|

Энх цагт эр цэргүүд эндсээр байгаад хариуцлага хүлээх дарга ч, цэрэг ч алга

Мөрдэс нэгт байлдагч нь буу алдсанаас, мориноос унаж чирэгдээд, оргож хил гарах гэж зугтаж байхдаа, олон аавын хүүхдүүдтэй эн зэрэгцэж чадаагүй чацга царайлж бахардаад нас барчихлаа, тэд. 

Цэрэг нас барлаа гэх мэдээлэл бүрийн араас иймэрхүү хөнгөн тайлбар хийгээд сурчихлаа, Зэвсэгт хүчний жанжин штабаас. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэж үг бий. Гэтэл энэхүү сүр хүч хүчирхийллийн байж болох залхаан цээрлүүлэлт, дэг, албан тушаалтны боолчлолын гайгаас үүдэлтэй байж болзошгүй байгаа нь одоо ч илчлэгдэхгүй байсаар л. 

Цэрэг армийн салбар бол эмзэг бөгөөд улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, өндөр хэмжээний нууцлалын зэрэглэлд үйл ажиллагаа, тушаал заавар нь явагддаг онцлогтой. Тиймээс иргэд олон нийт ч, ээж аавууд ч, хэвлэл мэдээлэл ч тэгсхийгээд аливаа асуудлыг дотроос нь бус гаднаас нь өнгөцхөн шүүмжлээд л өнгөрдөг. 

Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй гэх мэт шиг сэтгүүлч болгон сэвж, балбаад байдаггүй салбар. Тодруулбал, иргэн бүрийн зүрх сэтгэлд эх орны төлөө.. гэсэн зүрхэн тарни мэт тангараг хадаатай явдаг учир ийн хайрладаг юм.

Гэвч хайр даадаггүй буруу эрхэлсэн хүүхэд шиг Монголын зэвсэгт хүчний салбарт бодлого дутагдав уу, боловсролтой боловсон хүчний хомсдол нүүрлэв үү бор цэргүүд бодлогогүйн, боловсролгүй дарга нарын, хариуцлагагүйн, хатуу дэглэлтийн, аюулгүй ажиллагаа алдагдсаны гайгаар аминаасаа салж аав ээжийгээ орхин одсоор. 

Үүнийг нотлох тоо, баримт, үхэл хагацлын мэдээг он гарсаар бид ар араас нь сонсон гашуудацгаав. Бурууг хайхдаа бид Зэвсэгт хүчний жанжин штаб толгойгүй байгаатай холбон тайлбарлаж байв.

2019 оны эхний зургаан сарын байдлаар дөрвөн цэрэг харамсалтай байдлаар нас барсан бол нэг цэрэг хүнд бэртээд байна. Энэ бүхнээс үзэхэд, зэвсэгт хүчинд үнэ цэнээ алдсан, хуулийн хариуцлага бүдгэрсэн нэг л асуудал байгаа нь цэргийн амь нас, түүнд холбогдох хариуцлагын асуудал.

Дээврээ даахтай болоод л цэрэгт татагдаж "ганцхан жил юу байх вэ, хүү нь албаа сайн хаагаад ирнэ” гээд гарсан бор залуус бол Монгол хүн. 

Монгол хүний амь нас, үнэ цэнийг унагаж байгаа салбар бол зэвсэгт хүчин болчихлоо гэвэл нэг их буруутахгүй ээ. Жишээлбэл, Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр гарсан.

Талийгаачийн шүүх шинжилгээний хариу "өвчний улмаас” гэж гарсан бол ар гэрийнхэн нь 336 дугаар анги доторх дэглэлт, яргаллаас үүдэж талийгаач амь насаа алдсан хэмээн хардсан байдаг.

Учир нь хэрэг гарсны дараахан нь Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн ЗХЖШ-ын даргын тушаалаар 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраа, ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангай нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Харамсаптай нь, өнөөдрийг хүртэл талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой хэвээр. 

Монголын зэвсэгт хүчин амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэнд албан ёсоор эмгэнэл илэрхийлээгүй зэрэг нь дэндүү хүнлэг бус байгааг илэрхийлж байна. Монгол хүний амь нас нэг сайдын, эсвэл тухайн салбарын нэр хүндээс хямдхан юм гэж үү. 

Хамгийн өөдгүй нь эрүүл гэсэн эмчийн бичигтэй хүүхдүүд цэрэгт явдаг. Ээж аавынхаа гэрт эрүүл өсөж хүмүүжсэн залуусаа арми тушаалаар татаж авчхаад үхсэнийх нь араас суурь өвчтэй байж гэсэн мэдээлэл хийдэг нь утгагүй. Километр газар гүйж чадахгүй багтарч унадаг, хүн ганц хоёр тушаал өгсний төлөө амиа хорлодог, өдөр тутмын цэргийн дасгал сургуулилтаас залхаж оргон зугтдаг гэх мэт дэндүү хөнгөн тайлбарууд итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. 

Монгол залуус бүрт цэргийн амьдралын дэгсхэн ойлголтууд бий. Тэр бүхнийг давна гэсэн итгэл үнэмшилтэйгээр цэрэгт татагддаг. Залуусын хувьд хөл тавьж алхах, аранзаа үүрээд гүйх, цэргийн эрдмийн хичээл үзэх, харуул манаанд гарах, үүр шөнөөр босох, ширхэг чүдэнз асаад унтрах төдийд л хувцасласан жагсаалд бэлэн байх зэрэг нь тийм ч танил биш ойлголт биш юм. 

Тэр дундаа эрэгтэй хүүхэд ухаан орсон цагаасаа л буу, сэлэм болж тоглодог төдийгүй цэрэгт явсан аав, ах нараасаа цэргийн онцгой, далд дэглэлтийн тухай сонсож өссөн байдаг учир энэ бүхэнтэй нуур тулахдаа айдасгүй болсон байдаг. 

Сэтгэлзүй нь бэлтгэгдсэн байдаг гэсэн үг. Гэтэл хамгийн гол нь залуусын сэтгэлдээ бий болгосон тэр дэг ёсноос гажууд дэглэлтүүд далд хэлбэрээр байгаа учраас жилд 5-7 цэрэг амиа алдах нөхцөл болоод байна гэж хардах үндэслэл болжээ. 

Монгол хүн ийм дэглэлтийн бай болж нас барчхаад байхад генералууд, дарга, сайд нь "Тэр цэрэг өөрөө гоожуур байсан. Байгалийн хууль нь ийм шүү дээ. Чоно хүртэл ан хийхдээ сүргийн хамгийн арчаагүйг нь барьж иддэг.

Цэрэгт энэ мэт дэглэлтийг даахгүй үхэж байгаа нь тухайн хүний бие махбод дархлаагүй, сул дорой, суурь өвчтэй байсныг л илтгэнэ” гэх утга бүхий мэдээлэл тарааж суудаг нь эмгэнэл. Эх орны ирээдүй болсон залуус хөл, гар, нүд, амьгүй болж байхад Батлан хамгаалахын салбарын нэр хүнд хэнд, юунд хамаатай гэж. 

Монгол хүний аминаас үнэтэй салбарын нэр хүнд гэж байх ёсгүй. Тиймээс амиа алдсан дөрвөн цэрэг, хүнд бэртээд байгаа нэг цэргийнхээ төлөө ЗХЖШ-аас хариуцлага нэхье. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хааж байсан А нь учир битүүлгээр амиа алдав. 

Мөн хоёрдугаар сард Увс аймгийн Баруунтуруун суманд цэргийн алба хааж байсан В нь Тувагийн нутаг дэвсгэрт амиа алдсан байв. Энэ бүхэнд хэн хариуцлага үүрэх нь тодорхой болоогүй байхад гуравдугаар сард Налайх дүүрэгт Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан "Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан бол дахин нэг цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Хэргийг тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А нь тавдугаар сарын 26-ны өдөр адуунд чирэгдэж амиа алдав.

Хүнд бэртчихээд байгаа цэргийн тухайд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуу дунд чөмөг хугарсан гэсэн оноштойгоор хагалгаанд орж, эмчилгээ хийлгүүлж байна. 19-хэн настай, аав ээждээ амин хайр нь болсон залуусыг арми дуудаж авчхаад "амиа алдсан” гэдэг хоёрхон үгээр ар гэрийнхэнд нь чимээ дуулгаад дуугүй болчихдоггүй баймаар.

Энэ бүх нас барсан цэргүүдэд холбогдох хэргүүд ямар шатандаа яваа, хэн гэгч, ямар албан тушаалтан хариуцлага хүлээв, ар гэрт нь ямар хэмжээний нөхөн олговор олгосон, ЗХЖШ-аас албан ёсны уучлалт гуйсан эсэх зэргийг хүүгээ алдсан нийт ээж, аавуудын өмнөөс манай сонин тодруулж өгөхийг ЗХЖШ-аас хүсье. 

Хамгийн өндөр төсөвтэй, хамгийн хангалт сайтай салбар бол зэвсэгт хүчин. Хоол, хувцас нь хүртэл улсаас олгогддог ийм салбарт үхэл хагацал хэрээс хэтэрсэн нь даварсан сайд, генералуудтай нь шууд холбогдох үзэгдэл мөн. 

Манай улсад жилд хэчнээн цэрэг хүнд, хөнгөн байдлаар бэртэж гэмтэж, нас барж байгааг албан ёсоор тооцоолж гаргадаггүй учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болж нийтэд мэдээлэгдсэн дүнг сүүлийн гурван жилээр нь харвал дотор эвгүйцэм тоо харагдаж байгаа юм. Тухайлбал, 2017 онд гэхэд л ээлжийн ахлагчдаа шийтгүүлсэн цэрэг хөлийн есөн хуруугаа тайруулж байв. Энэ хэрэг 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр гарсан байдаг. 

Энэ хэрэг Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид гарч байлаа. Алба хаагч Ж.Баярцогтыг ээлжийн ахлагч нь өвлийн хүйтэнд шөнийн 2-3 цагийн үед түүнийг болон бусад дөрвөн цэргийн хамтаар дарамталж, нүцгэлэн цээж рүү нь хүйтэн ус цацаж, хүйтэн цементэн дээр хөл нүцгэн зогсоосноос ийн хөдөлмөрийн чадвараа алдаж байв.

Мөн хоёрдугаар сард нь гранат дэлбэрч, шинэ цэрэг хоёр гаргүй болж байлаа. Энэ хэрэг Зэвсэгт хүчний 186 дугаар ангид гарсан. Дэлбэрэлтийн улмаас байлдагч хараагүй болж, хоёр гараа тайруулсан. Ийм аймшигт мэдээллийн араас буюу 2017 оны дөрөвдүгээр сард Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдсан юм. 

Амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан. Мөн оны наймдугаар сарын 28-нд гурван цэрэг Ховд голд живж амиа алдсан. Цэргүүд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 ангийн байлдагч нар байв. Энэ мэт жагсаавал уртаас урт дараалал үүснэ. Хамгийн гол нь цаашид зэвсэгт хүчний анги, салбаруудад цэрэг нас барахгүй гэх баталгаа байна уу. Дээрх хэргүүдээс үүдэлтэй зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ямар сургамж авав. 

Цэргүүдийнхээ амь, нас, эрүүл мэндийг хамгаалах сургалт, сурталчилгаа, соён гэгээрлийн ажлыг хийв үү, амиа алдсан ар гэрийнхэнд хэр хэмжээний төсөв мөнгө зарцуулж нөхөн олговор, эмчилгээ, үйлчилгээний зардал шийдэж өгөв зэрэг асуудалд хариулт авмаар байна.

Цэрэг бол хүн биш гэсэн ойлголт, цэрэг бол зэрэгц гэсэн командлалын доор чимээгүй ярга байсаар байх уу. Ирээдүйд цэрэг болохоор, эх орныхоо хилийг манахаар дуудагдах бидний үрсэд дэглэм, яргагүй цэргийн эрдэмд суралцах нөхцөлийг бүрдүүлж өгөөч, хошууч генерал А.Ганбат дарга аа. 

Харанхуй бүдүүлэг үе ард үлдэж мэдлэг, хүнлэг чанар, оюун ухаан шүтсэн нийгэм бий боллоо. Орчин үеийн залууст зориулсан шинэ систем цэргийн салбарт үгүйлэгдэж байгааг олж харна уу. "Ийм л байсан” гэх хуучин нийгмийн дээрэлхүү дэглэмийн аргаа хална уу.

М.Мөнхтунгалаг  

Эх сурвалж: Үндэсний шуудан

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу