээ авчраад босож суух хоорондоо хийсээр л одоо цалин нь 2 сая, олдог орлого нь мөн тэр хэмжээний гээд бодохоор монгол хүн хичээвэл 4-5 сая төгрөг олоод хийх боломж эх нутагт минь өлхөн бий. Энэ бол амьд жишээ. 
Хэн ч харсан эгчийг минь хүнээс дор амьдарч байна гэж хэлэхгүй, хэн ч түүнд туслаагүй, хэн ч түүнийг голоогүй. Тэгэхээр хаана байх нь хамаагүй, зөв л амьдраад байвал болох мэт. Үнэхээр Солонгосд очиж хэдэн цаас олоод тэндээ ууж идэж үрэн таран хийгээд эсхүл нааш Монгол руу явуулж байр захиалахаар хамаатан садан, эхнэр нөхөр лүүгээ явуулж байхаар эндээ ирээд тааваараа ажлаа хийгээд авдаг хэдээ голохгүй зөв зарцуулаад гэр бүлээрээ халуун амь, бүтэн элэгтэй байвал заавал тэр хүний нутаг гуйлга гуйн гуйн зүглэх хэрэг байна уу МОНГОЛЧУУДАА.
Бид үнэ цэнэтэй ард түмэн байх ёстой. Бид хөдөлмөрч хичээнгүй ард түмэн байх ёстой. Бид худал хэлдэггүй, хэлсэндээ хүрдэг ард түмэн байх ёстой. Бүгдээрээ ингэж хичээж чадвал төрсөн нутагтаа улсаа төвхнүүлээд зөв хүмүүсээ төрдөө гаргаад тайван амгалан суух боломж бий шүү. Худлаа өөрсдөө сайн дураараа сонгочоод төрийн томчуудаа доромжилж суух хэрэг юун. Нэгэнт л сонгогдсон бол вандан тас шд. Тэгээд л чимээгүй дараагийн дөрвөн жил хүртэл тус тусын ажлаа хийгээд, хичээнгүйлэн зүтгэж амьдарсан нь хэн хэндээ л өлзийтэй байх. Бид ямар жүжигчин Баярмагнайгийн гаргасан дүрийн Яармагт амьдардаг ээжийнхээ хажууд тэтгэвэрээр нь тэжээлгэдэг эрдэмтэн биш дээ. Муулахыг сурахын дээдээр сурлаа. Одоо больцгооё. Одооноос эхэлж магтаж эхэлцгээе. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг сайхан үг байдаг шүү.
Урмаа тэтгэе, урдах ажлаа хийцгээе. Солонгос руу явж солиотой юм шиг амьдрахаа больцгооё.
Сэрчингийн Үүрцайх
Эх сурвалж: zuv.mn