|

Жак Ма: Амжилт дагуулахад мөнгө, санхүүгээс илүү гурван чухал зүйл байдаг

Хятадын тэрбумтан өнөө цагийн Дундад улсын бизнесийн нүүр царай болсон Жак Ма нь 1964 оны аравдугаар сарын 15-нд Хятадын Ханжоу хотод төрсөн юм. Тэрээр их сургуульд орохын тулд жилд нэгхэн болдог конкурсийг гурван удаа өгөөд бүтэлгүйтсэний эцэст дөрөв дэх удаадаа тэнцэж байжээ. Тэгэхээр тэр гоц ухаантан биш, жирийн л нэгэн юм.

Жак Ма сургуулиа төгсмөгцөө гучин өөр ажилд орохын тулд өргөдөл өгсөн боловч бүгдээс нь татгалзсан хариу авсан байна. Тэдний дунд Цагдаа болон "KFC” түргэн хоолны рестораны цагийн ажил хүртэл байжээ.

Эцэст нь тэр Ханжоу Дианзи их сургуулийн Англи хэлний багш болсон байна. Мөн энэ хооронд тэрээр Харвардын бизнесийн удирдлагын магистрт суралцах хүсэлтийг 10 удаа илгээгээд татгалзсан хариу авсан аж.

Гэвч Жак Ма хэзээ ч шантарч бууж, өгөөгүй бөгөөд өнөөдөр өөрийн хүчээр 39 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж "Forbes” болон "Fortune” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг болж чаджээ. Өнөөдрийн байдлаар олон улсын хөрөнгийн бирж дээрх түүний "Alibaba” группийн зах зээлийн нийт үнэлгээ нь 388 тэрбум ам.доллар юм.

Жак Магийн намтрыг унших юм бол мөнгө бус хичээл зүтгэл, алсын хараа түүнийг өнөөдрийн энэ өндөрлөгт авчирсан аж. Тэрээр 1999 онд өөрийн гэртээ ямар ч мөнгөгүй, зөвхөн сэтгэл зүрхээрээ нэгдэж, түүний алсын харааг дагахаар шулуудсан жижигхэн багийн хамтаар Alibaba-г эхлүүлсэн байна.

Тэгэхээр хэзээ ч бусдад үнэлэгдэж байгаагүй жирийн л Хятад залуу болон түүний жижиг баг өөрсдийн хүчээр амжилтад хүрч чадаж байгаа юм чинь энэ боломж хэн бүхэнд нээлттэй юм.

Та магадгүй үүнийг боломжгүй гэж бодож болох юм. Гэхдээ үнэндээ  танд түүнээс ч илүү боломж байж болох юм. Жак Ма 1994 онд л анх интернэтийн тухай зөвхөн сонсож байжээ. Ингээд 1995 онд АНУ-д очихдоо л интернэтийг найзаараа заалган суралцаж байсан аж. Харин бид бүхэнд өнөөдөр байгаа нөөц бололцоо үүнтэй харьцуулшгүй юм.

Ямар ч бизнест амжилт олохын тулд хамгийн түрүүнд боловсрол, мэдлэг, мөнгө, санхүү болон танилын хүрээ хэрэгтэй гэж амжилтад хүрсэн хүмүүс айлддаг.

Харин Жак Ма саяхан Францын нийслэл Парис хотод болсон "Viva Tech” арга хэмжээний үеэр хүмүүст хандан дээрх амжилт дагуулах хүчин зүйлсгүйгээр хэрхэн зорилгодоо хүрэх талаар гурван чухал зөвлөгөөг өгсөн юм. Ингээд түүний зөвлөгөөг хүлээн авна уу.

1. Сэтгэлгээ бол хамгийн чухал хүч юм

Хэрвээ хүн бүр чиний хийж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч байвал чамд ахин цааш хөгжих ямар ч боломж олдохгүй. Харин хүмүүс чамайг шүүмжилж байвал чи бодох хэрэгтэй болно. Би өөрийн ихэнх цагаа ирээдүйн талаар бодож гомдол саналуудыг сонсож өнгөрөөдөг.

Учир нь над шиг мөнгөгүй, өндөр технологигүй, хүчирхэг танилын хүрээгүй хүмүүс бусадтай өрсөлдөж, зах зээлд үлдэх эсэх нь ирээдүйн талаар ямар ойлголттой байж, үүнийг хэрхэн харахаас ихээхэн шалтгаалдаг. 

Би ирээдүйд итгэлтэй байх аваас үүнийгээ бодит болгохын тулд өөрийгөө дайчлан ажиллаж эхэлдэг. Хэрвээ хүмүүс чиний хийж байгаа чинь ямар ч боломжгүй гэж хэлэх юм бол миний хувьд энэ бол өөрийнхөө зөв байсан гэдгээ батлан харуулах боломж юм. Хэрвээ чи итгэж л байвал чи түүндээ хүрч чадна.

2. Яг Форрест Гамп шиг хэзээ ч битгий бууж өг

Тэрээр "Alibaba”-аас өмнө нь маш олон удаа татгалзсан хариулт авч байсан гэдгийг дээр дурдсан билээ. Гэвч тэрээр "Alibaba”-г үүсгэн байгуулснаасаа хойш олон ч удаа үгүй гэх үгтэй тулж байжээ. Жак Ма 2001 онд АНУ-ын хөрөнгө оруулагчдаас 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахыг хүссэн ч татгалзсан хариу авсан байна. Гэвч тэрээр үргэлжлүүлэн оролдсоор байсан бөгөөд 2005 онд "Yahoo” түүний ихэнх хувьцааг худалдан авсан аж. Ингээд 2015 онд "Alibaba” рекорд дүн болох 25 тэрбум ам.долларын "IPO”-г гаргасан юм.

Үүний гол түлхүүр нь татгалзсан хариултаар өөрийгөө зогсоолгүй үргэлжлүүлэн оролдож үзсээр байх явдал юм. Мэдээж хүмүүс чамд үгүй гэж хэлэх нь чамд сайхан санагдахгүй. Чи магадгүй сэтгэлээр унаж, гутрах байх. Гэхдээ ирээдүйдээ итгэж байгаа бол татгалзсан хариултаар өөрийн боломжоо бүү хязгаарлуул. Хэрвээ нэгэн чамд татгалзвал зүгээр л сайхан унтаж амарсныхаа дараагаар дахин оролдоод үз.

Би Форрест Гампд хайртай. Энэ кино маш энгийн зүйлийг өгүүлдэг. Ердөө л хэзээ ч битгий бууж өг.

3. Өөртөө байгаа чадваруудаа л ашигла

Хэрэглэгчид, ажилчид болон өөрийн хамт олондоо л цаг зарцуул. Өөрийн өрсөлдөгчид болон хөрөнгө оруулагч нарт анхаарлаа хандуулах хэрэггүй. Чи зөвхөн үйлчлэх ёстой хүмүүстээ л хандаж ажиллах хэрэгтэй. Хэрвээ тэд сэтгэл хангалуун байвал ялалт чинийх. Энэ маш амархан.

Би Англи хэлний багш байхаасаа эхлэн бусдад урам зориг өгөхийн тулд сайхан зүйлсийг орчуулдаг байлаа. Тэгээд "Alibaba”-ын эхэн үед өөрийн багаа зоригжуулж, өөдрөг байлгахад маш их анхаардаг байсан. Учир нь тэдний хийж буй ажил л намайг хүсэж буй зүйлд минь хүргэнэ гэдгийг би мэддэг.

Харин байдал буруугаар эргэвэл хөрөнгө оруулагчид ямар хурдан нүүрээ буруулж, зугтдаг болохыг туршлагаараа мэдмэгцээ тэдэнд тийм ч ач холбогдол өгөхөө больж, таалагдахын тулд ажиллахаа больсон.

Би маркетинг болон технологийн талаар юу ч мэдэхгүй. Би зөвхөн хүмүүсийн талаар л сайн мэднэ. Мөн тэдэнтэй хэрхэн харьцахаа мэддэг. Учир нь би бол багш. Багш хүн сурагчдаа үргэлж өөрөөсөө илүү нэгэн болохыг хүсдэг. Миний борлуулдаг бүтээгдэхүүнүүд бол миний сурагчид гэсэн үг юм. Тиймээс би тэднийг нямбай хөгжүүлдэг. Тэгээд тэр нь хэрэглэгч нарыг аз жаргалтай болгодог. Хэрвээ чи үйлчлүүлэгч нараа сэтгэл хангалуун байлгахыг хүсвэл, ажилчдаа сэтгэл хангалуун байлга.

Би өглөө бүр өөрийн ажилчиддаа нэг л зүйлийг захин хэлдэг. Намайг сэтгэл хангалуун болгох нэг ч юмыг битгий хий. Намайг бүү хайрла. Миний төлөө биш үйлчлүүлэгч нарынхаа төлөө ажилла. Тэднийг сэтгэл хангалуун байгаа эсэхэд л анхаар. Харин би та бүхнийг хэзээд ч хайрлаж чадна.  

О.Мөнхбат

Эх сурвалж: CNBC