|

Ч.Улаан: Айлчлалын үеэр малыг амьдаар нь гаргах асуудал огт яригдаагүй

МҮХАҮТ, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо хамтран хилээр амьд мал гаргах, экспортлохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ талаар "Энэ сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр малыг амьдаар нь гаргах асуудал огт яригдаагүй. Хамт явсан сэтгүүлчид ч хэлэх байх. Айлчлалын үеэр мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тарианы бүтээгдэхүүн энэ жил экспортод гаргах боломж бүрдүүлэх, ингэхдээ хил гааль, үнэлгээ шинжилгээ харилцан протокол тохирох яриа л гарсан.

Өмнө нь Засгийн газрын 318-р тогтоол гараад хэрэгжиж байсан ажил. Энэ дагуу малыг амьдаар гаргах, ингэхдээ үржлийн бус эр ямаа байх, нөөцийн 20 хүртэл хувийг гаргах чиглэлийг аймгуудын удирдлагуудад өгсөн байгаа. Оорон нутаг өөрөө зохион байгуулна. Одоогоор яамны хэмжээнд яригдах түвшинд хүрээгүй.

Хэн ч бай, хэний хүү, хэний дүү ч бай төрийн хууль, Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажиллана. Тэнд тавьсан шаардлагыг бид тавьж ажиллана. Дүрэм жрмын дагуу мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллана” гээд мэргэжлийн байгууллагууд тохирвол болохгүй зүйлгүй гэж үзэж байгаагаа хэллээ.

Т.САРАН, IKON.MN