|

Ким Жөн Ун: БНАСАУ Хятадтай харилцаагаа шинэ түвшинд гаргахыг зорьж байна

БНХАУ-ын дарга Си Жиньпиний Пёньянд хийж буй айлчлал хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргана гэж БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун мэдэгджээ. "Манай нам, засаг БНХАУ-тай найрсаг харилцаагаа бэхжүүлж, илүү өндөр түвшинд гаргахыг зорьж байна” гэж тэрбээр пүрэв гарагт мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилсан байна. БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлал хоёр орны харилцааны түүхэнд шинэ үе шатыг эхлүүлнэ гэж Умард Солонгосын хэвлэлүүд онцолсон байна. "Минжу Чосон" сонинд онцлон тэмдэглэснээр, Ким Жөн Ун, Си Жиньпин нар өмнөх дөрвөн уулзалтынхаа үеэр "онцгой найрсаг харилцааг” бий болгож чаджээ. Си Жиньпин хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-д айлчилж байгаа юм. Тэрбээр пүрэв гарагийн өглөө Пёньянд хүрэлцэн очсон бөгөөд түүний айлчлал зургадугаар сарын 21 -ний өдөр хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. 

Д.Жаргал