|

"Биеийн бөх" шүтдэгээ эргэж нэг харцгаая

Бөхийн нас нэгэн үе ч, эрдмийн нас нэн урт билээ

"Монгол бол бөхийн орон”, "Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”... бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина.

Тэр үнээн, монгол бол яахын аргагүй бөхийн орон. Захын монгол залуу л хормойгоо шуугаад босоод ирэхэд, ачих тонгорхоос эхлээд адгийн нохой мордох (Нохой мордох нь тийм ч уран сайхан мэхэнд тооцогддоггүй) хүртэл арван гурван мэхтэй. Монголчууд ясны барилдаанч, төрөлхийн авьяастай, дөрвөн мөч, сээр нуруундаа тэгшхэн бяртай. Сэтгэлгээ нь хүртэл олон хувилбартай, дасан зохицох, шинэ боломж, гарц эрж хайхдаа гаргуун. Нүүдэлчдийн онцлог. Тиймээс ч сая хүрэхгүй цөөн монгол XIII зуунд дэлхийг дагуулахад, эр тоотой бүхэн нь эрэлхэг баатар, хүчирхэг нударга болж явсан биз. Дурын арван монгол залууг мөн дурын арван шар, эсвэл арван хартай халз барилдуулбал эргэлзээгүй монгол залуус тоглоод л хаячихна. 

Хамгийн олон бөх нэгэн зэрэг гарч барилддаг орон бол Монгол. Улсын наадмаар суманд доод зах нь 32 бөх, аймагт 128 бөх барилдана. 333 сум, 20 аймаг, хот, тэгээд нийслэлд барилдаж буй бөхийнхөө тоог нийлүүлбэл, тэр өдрүүдэд улсын хэмжээнд тоот бөхийн тоонд орж, торгон зодогны сэнжигнээс дугтарсан бөхчүүдийн тоо наад зах нь 14 000 хүрнэ. Бөхийн төрлөөр олимп, дэлхий, тивийн тэмцээнээс авсан медалийг нь хүн амынх нь тоотой харьцуулсан үзүүлэлтээрээ монголчууд бидтэй хэн эгнэх вэ, дэлхийд тасархай манлайлна. Цөөхөн хэдэн монгол залуус Арлын орны нэгэн бахархал, үндэсний спортыг нь ээлж дараагүй хаанчилж байна. Цаашид ч үргэлжлэх шинжтэй. Хэрвээ монгол залуусыг байнгын эрчимтэй бэлтгэл, хатуу дэг журам дор байлгавал ямар хүчирхэг болдгийн жишээ нь тэд.

Хүү төрвөл "Бөх болоорой” л гэж ерөөнө, бэлгэшээнэ. Бөхийн үнэлэмж хэр өндөр буйг илтгэнэ. Бөх хүн бол гүндүүгүй дөлгөөн зан, уужуу ухаан саруул, энэрэлт зөөлөн сэтгэл, тэгээд мэдээж хэрэг хүч чадалтай, самбаа зоригтой. Эр хүний бахдал болсон дүр төрх. 

Дэлхий дээрх хамгийн олон бөхийн хөшөөтэй ард түмэн бол монгол. Намхай, Буур аваргуудаас эхлээд л хэдэн арван арслан, заан, аваргуудын хөшөө монгол нутгийн өнцөг булан бүрд бий. Захын улсын начин нь хүртэл арга ядахдаа л нэг цээж барималтай. Казахууд аугаа бөх Хажимухандаа, Оросууд Иван Поддубныйдаа, Иранчууд Тахтидаа, Эстонууд Алекстаа, Гүржүүд Апполон Старошвилидээ, Америкчууд Чемберстээ тэр бүр хөшөө босгосон юм болов уу даа, ингэхэд. 

Монголчуудын дунд хамгийн их түгээмэл байдаг, бас олноороо бахархан ярилцдаг домог, хуучийн сэдэв бол бөхчүүдтэй л холбоотой. Яриад яриад ханахгүй. Бөхтэй холбоотой зүйр сэцэн үгс, холбоо үг, ерөөл магтаал, оньсого таавар, ертөнцийн гурав хүртэл бий. Манай уран билигт зохиолчид бол хүчин билигт бөхчүүдийнхээ талаар ихийг бичсэн дээ. Бөхчүүдийн тухай хамгийн олон зохиол бүтээл гаргасан орныг шалгаруулбал бас л манайх үнэмлэхүй түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Бидний бөхдөө хандах хандлага онцгой. Түрүү бөхийнхөө хөлснөөс шударч аваад магнайдаа түрхэж буйг харсан малайз, эсвэл испани нөхөрт яаж ч тайлбарлаад юуг ч ойлгуулах боломжгүй. Бүдүүн бүдүүн нүцгэн нөхдүүд нэг нэгнээ түшээд унтаад ч байгаа юм шиг зогсож буйг эр эмгүй нийтээрээ хараад хөшчихийг гаднынхан яагаад ч ойлгохгүй.

Сум орон нутгийнхан нутгаасаа нэг начинтай болчих гэж ёстой хуйгаараа хөдөлнө. Нутгийн бизнесмэнүүд нь том том цүнхтэй мөнгө чирчихээд наадмын талбайгаар сэжигтэй эргэлдэж, нутгийн улс төрчид нь тасархай тактик боловсруулж, ард олон нь аягатай цайгаа ч өрөмтөхийг анзаарахгүй, гарт таарсан даавуу шаавууны өөдсийг хүртэл сэтгэл догдлон мушгилна. Тэгээд нутгаас нь цолтой бөх төрчихвөл хотлоороо цэнгэлийн манлайд ёстой нэг хэдэн өдөр, сараар умбана даа. 

Нутгаас төрсөн улсын цолтондоо хийх хөрөнгө оруулалт гэдэг чинь өнтэй жилийн хур шиг л бууна. Хэдэн арван саяын жийпээс эхлээд, арга ядсан арванхан төлөгтэй эр хүртэл нэг төлгөө харамнахгүй тэврээд ирнэ. Гэтэл олон улсын хэмжээний нээлт хийчихсэн нөхөр аргаа барж, яах учраа олохгүй Солонгосуудад өнөөхөө патент болгож зарахдаа тулчихаад гүйж явах. Эмгэнэл гэх үү, тэнэглэл гэх үү? 

Яахав, хааяа жудаггүй зарим нь түмэн олныхоо тэр сайхан өргөмж сэтгэлийн өр рүү өшиглөж байгаа нь харагддаг л юм. Эр бярдаа эрэлхэж, зодоон цохион хийнэ, балмад танхай авирлана. Ялангуяа 90-ээд онд манай цолтой бөхчүүд бараг толгой дараалан хятад спирт зөөцгөөсөн дөө. Хөөрхий хөөрсөн монгол эрс "Манай арслан ч аугаа арслан шүү дээ” гэлцсээр, тэр арслангийнхаа хуулийн дээгүүр, хил, гаалийн дээгүүр оруулж ирсэн хятад спиртийг нь уугаад элэг нь харлан олноороо үхэцгээж байв. Гэсэн ч монголчуудын маань бөхөө хайрлах, дээдлэх сэтгэлийн уудам зайд тэдний тэрхүү түр зуурын хар наймаа, хор спирт огтхон ч толбо суулгаагүй билээ. Нөгөөдүүл ч нь ард түмнийхээ хайрыг нь эрээлж бараалахгүй авах атлаа эргүүлээд спирт архийг хайр найргүй хулгайгаар зөөж, элгийг нь сорж, энх амьдралыг нь сүйтгэхэд "хувь нэмрээ” харамгүй зориулахдаа сэтгэл нь өчүүхэн ч төвдөхгүй. Үндэснийхээ өв соёл, сэтгэлгээнд гялтайх сайн сайхан дусаах нь бүү хэл эр чадалдаа эрдсэн эрээгүй бүдүүлэг, эрдэмгүй ёсзүйгээрээ магнайлах нь ч байна. Гэвч бид түүнийг үл хайхарна, бөхөө дээдэлсээр, хайрласаар, тэднийгээ харсаар л байгаа. 

Гэхдээ бас эргэж харах, эргэцүүлж бодох, эмзэглэх зүйл байна аа, байна. Монголчууд бид бөхийн орон мөн ч бас оюун ухаан, эрдэм мэдлэгийг ч дээдэлдэг, гэхдээ бүр эрхмээс эрхэмд тооцдог ард түмэн биш сэн бил үү. Гэтэл ер нь л тийм биш шиг харагдаад байх аж, сүүлийн үед. Бүсээ хөөргөөд бүсэлчихсэн таадгар залуу "Би ч тэр начинтай нутаг нэг шүү дээ” хэмээн шилээ шөргөөнө. Харин тэр эрдэмтний, тэр бүтээлчийн нутаг гэж хэлдэг хүнтэй нэн ховор таарна.

"Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгээр хэдэн аваргууд маань бараг толгой дараалан гарах шив. Гэтэл хэдэн эрдэмтэн, мэргэд, номын оройд ойртсон хүн энэ нэвтрүүлэгт оров. Миний анзаарснаар л лав бөхчүүдээсээ төдий олон болж шальсангүй. 

Увсынхан бөхөөрөө алдартай. Увс л гэхээр нүдэнд өөрийн эрхгүй хүдэр хүдэр хүрэн чийрэг залуус харагдах болж. Гэхдээ Увсаас бөхийн аваргаас гадна бас ухаан, сэтгэлийн, эрдэм мэдлэгийн аваргууд төрдөггүй хэрэг үү?

Дорноговийнхон маань Равжаа хутагтаараа бахархана. Гэхдээ тэр бахархал дунд бас согог байх шиг. Равжаа хутагтыг зөвхөн шашны хүн, хутагт гэдэг утгаар нь хүндлэх хүндлэл дийлэнхдээ. Тиймээс тэр бахархал нь үнэн хэрэг дээрээ мухар сүжиг бишрэлтэй илүү ихээр холбогдоно. Уг нь миний ойлгодгоор Равжаа хутагт бол шашны хүн гэхээс илүүгээр номонд нэвтэрсэн их соён гэгээрүүлэгч, их сэтгэгч, бясалгагч, их яруу найрагч хүн билээ. Хэрвээ шашны хутагт байгаагүй сэн бол тэр их хүмүүний бүх бүтээл зохиол, соён гэгээрлийг нь Монгол орон даяар байтугай Дорноговийнхон маань ч ер анзаарах шинжгүй ээ. 

Төв аймгийн Лүнгээр дайраад гарахад Хадаа аваргын нутгаар явж байна аа гэлцэнэ. Эрдэнэсант ороход Мөөеө аваргын нутагт ирж байна гэж хөөрнө. Цаашлаад Өвөрхангайн Гарьдын хад өнгөрөөд орхихоор Цэрэнтогтох аваргынхаа нутгаа гэж мэднэ. Оюун билэгтэй, эрдэм мэдлэгтэй хүмүүс энэ нутагт гэтэл бишгүй л байгаа шүү дээ. Түүнийг нь бид мэддэггүй, бид бүү хэл нутгийнхан нь ч мэддэггүй. Бөхчүүдээ л ярина, мэднэ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд очиход "Улсын арслан Ц.Содномдоржийн нутагт тавтай морилно уу?” гэсэн бичиг бүхий томоос том самбар угтана. Сайхан л юм. Гэхдээ "За сайхан бөхтэй нутаг юм. Харин оюуны салбарт ер гялтайх юм байдаг болов уу?” гэж эрхгүй бодогдох.Чухам эндээс л сөхөж буй сэдвийн минь гогцоо гарч ирж буй юм. 

АНУ-ын Миссисипи мөрнийг Ханнибалын гүүрээр гатлангуут "Та Марк Твений нутагт тавтай морил" гэсэн бичиг тосдог. Захын шатахуун түгээгүүрийн газраас асуухад Марк Твенийхээ гэр музей, Том Соейрийн овоохойг заагаад өгнө. Твений хурц хошигнолыг хэлнэ. Чикагогийн Оак Парк дахь Хемингуэйн гэр музейд ажлын өдрөөр л хөл тасардаггүй юм билээ. Нью-Йоркийн Бродвейн гудамжин дахь нэгэн жижигхэн цайны газарт О' Хенрийн ширээн дээр сууж буй баримал бий. Тэнд сууж өгүүллээ бичдэг байсан гэдэг. Цайны газрын эздийн гол пиар нь тэр. Одоо ч Хенрийн өгүүллэгийг уншдаг хэн бүхэн тэнд орж тухлан суугаад кофе уухыг эрмэлздэг. Өсвөр үеийнхэн маань бөхийн хөшөө харж өсөх, билиг оюуны хүмүүсийн хөшөө харж өсөх хоёрт ямар ялгаа, итгэл үнэмшил, хандлага төлөвших бол? Монгол орон даяар буй хөшөөний хэдэн хувь нь бөхийнх, хэдэн хувь нь эрдэм оюуных бол? Бөхийн хөшөөгүй аймаг гэж бараг үгүй л болов уу? Хүлэг морины хөшөө ч олон. Харин эрдэмтэн мэргэддээ хөшөө босгосон нь хэд бол? Юутай ч Мөрөнгийн төвд хэдэн аваргуудынхаа хөшөөнөөс гадна Ширэндэв гуайн хөшөө боссон байна билээ. Хөгжсөн улс орнуудыг харахад эх орончид, түүхэн их зүтгэлтнүүдээс гадна билэг оюуны мэргэддээ голчлон хөшөө дурсгал босгодог. Учир нь үндэстний хөгжлийнх нь тулгуур учраас тэр юм. 

Энд би бөх мориндоо хөшөө огт босгож болохгүй гэж хэлж буй хэрэг биш, харин аливаад эрэмбэ, дэв гэж байдаг биш билүү гэдэгт эргэлзээд байгаа юм. 

"Бие бөх болбоос нэгэн үе баатарлая юу, 

Сэтгэл бөх болбоос түмэн үе баатарлая юу”

Энэ үгийг монгол түмэн өөрсдөө хэлсэн билээ. Энд өгүүлж буй "Бөх” нь "Эрдэм” гэсэн бас нэг утгыг давхар илэрхийлж буй. Өөрөөр хэлбэл биеийн эрдэм бол бөх юм. Харин сэтгэлийн эрдэм бол энэрэл, нигүүлсэл болно. 

Биеийн эрдмийн дээр бас мэдлэгийн эрдэм гэж байна. Мэдлэгийг хүн зөгий бал хураах мэт бага багаар их хүч хөдөлмөрөөр цуглуулан хураах амуй. Гэтэл мэдлэгийн эрдэм хангалттай биш. Хурааж цуглуулсан мэдлэг боловсролоо ухааран таньж, үр ашигтай хэрэглэж эс чадваас мэдлэг байгаад нэмэргүй. Тиймээс ухааны эрдмийг мэдлэгийн эрдмээс эрхэмд үзжээ. Гэсэн хэдий ч түүнээс илүү дээд эрдэм гэж бас буй бөлгөө. Тэр бол сэтгэлийн эрдэм. Хичнээн их эрдэм мэдлэгтэй ч, эр бяртай ч сэтгэлд нинж үүсэж, өршөөн нигүүлсэж эс чадваас орчлонг оноон барьж эс чадна. Тиймээс сэтгэлийн эрдмийг бүхнээс эрхэмд үзэж ирсэн байдаг. Тийм сэтгэлийн эрдмийг олсон хүн түмэн үеийг араасаа дагуулах билээ. Бурхан багш Шагжамунийг тийм хэмээнэ. 

Дээрх үгэнд зөвхөн дээд эрдэм болох Сэтгэлийн эрдмийг эхлэл эрдэм болох биеийн бөхтэй шууд харьцуулан илэрхийлсэн нь улам утга төгөлдөр болгоно.

Ийн сэтгэлийн эрдмийг хамгийн эрхэмд үзсэн нь монголчууд бидний сэтгэлгээ ямар чанд холын хязгаарт хүрснийг илэрхийлнэ. Гэтэл өнөөдрийн бидний байр байдал эхлэл эрдэм болох "Биеийн бөх” дээрээ гацчихаад байна. Бөхөө дээдлэлгүй яахав, хүндэлгүй яахав. Бидний соёл, зан заншлийн, сэтгэлгээний нэг салшгүй нандин хэсэг нь монгол үндэсний бөх, түүнтэй холбоотой зүйлс билээ. Гэхдээ, зөвхөн биеийн хар хүчин чадлыг л өргөмжлөн дээдлээд байвал тэгээд бүдүүлэг биет болох шат руугаа гулсаж байгаа нь тэр дээ. 

Яагаад ийн дүгнэж буй хэмээвээс өнөө цагийн бид чинь оюун билгээс илүүгээр биеийн хүч чадлыг, бэлийн зузаан нимгэнийг эрхэмлэх нь илүү анзаарагдах. Эргэлзээд буй бол аль нэгэн суманд очоод таарсан залуусаасаа "Танай сумаас төрсөн алдартан хэн бэ?” гэж асуугаад үзээрэй. Хамгийн түрүүнд бөхөө л хэлнэ. Ямар ч эргэлзээгүйгээр 10 хүний 8 нь шүү. Аваргатай нь аваргаа, арслантай нь арслангаа нэрлэнэ. Үнэхээр аль сумаас нь үл хамааран Улсынхаа арсланг мэдэхгүй монгол орон гэж үгүй. Бараг сум бүхэн ядаж нэг улсын начинтай. Аварга, арслан, заангүй бол начингаа л "Манай алдартан” гэнэ. Бөхийн дараа уяачид, бизнесмэнүүдээ дурдаж байна. "Манай нөгөө алдарт уяачийн хүрэн халзан, яагаав...” гээд л явж өгнө. "Манай сумын бизнесмэн тэр чинь ёстой хөлгүй баян байхгүй юу? Түрүү жил манай сумын тэр гэрт нь очсон. Бие засах гэж босоод найман өрөөн дунд нь төөрчихөөд сандарсан гэсэн. Гэр нь зүгээр л музей музей, эрүү нь унжчихаад эргэж хамхигдахгүй хэцүүдсэн гэж байгаа юм” гэх мэтээр бахархангуй ярина. Тэдний ард зөгнөлт зохиолчид ч атаархмаар сайхан амлаж чаддаг улс төрчид, бас дуучид ч зүй ёсоор байраа эзэлнэ. Хааяа нэг яруу найрагчдаа хэлнэ. Болор цомтой бол гарцаагүй.

"Хиймэл оюун ухааны салбарт дэлхийн хэмжээний шинэ нээлт гаргасан нөгөө Тэр чинь танай сум байхаа?”, эсвэл "Физикийн тэр” гэх мэтийг асуувал хэнд хамаатай юм гэсэн байртай өмнөөс гайхаж харна. Их сайндаа л "Аа тийм, нэг тийм нөхөр дуулддаг. Багадаа нусаа чирсэн л юм байсан юм гэнэ билээ” гэх мэт. Хөдөлмөрийн салбарын алдартнуудыг бол бүр таг мартсан. 

Монгол бөхийн ертөнц нь монгол түмний маань өв соёл, үнэт зүйлсийн нэгэн тулгуур гарцаагүй мөн. Гэхдээ энэ нь бөхөө нүдэн балай, чихэн сохор шүт гэсэн үг бас биш юм шүү. Хэрвээ бөхийн маань ертөнцөд алдаа эндэл, буруу зөрүү буй бол хэлж ярьж, тэр нандин сайхан өвөө цэвэр ариунаар нь байлгахыг эрхэмлэх нь зүйн хэрэг юм. Тэгээд ч энд зөвхөн бөхчүүдтэй холбоотой асуудлыг хөндсөнгүй. Харин Үндэсний оюун сэтгэлгээний үнэлэмж, хүндлэл бол зөвхөн ганцхан бөх биш юм шүү, эхлэл эрдэм болох бөхийнхөө эрдмээс арай дээшлээсэй гэж л хүссэн юм. 

Биеийн бөхөөр нэгийг, харин эрдмийн бөхөөр мянгыг ялдаг, сэтгэлийн бөхөөр түмэн үеийг дагуулж чаддагийг таньж чадсан өвөг дээдсийнхээ ухааныг эргэж харая. Биеийн бөхөө төдийгүй бас билиг оюунаа ч эрхэмлэе. Оюун санааны хөгжлөөс ангидаар хувь хүний хөгжлийг ойлгох боломжгүй, хувь хүний хөгжлөөс ангидаар улс орны хөгжлийг ч төсөөлөх боломжгүй. Зөвхөн биеийн бөх шүтээд байх аваас тэгээд гулсах замдаа л орж буй хэрэг дээ. 

Б.Номинчимэд

Эх сурвалж: sonin.mn

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу