|

Яамны ажилчид нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэргийн шүүх хурлыг 9 удаа хойшлуулсан үндэслэлүүд

Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар архи ууж, нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гараад бараг жил болох гэж байна. Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн оны наймдугаар сарын 9-нд тус яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Улмаар Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа 461-р цагдан хорих ангид хорьж байгаа юм. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн яаманд гарсан хүн амины хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэрэгтэй холбоотой шүүх хурал асуудлаа бүрэн хэлэлцэхгүй байсаар есөн удаа хойшилжээ. Хойшилсон үндэслэлүүдийг эргэн харъя.

1. Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд яллах дүгнэлт үйлдэн 2018 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар анхны урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны нэгдүгээр сарын 18-нд товлогдсон ч хүндэтгэх шалтгааны улмаас хойшлогдож, 2019 оны нэгдүгээр сарын 25-нд товлогдсон юм.

2. Нэгдүгээр сарын 25-ны хурал мөн адил шалтгаанаар хоёрдугаар сарын  2 хүртэл хойшилсон.

3. Хоёрдугаар сарын 2-нд хохирогчийн албан ёсны төлөөлөгч өвчтэй гэдэг шалтгаанаар хурлыг хоёрдугаар сарын 27 хүртэл хойшлуулсан.

4. Хоёрдугаар сарын 27-нд  хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралд гэрч, шинжээч нарын 10 гаруй хүн оролцох ёстой байсан ч бүгд шүүх хуралд ирээгүй. Мөн хохирогчийн албан ёсны төлөөлөгч гадаад улсад зорчиж байгаа гэдэг шалтгаанаар хурал гуравдугаар сарын 18 хүртэл хойшилсон юм.

5. Гуравдугаар сарын 18-нд шүүх хуралд оролцох ёстой шинжээч, гэрч нараас бүрдэх 10 гаруй хүнээс гурван хүн ирж, гэрч дутуу гэдэг шалтгаанаар хурлыг дөрөвдүгээр сарын 5 болгож хойшлуулсан.

6. Дөрөвдүгээр сарын 5-нд шүүх хурал эхэлсэн ч хохирогчийн албан ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй гэдэг шалтгаанаар мөн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 29 хүртэл хойшлуулсан билээ.

7. Дөрөвдүгээр сарын 29-нд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзснаас гадна хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч У.Өнөрцэцэг өөрийн сонгон авсан таван өмгөөлөгчөөс татгалзсан учраас хурал тавдугаар сарын 1 хүртэл хойшилсон юм.

8. Тавдугаар сарын 1-нд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Гэвч хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч У.Өнөрцэцэг өөрийн сонгон авсан таван өмгөөлөгчөөс татгалзсан учраас шинээр өмгөөлөгч авах, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг шүүх хүлээн авч хурлыг тавдугаар сарын 17 хүртэл хойшлуулсан.

9. Хамгийн сүүлд нь тавдугаар сарын 17-нд хохирогчийн албан ёсны төлөөлөгч эмнэлэгт хэвтснээс гадна хохирогч тал өмгөөлөгчгүй, хэргийн гэрч хөдөө орон нутагт ажилтай явж байгаа гэх шалтгаанаар Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буюу мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Учир нь дээрх хавтаст хэрэгт нэмж шалгах зүйл байна гдэг шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэрчтэй, баримттай энэ хэргийн үнэн мөн нь шийдэгдэхгүй, шүүх хурал нь удаа дараа хойшилсоор байгаа чухам ямар учиртай вэ. Тусгай хамгаалалттай төрийн яаманд гарсан уг хэргийг харсан гэрч, үйлдсэн эзнийг тогтоочихоод байхад ингэж сунжруулаад байгаа цаад шалтгаан чухам юу юм бэ. Сэтгэл түгшүүлсэн энэ хэргийг үнэн зөвөөр шүүх эсэхийг олон нийт бүтэн жил хүлээж байна.

Эх сурвалж: itoim.mn