|

МАН-аар “Мал аж ахуйн бизнес хийсэн” МАН-ын генсек

Хоёр жилийн дараа МАН-ын 100 жилийн ой тохионо. 100 жил гэдэг бага хугацаа биш. Манайдаа хамгийн том, Монголын түүхийн сүүлийн 100 жилд бараг дан ганцаар төрийн эрхийг барьж ирсэн намын хувьд энэ их ой бол маш том үйл явдал болох учиртай. МАН-ын жирийн гишүүд ч ингэж хүсч, хүлээж байна. Харамсалтай нь МАН энэ их ойгоо хаана ч өнгөрөөж магадгүй болжээ.
МАН-ынхан 2016 оны их ялалтынхаа дараа Бага хурлаа хийж, 12 сарын 12-нд Д.Амарбаясгаланг генсекээрээ сонгосон. Энэ бол МАН-ынхны хувьд том алдаа байв. Ингэж МАН-ын генсект олгодог асар их эрх мэдэл нийслэлийн Баянзүрх дүүргийн хэдэн хорооноос сонгогдож, НИТХ-ын төлөөлөгчөөс дээшээ албан тушаал хашиж үзээгүй Д.Амарбаясгаланд шилжсэн юм. Өөрөөр хэлбэл, Төрийн эрхийг дангаар барьж байгаа намын генсекийн суудалд "ямар нэг аргаар” сууж чадсан Д.Амарбаясгалан тэнгэрийн умдаг атгаж орхисон хэрэг.
Мэдээж хэрэг, төрийн яам тамгын газар, Засгийн газрынг агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад түүний зөвшөөрөлтэй томилгоонууд хийгдээд эхлэх нь тэр. Д.Амарбаясгалан өнөөдрийг хүртэлх жил зургаан сар энэ хэмжээгүй эрх мэдлийг эдэлж байгаа юм.
Гэвч том намын генсекээр "жижиг гар”-ыг тавьсны горыг МАН эхнээсээ амсаад эхэллээ. Тухайлбал, 2018 оны сүүлчээр олонд ил болсон ЖДҮХС-гийн хэрэгт МАН-ын олон гишүүн холбогдсон. Энэ хэргийн толгойлогч нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гэсэн сурталчилгаа нэвт явсан ч бодит байдал дээр ЖДҮХС-гийн хэргийн толгойлогч нь Д.Амарбаясгалан байв.
Тэрбээр 2017, 2018 онуудад 30 хувийг нь эзэмшдэг "Тайшир Өргөө” компанийнхаа нэр дээр 375 сая, "Агро Технологи Шижирт” компанидаа 950 сая төгрөг авчээ. Д.Амарбаясгалан энэ мөнгөөр хонь өсгөж, малын тэжээл хийсэн тухайг бид өмнө нь мэдээлж байсан.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат ЖДҮХС-г гишүүд "ухсан” хэрэг гарсны дараахан чуулганы хуралдаан дээр "МАН-ын генсек Д.Амарбаясгалан ЖДҮ-гээс зээл авч, хонь, хуц ухна авдаг нь буруу” гэж шүүмжилсэн. Энэ үнэн үг.
МАН-ын генсек Д.Амарбаясгалан толгойлоод ЖДҮХС-гийн хөрөнгийг хувааж авсан нь МАН-ын буруу болж байгаа юм. Яагаад гэхээр 2020 оны сонгуульд МАН энэ хэргээс болж ялагдана. Энэ тов тодорхой юм.
Уг нь Д.Амарбаясгалан том намын том албан тушаалд оччихоод жижигхэн шунал, жижигхэн амбийцаа дараад, ядаж ЖДҮХС-гийн луйварт оролцохгүй байсан бол нэрд нь цэвэр байсан юм.
Гэтэл МАН-ын генсек 2019 оны 5 сарын 14-нд "Говь-Алтай аймгийн багуудад хурдан удмын азарга гардуулах ёслолын арга хэмжээ” гээчийг зохион байгуулж, уяатай хонуулсан олон азарган үрээг тараав.
Ингэж явахдаа Ш.Раднаасэдийг МАН-аас хөөлгөж хүртэл үзлээ. Ирэх сонгуульд Говь-Алтайгаас нэр дэвшээд УИХ-ын гишүүн болно гэж сэрүүн зүүдлээд тууж яваа нь тэр. Яаж бодохоороо өөрсдөд нь зориулахаар төсөвлөсөн ЖДҮХС-гийн мөнгөнөөс туучихаад "Намайг эрхэм гишүүн болгож өгөөч” гэж санал гуйна гэж бодож чаддаг юм бол…

МАН-ын генсек ингэж МАН-аараа мал, ахуйн бизнес хийсээр ирэх сонгуультай, 100 жилийн ойтой золгох нь. Гэвч тэр үед МАН гудамжинд гарчихсан байж мэднэ. Тэр ялагдал, уналтын буруутан нь гагцхүү МАН-ын генсек Д.Амарбаясгалан байх болно.

Р.Саруул

Эх сурвалж: erennews.mn