|

Үндсэн хууль хүн бүхэнд таалагддаг доллар шиг байх ёстой

Монголчууд аймаар дургүйцэж байна. Нэг хэсэг асуудлын хэчнээн чухлыг сайн ойлгохгүй байсан учраас таг дүлий, ор хэлгий мэт байсан хэрэг. Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар яг одоо улстөрчид хаана хаанаа хориглолтод орж, бие биенээ цэнэн үндсэндээ хэлэлцүүлэг хэсэг гацаанд орох төлөвтэй болоод явчихлаа. Тэр тусмаа эрх баригч МАН-ынхан парламент дахь гишүүдийнхээ тооны давамгайгаар өөрсдийн хүссэн өөрчлөлтүүдээ шууд хийгээд явчихна гэж тооцоолсон нь тийм зоргоор, амар зүйл биш байсныг одоо л ойлгож эхэлж байх шиг. Тиймээс маш их бухимдаж, хоорондоо толхилцоод эхэллээ.

Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс үндсэн хуулиа зөрчин байж хэлэлцүүлэгт өөрийн төслийг оруулж ирснээр үндсэндээ УИХ дахь олонхын буюу төр, засгийн том эрх мэдэлд хүрсэн МАН-ын шинэ удирдлагуудын мөрөөдөлд саад болчихлоо. Ирэх сонгуулиас өмнө амжиж үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэх гавьяаг өөрсдөдөө хамаатуулахыг тэд тэчьяадан хүссэн. Хэдийгээр хууль зөрчсөн ч Ерөнхийлөгчийн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх болсноор сая олон нийтийн анхаарал үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт чиглэсэн нь үнэн. Үндсэн хуульд энэ намрын чуулганаар амжиж өөрчлөлт хийнэ хэмээн итгэлтэй урагшлуулж байсан МАН-ын "махнаац”-ын хурд саарлаа.

Одоо ард түмэн ямар нэгэн улс төрийн нам, хэсэг бүлэгт тохирсон өөрчлөлт бус Монгол Улсын хөгжлийн хэтийг дор хаяж гуч, дөчин жилээр харсан өөрчлөлт хийх хэрэгтэйг, тэр тусмаа хүн нэг бүрийн оролцоо ямар чухал болохыг сэрж, мэдэрч, мэдэж эхэлсэн нь анзаарагдаж байна.

Энэ бол маш сайн өөрчлөлт. Та, бидэнд эрүүгийн ч юмуу, гол усны сав, голдирол, уул уурхайн ашиглалт, лицензтэй холбоотой гэх мэт өөр олон хууль, журам яг үнэндээ тийм ч чухал хамааралтай биш ээ! Энэ талаар илүү мэргэшсэн мэрэгжлийн хүмүүс нь эдгээр хуулийг боловсруулаад, батлаад, харин бид таалагдах эс таалагдахаасаа үл хамаарч дагаж мөрдөж болно. Гэтэл үндсэн хууль тийм биш юм.

Үндсэн хууль бол монгол хүн бүрийн төртэй хийх нийгмийн гэрээ нь юм. Хүн ажилд орох, наймаа бизнес хийхдээ байгуулдаг гэрээтэй яг адил гэсэн үг. Та ажил олгогчтойгоо маш сайн нөхцөл, өндөр цалин, хангамжтай хөдөлмөрийн гэрээ байгуулахын чухлыг ямагт ухаардаг шигээ үндсэн хуулийг ямагт өөрт таатай, ивээлтэй, үр өгөөж, ашигтай байлгахаар төртэй хэлэлцэж, тохиролцож байж батлан зөвшөөрөх учиртай гэрээ гэдгийг бас ухаарах хэрэгтэй. Энэ гэрээ тэгэхээр та бидний оролцоогүйгээр байгуулагдаж болохгүй гэсэн үг. Тэгэхээр бидний нийгмийн гэрээ үндсэн хууль маань ямар байхаас та бидний, Монгол Улсын амьдрал, хөгжил ирээдүй шууд хамаарах болно. Тиймээс Монгол Улсын үндсэн хууль монгол хүн бүрт таалагдаж, сэтгэлд нь нийцсэн байх ёстой.

ГИШҮҮДИЙН ТОО 99 БИШ 501 БАЙЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг УИХ-ын гишүүдийн тоо хэд байх вэ гэдгээс болж гацаад эхэлсэн. УИХ дахь МАН-ын бүлэг, Ерөнхийлөгч Х.Баттулгын хооронд мөн л 99, 108 гэсэн тодорхой тоон дээр хэсэг "хий эргэж” хугацаа бараад сая нэг 99 дээр тохиролцож байх шиг. Гэтэл ард түмэн эл тоонд хэрхэн санаа оноотой байгааг харгалзсангүй. Олон нийт таашаахгүй байгааг мэдэрч байгаа атлаа ийнхүү "хүчиндэж” байгаа бололтой.

Үндсэн хууль бол монгол хүн бүрийн төртэй хийх нийгмийн гэрээ юм

Яс юман дээр өнөөгийн 76 гишүүнд ёс суртахуун л ямагт дутагдаж байгаагаас биш монголын хүн амд цөөдөөд байна гэсэн гэнэн тайлбар, шалтгаан шал утгагүй, тэнэг сонсогдож байна. Монголын парламент 99 биш бүр 501 гишүүнтэй байж арай сонгодог бөгөөд шударга тал руугаа хандах байх. Үндсэн хуульд засвар, өөрчлөлт оруулах талаар зөвхөн өнөөдөр л яриад байгаа юм биш. Монгол Улс ардчилсан нийгмийн загварыг сонгож авснаас хойш 29 жил өнгөрсөн ч парламентынхаа засаглалыг илүү боловсронгуй болгож, тогтолцоогоо сайжруулахаар ямар ч алхам хийж байсангүй. Ямар ч ахиц дэвшил гаргаагүй. Энэ талаар гаргасан санал санаачилга бүрийг тухайн цаг үеийн парламент бүр олонхоороо унагаадаг байлаа. Парламент үнэндээ энэ бүх хугацаанд хатуухан хэлэхэд хулгайч, луйварчдын цугладаг газар болж хувирсан. Энэ бол миний үг биш гэдгийг онцлох байна. Өнөөдөр манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүд өөрсдөө хулгайч, луйварчид УИХ-д байгаа гэдгийг шууд хэлдэг болсон шүү дээ. Чухам ийм болохоор сонгуулиас сонгуульд ард түмний итгэл алдарсаар эцэстээ байгуулсан төрөө, өнөөгийн тогтолцоогоо үзэн яддаг болчихоод байна. Ийм нөхцөлд бүр 501 гишүүн байж болно гэж яагаад дурдав хэмээн хэн нэгэн надаас асууж болох юм. Хоёр жилийн өмнөх хэлэлцүүлэг дээр Монгол Улс хоёр танхимтай парламенттай болох эсэх сэдвээр улстөрч, эрдэмтэн, судлаач нар ярилцахдаа эл тоог гаргаж ирсэн юм.

Юутай ч дэлхийн хамгийн ардчилсан, өндөр хөгжилтэй гэгдэх улс орнууд хоёр танхимтай парламенттай байдаг гэдгийг хувь хүнийхээ хувьд сайн мэднэ. Монгол Улс ч АИХ, улсын бага хурал гэсэн бараг л хоёр танхимтай зарчмаар явж ирсэн уламжлал бий. Бүр Богд хаант Монгол Улс дээд, доод гэсэн хоёр хуралтай байж, төр, шашны хэргээ хөтлөн явуулдаг байлаа. 1992 онд үндсэн хууль шинээр батлах хүртэл манай улс бараг л бүх аймаг, сум, баг бүрээс жинхэнэ ард түмний шилдэг төлөөлөл болж сонгогдсон 430 депутат бүхий АИХ, тэрхүү 430 гишүүн бүхий АИХ дотроосоо шилэгдсэн 50 хүн бүхий байнгын ажиллагаатай улсын бага хурал нь хууль тогтоох мэргэшсэн ажлаа гарддаг байсан юм. Түүн шиг 501 гишүүн бүхий дээд танхим нь улсын төсвөө батлаад, онц шаардлага, нөхцөл байдал үүсээгүй үед жилдээ нэг чуулдаг, бусад үед орон нутагтаа ажилладаг, дээд танхимаасаа сонгосон 50 эс бөгөөс 99 гишүүнтэй доод танхимынхаа байнгын ажиллагаанд хяналт тавьдаг байж яагаад болохгүй билээ. Ийм байх аваас өнөөгийнх шиг бөх, дуучин , шүлэгч гэх мэт нөхдүүд хууль санаачилж батлах гэж мэдэхгүй сэдвээрээ хөгөө чирч, хөлсөө урсган, олны доог болж суухгүй шүү дээ. Ядаж л гишүүдийн төсөв, мөнгөтэй холбоотой ашиг сонирхол алга болох боломжтой. Парламентын сонгодог зарчим ийм атал яагаад манай эрх баригчид цааргалаад байдгийн учир өнөөгийн хулгайч, луйварчин эрх ашиг нь хөндөгдөх гээд байдагт оршдог юм.

УЛС ТӨРД ЭМЭГТЭЙЧҮҮД ГАДУУРХАГДААД БАЙНА УУ

Чухам л феминист царай гаргаж байгаад энэ сэдвээр арай ач холбогдол өгч бичих хэрэгтэй болж. Яагаад гэвэл, монголын нийгэмд тэр тусмаа улс төрд эмэгтэйчүүд арай л гадуурхагдаад байгаа нь анзаарагддаг ч, энэ талаар хөндөж, эрх ашгийг нь хамгаалсан, өмгөөлсөн дуу хоолой дутагтаад байх шиг санагддаг юм. Эмэгтэйчүүд өөрсдөө ч "дорно” царайлсан дуугүй, хүлцэнгүй төрх байдлыг үл хүлцэх болж, илт сэргэж байгаа нь сайн хэрэг. Сая үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьж буй төсөлд нь "...Монгол  Улсын Ерөнхийлөгчид 55 нас хүрсэн хүнийг зөвхөн нэг л бүрэн эрхийн хугацаагаар сонгоно...” гэсэн санал оруулж ирснээр нийгэмд нэлээд бухимдал үүсгэсэн. одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуулиар 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн зөвхөн парламентад суудалтай нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гэж хуульчилсан байдаг.

Басхүү Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа улиран сонгогдож болно. Гэтэл УИХ-аар хэлэлцэх үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр энэ боломжууд хязгаарлагдсан. Үнэндээ ч Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших насыг үндсэн хуульд 45 гэж заасан нь арай залуудаж байна гэж шүүмжлэгчид олон байдаг. Тиймээс шинэ төслөөр 55 нас хүрсэн хүн Ерөнхийлөгчөөр сонгогдон дөрөв биш зургаан жилийн бүрэн эрхээр ажиллаад шууд тэтгэвэртээ гарахаар болсон. Ингэсний сайн талыг төсөл санаачилсан ажлын хэсгийнхэн "Нэр дэвшигчийн насыг нэмж, бүрэн эрхийг зургаан жил болгосноор Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн одоогийнх шиг УИХ-ын нэг сонгуулийн хугацаанд ажиллахдаа дахин сонгогдохоо бодож өөрийн намдаа үйлчилдэг, улс төрждөг, илтээр улс төр хийдэг. Буусан хойноо дахин улс төрд орж ирэх гээд байдаг яалт ч үгүй сөрөг талуудыг хааж байгаа юм” гэж тайлбарласан.

• Хэдийгээр хууль зөрчсөн ч Ерөнхийлөгчийн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх болсноор сая олон нийтийн анхаарал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт чиглэсэн нь үнэн.

• Улсын амьдрал, хөгжил ирээдүй шууд хамаарах болно. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль монгол хүн бүрт таалагдаж, сэтгэлд нь нийцсэн байх ёстой.

• Ийм байх аваас өнөөгийнх шиг бөх, дуучин, шүлэгч гэх мэт нөхдүүд хууль санаачилж батлах гэж мэдэхгүй сэдвээрээ хөгөө чирч, хөлсөө урсган, олны доог болж суухгүй шүү дээ.

Нээрээ ч шууд тэтгэвэртээ гарах биологийн болон улс төрийн нас нь яагаа ч үгүй байгаа хүн эргээд улс төрд орох гэж зүтгэхээс яах билээ. Тэгээд ч эрх мэдлийн дээд оргилд байсан нэгэнд "томоотой жирийн иргэн” байж огтхон ч чаддаггүйн жишээ Н.Багабанди, Н.Энхбаяр нар байна. Ц.Элбэгдорж ч ялгаагүй улс төрд эргэж ирэхээ үе үе зарладаг. Иймд энэ өөрчлөлтийг олон нийт сайшаан дэмжихдээ нэг зүйлийг мартсан байсан юм. Юу гэвээс эмэгтэй хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох боломж бүрэн хаагдаж, эмэгтэйчүүдийг нэр дэвших эрхгүй болгочихсон байсан билээ. Учир нь 55 нас бол эмэгтэйчүүдийн хувьд хуулиар тэтгэвэртээ гардаг нас. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эмэгтэй хүнийг бараг л хүний тооноос хасаж, илт гадуурхан хавчсан төсөл оруулж ирсэн юм. Харин нийгмийн идэвхтэй эсэргүүцлийн үр дүнд үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад алдаагаа засаж, Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгыг 50 болгож, жендерийн тэгш байдлыг хангахаар болсон нь сайн хэрэг.

Энэ хандлага нь өөрөө манай нийгэмд эмэгтэйчүүд бараг л "мартагдсан дууль” болчихоод байгааг сануулсан явдал боллоо. Индра Ганди, Бенизер Бутто, Маргарет Тэччер, Ангела Меркель шиг ухаалаг, хүчирхэг эмэгтэйчүүд монголд яагаад байхгүй гэж. гарч ирж л таарна. Эцэст нь өгүүлэхэд үндсэн хуулийн хэлэлцүүлэгт ард түмэн анхаарч, алдаа оноог нь бултаараа шүүн тунгаах аваас Монгол Улс хүн бүхэнд таалагддаг доллар шиг үндсэн хуультай болж чадах билээ. Дашрамд дурдахад  Б.Клинтон 49 настайдаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр, Д.Медведев 42 настайдаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр, Тони Блэйр 44 насандаа Их Британийн Ерөнхий сайдаар, Ангела Меркель 51 насандаа ХБНГУ-ын Канцлераар тус тус сонгогдож байсныг сана. Харин австрийн Ерөнхий сайдаар 31 настайдаа Себистан Курц сонгогдсон дэлхийн хамгийн залуу удирдагчаар тодорч байлаа. Манайд ч гэсэн 45 настай хэдий ч улс орноо аваад явчих чадалтай мундаг залуучууд бий хэрнээ заавал 50 гэж насны хязгаар тавих болсон үндэслэл, гол шалтгааныг судлаачид монголын парламентын өнөөгийн загвараас болдог хэмээх юм билээ.

Ш.Даваадорж

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ