|

Aлбан тушаал амлаж дэнчин авах хуулийн гаргалгаа байхгүй

Aлбан тушаал амлаж дэнчин авах хуулийн гаргалгаа байхгүй

 

ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМД ТӨРӨӨС ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙН ДЭМЖЛЭГИЙГ СОНГУУЛИАР АВСАН САНАЛ БҮРИЙГ НЬ 1000 ТӨГРӨГӨӨР ТООЦОЖ ДӨРВӨН ЖИЛД НЭГ УДАА, УИХ-ЫН ГИШҮҮНИЙ СУУДЛЫГ НЬ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ЖИЛ ТУТАМ "МЯЛААДАГ”. МАН 2016 ОНЫ СОНГУУЛИАР АВСАН 569.5 МЯНГАН САНАЛДАА 569.5 САЯ ТӨГРӨГ ХҮРТСЭН БОЛ АН 62.3, МАХН 4.2 САЯЫГ АВЧЭЭ. МӨН ГИШҮҮНИЙ МӨНГӨ ГЭЖ ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД МАН 2.5 ТЭРБУМ, АН 340 САЯ, МАХН 40 САЯ ТӨГРӨГ АВАХ ЮМ.

Хэдхэн хоногийн өмнө шүүхээс төрийн эрхийг хууль бусаар авах зорилготой хуйвалдаан зохиосон гэх үндэслэлээр Ц.Сандуй, С.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноосон. 2014 оноос эхтэй энэ үйл явдлын гол буруутгал нь төрийн албыг үнэлж, зарахыг оролдсон гэх тодотголтой. М.Энхболдыг ч яг энэ үндэслэлээр УИХ-ын даргын албан тушаалаас огцруулж, эрх баригчдын хоёрдугаар ээлж "хоолондоо” орсон түүх хуучраагүй байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮБХ УИХ-ын гишүүнд нэр дэвших эрхийг 100 сая төгрөгөөр үнэлэн, буцаан олгохгүй нөхцөлтэйгөөр дэнчин хэлбэрээр цуглуулах шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Мөн мөнгө өгсөн хүмүүсийг албан тушаал олгох жагсаалтад бүртгэх гэнэ. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн "ханш” 50 сая төгрөг байсан бол өдгөө хоёр дахин нэмэгдээд байгаа нь энэ. МАН-ынхан ч АН-аас ялгаагүй нэр дэвшигчээс мөнгө хурааж сонгуулийн санхүүжилтэд зарцуулж ирсэн нь нууц биш. Энэ өдрүүдэд ч нэг тойргийн үнэлгээг хэдээр тогтоохоо судалж суугаа. АН нэр дэвшигчийн ханшийг 100 сая төгрөгт хүргэсэн учраас МАН ч хүчний давуугаа хадгалахын тулд "ёсыг дагах” нь лавтай. Сайдын суудлыг мөнгөөр зарж, албан тушаалын наймаанд шан татсан арвин туршлагатай намын хувьд энэ тал дээр АН-аас илүү гарна уу гэхээс дутахгүй. Жижиг намуудын хувьд энэ дүнд хүрэхгүй ч "хөнжлийнхөө” хэрд таарсан мөнгөн дүн хэлэхээр бэлтгэн суугаа биз. Албан тушаалын "наймаа”, нэр дэвшигчийн ханш ийм тодорхой байхад хэн нь хэнийгээ хэлж, "хэрээ хэрээнийхээ харыг гайхах” вэ. Монголын улс төр, төрийг сонгох процесст бугшсан энэ үйлдэл яах аргагүй төрийн өндөр албан тушаалын "урьдчилсан төлбөр” болж харагдаад байна. Шулуухан хэлэхэд төрийн албыг үнэлэн зарж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэмт хэрэг биз дээ. УИХ-ын 76 тойрог, Засгийн газрын 16 суудал, 13 дэд сайд, 29 агентлагийн дарга, цаашилбал, УИХ-аас томилдог байгууллагын удирдлага гээд улс төрийн томилгоо хийдэг олон албан тушаалыг дэнчинд тавьж, үнэлэн зарж байгаа нь Ц.Сандуй нарын холбогдсон гэмт хэргээс юуны ялгаа. АН-ын ҮБХ сонгуульд ялсан тохиолдолд дэнчингийн мөнгө өгсөн хүмүүсийг хамгийн түрүүнд албан тушаалд томилохоо ил цагаан зарлалаа. Үүнийг дээрх албан тушаалын аль нэгэнд горилж байгаа бол мөнгөө урьдчилаад өгчих өө, бид төрийн эрхийг мөнгөөр авъя гэсэн санаа биш гэх үү. Намын санхүүжилтийг дэнчингийн мөнгөөр бүрдүүлэхийг хязгаарласан байтал ийм улаан цагаандаа гарсан явдлыг хүлээн зөвшөөрөх гэж үү. Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд намд зөвхөн хандив өгөхийг зөвшөөрснөөс дэнчинболон бусад байдлаар мөнгө бэлэглэхийг зөвшөөрөөгүй. Тэр дундаа ашиг сонирхол дагуулсан мөнгө өгөх бүр ч хориотой. Улс төрийн намын тухай хуульд намын санхүүг гишүүний татвар, дэмжигч хуулийн этгээд, иргэний хандив, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, намын хэвлэл мэдээлэл, сурталчилгааны болон хөрөнгө зарж, түрээсэлсний орлого, намын мөнгийг банкинд хадгалуулсан хүү гэх зэрэг долоон төрлөөр бүрдүүлэхээр заасан байгаа. Энд дэнчингийн мөнгө хэлбэрээр санхүүжилт авах тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Нэр дэвших эрхийн 100 сая төгрөгийг хандив гэж тооцвол тус хуулийн 18.3-т "Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гээд бүр тодорхой тусгасан бий. Цаашилбал намдаа 100 сая төгрөг өгөх нь ч дээрх заалтаар хориотой юм. Мөн сонгуулийн тухай хуульд хамааруулах гэж байгаа бол тэнд ч дэнчингийн мөнгөний талаар үг, үсэг огт тусгаагүй. АН дөрвөн жил гудамжинд "өлссөнийг” ойлгож болох ч хуулийн эдгээр заалтын дээгүүр харайх нь арай хэтийдсэн хэрэг биш үү. МАН ч баярхалгүй тэдний араас нэр дэвших эрхийг мөнгөөр үнэлж "хам хэрэгтэн” болох магадлал өндөр. Тэдний булайг дурдаж, "далайг” хутгаж суухуйд намын санхүүжилтийг төрөөс даадаггүйд бурууг тохох өнгө аяс цухалзаж байна. Төрөөс харж үздэггүйгээс хойш санхүүжилтээ хууль зөрчин босгохоос яах вэ гэсэн тунирхал ч хууль бус үйлдлийн тайлбар болох янзтай. Дэлхий нийт төрөөс шууд дэмжлэг үзүүлснээр улс төрийн намаа хүчирхэг компаниудын "халааснаас” хамгаалж байгаа. Ардчилал өндөр хөгжсөн Япон, Герман, Испани, Их Британи, Франц, Канад, Итали, амьдрах хамгийн таатай нөхцөл бүрдүүлсэн Швед, Швейцар, Норвег, Дани зэрэг 65 оронд төрөөс намын санхүүжилтийг олгож байна. Манай улс ч энэ зүгт хэд хэдэн удаа алхам хийх гээд УИХ-аараа унагасаар "илжиг модон хударгандаа” үлдсэн нь энэ. Уг нь тус хуулиар төрөөс олгох дэмжлэгийг УИХ-д суудалтай эсэхээс үл хамааран бүх намд өгөх санхүүжилт авсан нам дөрвөн удаагийн сонгуульд дараалан оролцоогүй бол татан буулгах, санхүүжилтийн 30 хувийг хөгжлийн бодлого боловсруулахад зарцуулах зэрэг дэлхийн чиг хандлагад дөхсөн заалтууд байгаа. Улс төрийн голлох хоёр хүчин хуулиа засахын оронд хууль бусыг сонгож байгаа нь харамсалтай. Хэрэв хуулиа өөрчилсөн бол шүүхээс гэмт хэрэг гэж үзсэн үйлдлийг өөр хувилбараар хэрэгжүүлэх оролдлогогүй, парламент "халаасны” гишүүдээр дүүрч, ашиг сонирхол ханхлуулахгүй байх боломжтой байсан юм.

ЗГМ