|

Ши Жиньпин, В.Путинтай юу ярив

Хойд, урд хөршийн төрийн тэргүүнүүдийн уулзалт өчигдөр Москва хотноо боллоо. Уулзалтын үеэр хоёр удирдагч ямар, ямар асуудал хөндөж ярилцсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Ам.долларыг алгасч, юань, рублиэр тооцоо хийдэг болно

Уулзалт хэлэлцээрийн дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр В.Путин хоёр улс худалдаандаа үндэснийхээ валютыг ашиглах асуудлыг цаашид онцгой анхаарч үзэхээр болсон талаар мэдэгдсэн юм. Хоёр улсын худалдааны бараа эргэлт өнгөрсөн жил 100 тэрбум ам.доллараас давж түүхэн дээд амжилт тогтоосон. Тэд худалдаагаа баланслаад үндэсний валютаа хэрэглэвэл төдий хэмжээний ам.доллар зах зээлээс шахагдана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл энэ нь АНУ, ам.долларын нөлөөллийг хумих шийдвэр юм.

"Хоёр улсын худалдаанд цаашид юань, рубль ашиглах, дэлхийн зах зээлд тогтворгүй байдал үүссэн ч хоёр улсын банк хоорондын үйл ажиллагаа саадгүй явдаг байх гэх мэт асуудлыг шийдвэрлэх зорилготой зөвшилцөлд гарын үсэг зурлаа”

В.Путин

Солонгосын хойг, Венесуэль, Сирийн асуудлаар байр сууриа нэгтгэв

В.Путин мөн Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд Москва, Бээжингийн байр суурь нэгдмэл болсныг зарлалаа.

"Бүс нутгийн асуудлыг дипломат, энхийн замаас өөрөөр шийдвэрлэнэ гэдэг байж болшгүй зүйл”

В.Путин

Зөвхөн Солонгосын хойг төдийгүй Венесуэль, Сирийн байдлыг тогтворжуулах асуудлыг ч хөндөж, цаашид хамтарч ажиллахаар болсныг ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Москва, Бээжингийн нэгдмэл байр суурь нь "Одоо тогтсон байгаа дэглэмийг хэн нэгэн цэрэг зэвсгийн хүчээр өөрчлөх ёсгүй” гэсэн зарчим дээр үндэслэгдэж байгааг тэрээр тодруулж хэлсэн. Энэ нь Венесуэль, Сирийн дэглэмийг хадгалж үлдэх тал дээр москва, Бээжин хамтарч ажиллана, харилцан дэмжинэ гэсэн үг юм. В.Путины хэлснээр борл хоёр тал НҮБ, ШХАБ, БРИКС болон бусад олон улсын хамтын нийгэмлэгүүдэд энэ байр сууриа баталаж байхаар болцгоожээ.

Орос-Хятадын хамтарсан хөдөө аж ахуйн компани байгуулна

Орос-Хятадын хөдөө аж ахуйн холдингийг Приморийн хязгаарт байгуулахаар тохирсныг В.Путин ард иргэддээ зарлалаа. Хөрөнгө оруулалт нь 10 тэрбум рубль болно гэж тэрээр хэлсэн байна.

Аялал жуулчлалын салбарт хоёр улс мөн хамтын ажиллагаагаа өргөжүүлж чадсаныг тэрээр онцлон тэмдэглэсэн. 2018 онд Оросын 2.2 иргэн БНХАУ-д жулчилсан бол БНХАУ-аас 1.7 сая хүн ОХУ-д жуулчилжээ.

Ши Жиньпин В.Путиныг "Хамгийн дотнын анд нөхөр" гэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин дараа нь мэдэгдэл хийхдээ В.Путиныг өөрийн хамгийн дотны анд нөхрөө гэж нэрлэжээ. Тэрээр "Энэ бол 2013 оноос хойш миний Орост хийж байгаа найм дахь айлчлал. Энэ хооронд ажил хэргийн нягт холбоо үүсгэж, яваандаа сайхан найз нөхдийн харилцаа руу орсон байна. Сүүлийн зургаан жилд гэхэд л бид хоёр 30 гаруй удаа уулзжээ. ОХУ бол миний хувьд хамгийн очоод баймаар улс, харин В.Путин хамгийн доьны анд нөхөр, хамгийн сайн хамтрагч” гэж хэлжээ.

Тэрбум, тэрбумын гэрээ байгуулав

Хоёр улсын удирдагчдын уулзалтын хүрээнд ОХУ-БНХАУ-ын төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулагдсан гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон. Тухайлбал, ОХУ-ын төрийн өмчит "Росатом” компани БНХАУ-ын Үндэсний цөмийн корпорацийн хооронд "Сюудапу” атомын цахилгаан станцын 3, 4 дгээр блокийг барих гэрээг байгуулжээ. Мөн ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан, БНХАУ-ын "China Investment Corporation” хамтран Орос Хятадын шинжлэх ухаан, техник, инновацийн сан байгуулж, тэрбумаар тооцогдох хөрөнгө оруулалт хийхээр тохирчээ.

Москвагийн амьтны хүрээлэнд Панда бэлэглэв

Уулзалт хэлэлцээр дууссаны дараа хоёр удирдагч Тульскийн автомашины үйлдвэрт үйлдвэрлэгдсэн БНХАУ-ын "Haval” маркийн жийп машиныг үзэж сонирхжээ. Мөн Москвагийн амьтны хүрээнд зочилж, БНХАУ-аас тус амьтны хүрээлэнд бэлэглэсэн панда буюу хулсны баавгайг үзэж сонирхсон байна. Энэхүү ховор амьтныг хоёр удирдагчаас гадна хоёр улсын хүүхэд багачууд мөн үзэж, анхны үзэгчид нь болжээ. Хүүхдүүд удирдагчидтай орос, хятадаар мэндчилсэн гэнэ.

Ши Жиньпин, В.Путинтай юу ярив

БНХАУ нь онцгой тохиолдолд бусад улс оронд панда баавгай бэлэглэдэг.  Энэ нь сүүлдээ "Панда дипломат” гэсэн соёлыг буй болгосон бөгөөд БНХАУ-ын хувьд тухайн улс онцгой чухал гэсэн санааг илэрхийлдэг байна.

Х.Батсайхан

Эх сурвалж: eagle.mn