|

Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон бараалхлаа

Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Элчин сайд Болтоны Монгол Улсад хийж буй айлчлал нь АНУ-аас хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл гэлээ. Мөн АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай байгуулсан компакт гэрээ хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй болохыг тэмдэглэв.

Ноён Элчин сайд Болтон энэ удаагийн айлчлал нь хоёр орны эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцох боломж хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт ажлын байрыг олноор нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой болохыг дурдаад, хуулийн төсөлд анхаарал хандуулж ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.

Ноён Элчин сайд Болтон хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, АНУ Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэг талаар ярилаа.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын хүрээнд санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа эрчим хүчний салбарын асуудлаар ярилцав.

Ч.Ариунболд