|

Бензиний үнэ буусан ч буцаад өснө

Он гарсаар 3,4,5 дугаар сард дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ болон түүхий тосны импортын тонн тутмын үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор АИ92 автобензин гурван удаа үнэ өсч литр тутамд 180-200 орчим төгрөгөөр ханш нэмэгдсэн.

Харин 2019 оны тавдугаар сарын сүүлээс хил үнэ буурсан тул зургадугаар сарын эхээр дизель түлшний жижиглэнгийн үнэ 45-50 орчим, АИ92 автобензин 45-50 орчим төгрөгөөр литр тутамд үнэ буурчээ.

Долоодугаар сард үнийн өсөлтийг буулгана гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлж байсан. Үүний  дагуу өчигдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх стандуудад АИ92 болон 95 автобензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурлаа.Орон нутагт үе шаттайгаар шатахууны үнийг бууруулах аж. Ингэснээр зургаа, долоодугаар сард АИ92 автобензиний үнэ 100-110 төгрөгөөр буурлаа.

Гэвч цаашид дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш өсөх хандлагатай байна. Учир нь, энэ сарын эхэнд ОПЕК-ийн  орнуудын хурал болсон. Тус хурлаар газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр гаргажээ.

Ингэхээр нийлүүлэлт багасаж, үнэ өсөх юм. Мэдээж энэ нь манайх шиг импортлогч улсад нөлөөлөх нь дамжиггүй ээ. Ингэхээр өнөөдөр шатахууны үнэ бууж байгаа ч, удалгүй эргээд л өсөх магадлалтайг илтгэж байгаа юм.

Мөн шатахууны үнийн өсөлттэй зайлсшгүй холбоотой нэг зүйл бол өргөн хэрэглээний бараа. Хөхүүл хүүхэд шиг дагаж өсдөг өргөн хэрэглээний бараа шатахууны үнэ буучихаад байхад хөхнөөсөө гарсан мэт аашилж байгааг эрх баригчид анхааралдаа хэзээ авах бол…

Ж.Ууган

Эх сурвалж: erennews.mn