|

Зарим шүүгчийн гэрт нэгжлэг хийж, мэдүүлэг авч эхэллээ

УИХ өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тодруулбал, уг хуулийн 17.1.8-д Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Энэ нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх, тэр ч бүү хэл Монгол Улс шүүхийн шинэчлэлээс ухарсан хэрэг боллоо хэмээн зарим хуульч тухайн үед шүүмжилж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөл тэр өдөрт нь хуралдан, шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Улмаар Ерөнхийлөгч зарлиг гаргаж, тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь дуулиан тариад байна.

АТГ-аас өнгөрсөн баасан гарагт гурван шүүгчид таслан сэргийлэх арга хэмжээ авч, заримаас нь мэдүүлэг тайлбар авсан сурагтай. Энэ талаар тус газрынхнаас тодруулахад "Шалгаж буй хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин УЕПГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Дашмаа "Хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгөх ёстой. Одоогоор манайд дээрх хэрэгтэй холбоотой мэдээлэл ирээгүй” гэв. Түүнчлэн цагдаагийнхан пүрэв гарагт нэр бүхий 17 шүүгчийн өрөөнд нэгжлэг хийж, хувийн эд зүйлсээс бусдыг нь АТГ луу зөөсөн гэнэ. АТГ-ын комиссарууд шүүгч нар луу утсаар холбоо барьж, дуудсан аж. Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан бололтой. Олон нийт дээрх үйл явдалд зөв, буруу гэх мэтээр байр сууриа илэрхийлсээр байгаа. Тэдгээр шүүгчийн олонх нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцсон юм билээ.

Энэ ордтой холбоотой эд хөрөнгийн маргааныг шийдэх анхан шатны хурал Баянзүрх дүүргийн шүүхэд болжээ. Шүүгч Т.Энхжаргал эл хэргийг шүүж, улмаар Салхитын мөнгөний ордын хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хангаж шийджээ. Давж заалдах шатны Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, бүрэлдэхүүнд нь шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгальмаа нар оролцсон байна. Шүүх бүрэлдэхүүн сайтар нягталж шалгах ёстой гэх үүднээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг. Харин нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа шүүхийн эл шийдвэрийг үл зөвшөөрч хяналтын шатанд шийдвэрлүүлэхээр гомдол гаргажээ. 

Улмаар Дээд шүүх эл хэргийг 2017 оны тавдугаар сарын 16-нд шийдсэн юм. Ингэхдээ даргалагч шүүгчээр Г.Алтанчимэг, илтгэгч шүүгчээр Ц.Амарсайхан, шүүгчээр П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нар оролцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тогтоол гаргахдаа, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгосон байна. Энд нэг зүйлийг онцлоход, Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчдийн дотор Г.Алтанчимэг гэх нэр байхгүй. Үүнийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байсан. Тухайлбал, "Г.Алтанчимэг өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргийг шийдсэн учраас зарлигт нэр нь ороогүй үлдсэн” хэмээж байна. 2012 онд Н.Энхбаяр нарын хэргийг хэлэлцэх, Давж заалдах шатны шүүх хурлын бүрэлдэхүүнд Г.Алтанчимэг оролцож, илтгэгч шүүгчээр ажилласан гэнэ. Тэр "хэргийг” шийдсэн Г.Алтанчимэг болон өөр нэр бүхий шүүгчид дэвшиж, Дээд шүүхэд ажиллах болсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан. 

Г.Алтанчимэгийн оронд Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаярын эрхийг түдгэлзүүлсэн гэх. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Амардэлгэр дээрх хэргийг шийдсэн шүүгчийнхээ хамт эл хэрэгт татагдав бололтой. Нөгөө талаар шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа, Н.Нарантуяа, Б.Сайханцэцэг нар өнөө жил 55 нас хүрч буй гэнэ. Тиймээс тэднийг шахаж, тэтгэвэрт гаргах зорилгоор хэрэгт холбогдуулсан гэж ярих хүмүүс ч байна. Өндөр цалин, их эрх ямбаас сайн дураараа татгалзаж, тэтгэвэрт гарах хэн ч байхгүйгээс ийн шахах төлөвлөгөө хэрэгжүүлж буй юм байх. Мөн Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Сонинбаяр нар ирэх жил 55 нас хүрнэ. Тэднийг нь мөн ч тэтгэвэрт гаргахаар ийн улайрч буй сурагтай. Ямартай ч дээрх хүмүүсийг шалгаж эхэлснээр анхан болон давж заалдах шат, дээд шүүхэд тус бүр хоёр хүний орон тоо гарч, Ерөнхийлөгч өөрийн хүнээ томилно гэх яриа хэдийн гарчээ.

Ж.ОЮУНТУНГАЛАГ: ЗАЛУУ ХУУЛЬЧДЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ, ЗҮРХИЙГ НЬ БҮҮ ҮХҮҮЛЭЭЧ

Хуульчдын өдөр өчигдөр тохиов. Энэ өдөр Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч, хуульч Ж.Оюунтунгалаг мэдээлэл хийлээ. Тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааныг даргалсан юм байна.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчээр 2012 оноос ажилласан. Өнгөрсөн сарын 7-нд Ерөнхийлөгч намайг ерөнхий шүүгчээр улируулан томилох зарлиг гаргасан. Өнгөрсөн долоо хоногт мөн адил Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхийг минь түдгэлзүүллээ. Би 1978 онд төрсөн. 1995 онд элсэлтийн ерөнхий шалгалт өгч, 800 гаруй хүүхдээс эхний аравт багтаж, МУИС-ийн эрх зүйн ангид элссэн. Нэг жил суралцаад ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцах хөтөлбөрт шалгалт өгч тэнцсэн. Улмаар тус улсын Техникийн их сургуулийн хуулийн ангид суралцаж, улаан дипломтой төгссөн. 2001 онд төрийн албаны болон англи, орос хэлний шалгалт өгч нэгдүгээр байр эзэлснээр ХЗДХЯ-нд ажиллах болсон юм.

2005-2010 онд Японы Нагоягийн их сургуульд шалгалт өгч тэнцээд хууль зүйн ухааны магистр, докторын зэрэг хамгаалсан. Төгсөж ирээд сурсан мэдсэнээ эх орондоо зориулна гэсэн итгэл үнэмшлээр дахин ХЗДХЯ-нд ажилласан. Хууль зүйн сургуулиудад иргэний эрх зүйн чиглэлээр хичээл заадаг байсан. Ард түмэн Монгол Улсад арын хаалгагүй бол ажил урагшилдаггүйг олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Гэхдээ би сургуульд, ажилд орохдоо арын хаалга, танил талын сүлжээ ашиглаж байсангүй. Монгол Улсад хүний эрхийг дээдэлдэг, үнэнч шударгаар ажиллаж, амьдарч болдог гэж итгэж ирсэн. Өнөөдөр ийм зүйлд нэр холбогдсондоо гайхаж байна. 2012-2019 онд ажиллахдаа хууль бус зүйлд нэр холбогдоогүй. Надаас шалгалт авсан багш, хамт ажиллаж байсан хүмүүс, хичээл заалгасан оюутнууд, шүүхээр хэргээ шийдүүлж байсан иргэд, өмгөөлөгч нар энэ бүгдийг батлах болов уу. Шударга байдал минь далайд дусал нэмэр гэдэг шиг шүүх засаглалд оруулж буй өчүүхэн хувь нэмэр гэж бодож ажилладаг.

-Ямар шалтгаанаар шүүгчийн эрхийг тань түдгэлзүүлснийг мэдсэн үү?

-Өмнө нь шийдсэн хэрэгтэй холбогдуулж шалгаагүй гэж ойлгож явсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс өөр мэдэх зүйл алга. Эрх бүхий хүмүүсийн мэдэгдэл болон хэвлэлээр гарсан мэдээлэлд авлига, хээл хахууль авсан гэж дурдсан байсан. АТГ-аас гэрчийн мэдүүлэг авахдаа Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбогдуулж асуусан. Өнгөрсөн баасан гаргийн 18.00 цагаас хойш дуудаж мэдүүлэг авлаа. АТГ-ын комиссарууд "Салхитын мөнгөний ордтой холбоотой юу, чамд нөлөөлсөн хүн байгаа юу” гэх мэт цөөн асуулт тавьсан. Хэрэг маргааныг эцэслэн шийдээгүй учир дэлгэрэнгүй зүйл ярьж болохгүй нь.

-Гэрт чинь нэгжлэг хийсэн гэв үү?

-Өнгөрсөн баасан гарагт гэрт нэгжлэг хийсэн. Уг нь би эрх бүхий хүмүүст хүсэлт өгөхөөр бэлтгэсэн байсан. Гэтэл АТГ-ын комиссарууд "Гэрийн чинь гадаа ирчихсэн байна” гэсэн. "Би одоо АТГ-т очиж, өргөдөл өгнө” гэхэд ”Юу ч гэсэн гараад ир” гээд байсан. Хууль хяналтын байгууллагад ажилладаг учир тэднийг хүндэтгэж уулзсан. Улмаар прокурорын зөвшөөрөл үзүүлж, 18.00 цаг өнгөртөл гэрт нэгжлэг хийсэн. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газарт гаргасан хүсэлтээ ажлын цагт амжиж өгч чадаагүй. Зөвхөн гэрт нэгжлэг хийсэн комиссарт өгсөн. Өнөөдөр энэ боломжийг минь хязгаарлачихгүй бол бусад байгууллагад хүсэлтээ өгнө.

-Хүсэлтдээ юун тухай дурдсан юм бол?

-Би шүүгчийн тангараг, хувь хүний ёс зүйг чанд сахиж, шүүн таслан ажиллагаа явуулахдаа аливаа этгээдийн хууль бус нөлөөллөөс ангид байж ирсэн. Гэтэл зарлиг гарснаар авлига авсан, зөрчилтэй мэт ойлголт нийгэмд тархлаа. Тиймээс АТГ-т яаралтай шалгуулах хүсэлт гаргасан. Авлига аваагүй, үнэнч шударга хүний хувьд нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гаргаж байна.

-Шийдсэн хэрэгтэй нь холбогдуулан шүүгчийг шалгаж буй юм байна. Нөгөө хараат бус байдал нь алдагдчих юм биш үү?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Шүүгчийг шийдсэн хэрэгтэй нь холбогдуулан шалгаж болохгүй гэх заалт бий. Гэвч батлагдсан хууль тогтоомжийн талаар шүүгч хүн шүүмжилж болохгүй гэсэн ёс зүйн дүрэмтэй. Тэгэхээр шүүгчийн хувьд тэр хууль буруу, энэ нь зөв гэж ярих эрхгүй. Тухайн хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл, бусдын хэрэг маргаан шийдэхтэй холбоотойгоор дээд шатны байгууллагадаа мэдүүлж, Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандана гэх заалт бий. Манай улсын хууль, эрх зүйн байгууллага авлигад өртсөн, танил талын сүлжээ бүхий ашиг сонирхлын зөрчилтэй, хэрэг наймаалцдаг гэж үздэг бол энэ асуудлыг шийдэх нь зөв. Гэхдээ ингэж шийдвэрлэхдээ өөрийн хүч чадлаар явж буй миний үеийн залуусыг, энгийн ардын хүүхдийг хэлмэгдүүлж болохгүйг албан ёсоор хэлье. Үүнийг шалгах эрх зүйн орчин бүрдүүлж, зөв арга замаар ажиллах ёстой. Үнэнч шударгаар ажилладаг, хэний ч нөлөөнд автдаггүй, хууль бус үйл ажиллагаанд оролцдоггүй залуусыг хэлмэгдүүллээ. 

Өнгөрсөн гуравдугаар сард Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэх заалт тусгасан. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зорилго нь шүүх, хууль хяналтын байгууллага дахь авлига, зүй бус байдлыг арилгах зорилготой байсан болов уу. Гол нь энэ зорилгодоо хүрч чадаж байна уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Гадаад улс оронд ийм жишиг бий. Дийлдэхээ больсон үе удам дамжсан, авлига хээл хахуулийн сүлжээ, олон жил нүүрлэсэн бусармаг үйлдлийг таслахын тулд тусгай хууль гаргадаг. Шүүх хуулийн байгууллагад хахууль өгсөн иргэн өөрөө мэдээлсэн бол хариуцлагаас чөлөөлдөг тэр хуулиа баталчих л даа. Ийм хууль санаачлах эрх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бий. УИХ чуулганаа сунгасан гэсэн. Энэ хуулиа яаралтай батлаасай. Үнэхээр авлигын сүлжээтэй тэмцэх гэж байгаа бол хууль, эрх зүйн орчноо бүрдүүлж, тэмцэх хэрэгтэй. Ингэж байж хууль зүйн салбар, шүүх байгууллага цэвэршинэ. Шүүхэд итгэх ард түмний итгэлийг ч дээшлүүлнэ. Түүнээс биш гэмгүй яваа, залуу хуульчдыг хэлмэгдүүлж, зүрхийг нь үхүүлж болохгүй.

-Хэрэгт холбогдсон тухайгаа яаж мэдсэн бэ?

-Зургадугаар сарын 26-нд 23.00 цагийн орчим зурагтаар мэдээ үзээд мэдлээ. Ингээд пүрэв гарагт буюу 27-нд албан ёсны зарлиг авч, ажлаа хүлээлгэж өгөхөөр очсон. Баасан гаргаас ажилдаа очоогүй.

-2017 онд хэргийг хэрхэн шийдсэн юм бэ?

-Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ачаалал тогтмол нэмэгдэж ирсэн. 2012 онд 900 орчим хэрэг шийдсэн бол өнгөрсөн жилийн тоон мэдээнээс харахад манай танхим 2500 хэрэг шийдсэн байна. Үүний 1300 хэргийн хуралд би даргалж оролцсон. Ерөнхий шүүгч хэргийн гол ачааллыг үүрч, ажлыг хошуучилж хийх ёстой. 2017 онд 2200-гаад хэргийг давж заалдах шатны шүүх шийдсэн. Үүний 1100 орчимд нь оролцсон. Эдгээрийн нэг нь Салхитын мөнгөн ордны хэрэг. Шүүгчийн зөвлөгөөнөөр бүрэлдэхүүнд ямар шүүгч орох нь шийдэгддэг. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Дээд шүүхээс давж заалдах шатны магадлалыг буруу гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тогтоол гаргасан.

Д.Мягмаржаргал   

Эх сурвалж: Өнөөдөр сонин