|

Г.Батхүү агсны үхэл гэнэтийн учрал байсан уу, гэмт хэрэг болсон уу?

УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд гэнэтийн, золгүй байдлаар амиа алдсанаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Түүнийг өнгөрөгч тавдугаар сарын 17-ны оройн 19.20 цагийн орчимд Төрийн ордны нэгдүгээр давхарт (дээрээс унасан байдалтай) нас барсан байхыг нь олсон билээ.

Талийгаачийг хамгийн түрүүнд олсон гэх УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэрэг гарсны маргааш "УИХ-ын чуулган 18.00 цагт тарсны дараа хүмүүстэй уулзчихаад өрөөнөөсөө гартал хүн газар хэвтэж байсан. Төрийн ордон тусгай хамгаалалттай газар учраас харьяаллын дагуу эхлээд ТЕГ-т мэдэгдсэн. Дараа эмнэлгийн 103 ирж, нас барсан гэдгийг нь баталсны дараа нөхцөл байдлыг баримтжуулсан фото зураг авч цагдаагийн байгууллагад өгсөн. Шууд хараад Г.Батхүү агсныг байна гэж таниагүй. Талийгаачийн толгойны орчим нэлэнхийдээ цус болсон, хамар, амнаас нь цус гарсан байсан” хэмээн ярьсан.

Үүний дараа ЦЕГ-аас мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд,

"2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэгдүгээр давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтын дор хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Нийгмийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой буруу ташаа мэдээлэл гарч, олон нийтийг төөрөгдүүлж байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа учраас хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлөхгүй, талийгаачийн ар гэрийнхнийг нь хүндэтгэхийг хүсч байна" гэсэн билээ.

Мөн АН-аас талийгаачийн үхлийн шалтгааныг гаднын нөлөөтэй гэж үзэж буйгаа мэдэгдэж, хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд итгэлгүй байгаа тул Олон улсын парламентын холбоонд хандан тусламж хүсэх болсноо мэдээлсэн.  

Эл явдлаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Гэсэн ч цагдаагийн байгууллага хэргийг мухарлаж, өмнө тархсан "буруу ташаа” (өөрсдийнх нь хэлснээр) мэдээллийг залруулсангүй.

Хэрэг явдал болсноос хойш 11 хоногийн дараа буюу тавдугаар сарын 28-нд Шүүхийн шинжилгээний үндэсний төв шинжээчийн дүгнэлт гаргаж, урьдчилсан байдлаар талийгаачийг "өвчний улмаас нас бараагүй, өндрөөс унаснаас үүдсэн гэмтлийн улмаас нас барсан” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл цус харвах, зүрхний шигдээс болох гэх мэт эрүүл мэндээс шалтгаалсан гэнэтийн, зуурдын зүйл тохиогоогүй гэсэн үг.

Тэгэхээр нэг бол талийгаачийг хоёрдугаар давхрын гонхноос хэн нэг нь түлхсэн, эсвэл өөрөө үсэрсэн гэсэн үг. Учир нь Засгийн газрын хуралдааны танхимын үүдтэй залгадаг хоёрдугаар гонхноос хүн гэнэ сэргүй хальтраад, эсвэл хөл алдаад өөрөө уначих боломжгүй л дээ. Метр шахуу өндөртэй чулуун хашлагыг давуулж шидэх, эсвэл өөрөө авирч гарах хэрэгтэй болно.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хамгийн сүүлд сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ "Талийгаачийн үхэлд гаднын нөлөө байхгүй. Цагдаагийн байгууллага ажлаа хийгээд дууссан. Удахгүй хэргээ боогоод нийтэд мэдээлэх байх. Би хэргийн материалтай танилцах эрхгүй учраас үүнээс илүүг хэлэх боломжгүй. Харин та нар талийгаачийн ар гэрийнхнийг бодоод янз бүрийн батлагдаагүй мэдээлэл битгий цацаад бай. Хүний зовлонгоор улс төр битгий хийгээд бай” гэх мэтээр зандраад өнгөрсөн билээ. Үүнээс хойш дахиад сар гарны хугацаа өнгөрчихлөө. Харин "өнөө маргаашгүй нийтэд мэдээлнэ” гэсэн цагдаагийн байгууллага хэргийн шалгалтын үр дүнг мэдээлсэнгүй.

Уг нь бол хоёр сар гаруй шалгасных гэнэтийн учрал тохиолоор амиа алдав уу, гэмт хэргийн золиос болов уу? гэдгийг ялгаж салгаад, нэг мөр хэлчих хэрэгтэй юм. Гэмт хэргийн шинжтэй байгаад хэрэгтнийг илрүүлж чадаагүй байгаа бол тэрийгээ ч гэсэн хэлэх хэрэгтэй л дээ. Түүнээс биш дээрээс ямар "бошго” үзүүлэхийг хүлээгээд тэнгэр хараад суугаад байж болохгүй л дээ, цагдаагийн байгууллага. Ядаж л Хууль зүйн сайд нэг удаа ам нээснийх хэлсэн үгээ гүйцээх хэрэгтэй шүү дээ. Өөрт нь хамааралгүй юм бүхэнд оролцох мөртлөө өөрөөс нь шалтгаалах юухан хээхэнд ч хуруу хүргэдэггүй нэг сүрхий "цагаан гартай" нөхөр байна.

Одоо бүр гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх ажил нь Хууль зүйн сайдын биш, Хэрэг эрхлэх газрын даргын, УИХ-ын гишүүдийн ажил болсон. Эрдэнэтийн 49 хувийн "хулгайг” Л.Оюун-Эрдэнэ, С.Зориг агсны хэргийг Ж.Батзандан "шалгаж” байна. Хууль зүйн сайд л ганцаараа хийх ажил алга. Явж явж улсын наадамд түрүүлсэн бөхөд цол олгох нь салбарын сайдын чиг үүрэг юм биш үү? Цагдаагийн байгууллага ажлаа хэрхэн хийх нь харин Ц.Нямдорж сайдад падлий ч үгүй юм байна.

Б.Сэмүүн 

Эх сурвалж:inews.mn

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу