|

Хонконгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалжээ

Хонконгийн дотоод хэрэгт АНУ болон өөр бусад улс орны Засгийн газар хөндлөнгөөс оролцох нь "маш зохисгүй” үйлдэл юм гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мягмар гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн ням гарагт Хонконг дахь АНУ-ын Консулын газрын гадна олон мянган хүн жагсаж, хотыг "чөлөөлөх”-ийг АНУ-ын Ерөнхийлөгчөөс хүсжээ. АНУ-ын төрийн далбаа болон уриа лоозонгууд барьсан жагсагчид олон улсын дэмжлэг хүсэн Хонконгийн төвийн "Chater" цэцэрлэгт хүрээлэнгээс АНУ-ын Консулын газрын байр хүртэл жагссан байна.

Хонконгийн засаг захиргааны тэргүүн өчигдөр мэдэгдэхдээ, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсийн дотоод хэрэгт Вашингтон эсвэл өөр бусад улс орны засаг захиргаа хөндлөнгөөс оролцохыг "огт байж боломгүй” үйлдэл хэмээгээд, гадаадын парламентууд манай дотоод хэрэгт хууль тогтоомжоор дамжуулан оролцож буйг Хонконгийн засаг захиргаа эрс эсэргүүцэж, гүнээ харамсаж байна гэжээ.

Хонконгт олон сар үргэлжилсэн жагсаал цуглаан үүсгэсэн "Сэжигтнийг шилжүүлэх өгөх тухай хуулийн төсөл”-ийг албан ёсоор эргүүлэн татна гэж К.Лам өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн боловч жагсагчид уг шийдвэрийг хангалтгүй хийгээд оройтсон хэмээн үзэж байгаа ажээ.

Э.Хулан