|

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний телевизээр хийсэн шууд ярилцлагаас

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 14 дэх удаагаа телевизийн эфирээр ард түмэнтэйгээ нээлттэй ярилцлаа.

-Омск мужаас холбогдож байна. Зам маш муу байна. Хагарч цуурсан, машины дугуй хагалсан, явган хүнявах замгүй байна. Владимир Владимирович хэзээ сайхан замтай болох вэ?

-Хэдэн жилийн өмнө зам харгуй байгуулж, засч сэлбэх бүс нутгийн санг байгуулж байсан. Зөвхөн Омскт ч биш, өөр олон бүсэд зам харгуйн асуудал их байна. Тэр санд багагүй мөнгө хуримтлуулсан. Тэр мөнгө зөвхөн зам барих, эсвэл замын капитал засварт зарцуулагдах ёстой. Гэвч сүүлийн үед төсвийн тэнцвэрт хүндрэл гараад байна л даа. 40 тэрбум рублийг замд зарцуулах шийдвэр гарсан.

-Уулын Карабахын мөргөлдөөнийг зохицуулахад Москвагийн үүрэг ямар байх ёстой вэ?

-1991-94 онд Уулын Карабахт байдал хурцдаж мөргөлдөөн болоход 20 мянган иргэн амь үрэгдсэн гэсэн тооцоо байдаг. Үүнээс хэдэн жилийн дараа талууд Москвагийн зуучлалтайгаар энхийн гэрээнд гарын үсэг зурж байсан. Бүс нутагт энхийн зохицуулалт хийх Европын холбооны Минскийн бүлэгт Орос улс хамтарсан тэргүүлэгчээр оролцдог. 2016 оны дөрөвдүгээр сарын 2-нд энхийн гэрээ зөрчигдсөний дараа Кремль яриа хэлэлцээний үйл явцад дахин оролцох хэрэгтэй болсон. Мөргөлдөөн сэргэсэн эхний өдрүүдэд миний бие Армени, Азербайжаны лидерүүдтэй холбогдож тэднийг хэлэлцээний ширээнд эргэн суухыг уриалсан. Ерөнхий сайд Медведевтэй ярилцаж тус хоёр улсад очиж Москвагийн нэрийн өмнөөс ярилцаж хөөрөлдөхийг даалгасан юм. Мэдээж бид энэ асуудалд санаа ихэд зовниж байгаа. Баку, Ереван ч энхийг тогтооход Оросын үүрэг чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харамсалтай нь дөрөвдүгээр сарын 11-нд талууд дахин харилцан гал нээсэн мэдээлэл ирлээ. Бид мөргөлдөөнийг энхийн, хэлэлцээний зарчмаар зохицуулахын төлөө явах болно.

-Орост юмны үнэ их нэмэгдэж байна. Үнийн өсөлтийг яаж зогсоох вэ? Нэг жилийн өмнө долоо хоногийнхүнсээ таван мянган рублиэр авч байсан бол одоо арван мянган рублиэр авч байна.

-Эцсийн дүнгээр инцляц тооцоолж байснаас бага гарахаар байна. Харин үнэ өсөхийн зэрэгцээ индексжүүлэлт, нөхөн төлбөрийн асуудал яригдах ёстой л доо. Тэр тусмаа нөхөн төлбөрийг тэтгэвэр дээр анхаарах ёстой. Гаргасан хууль, шийдвэрийг үндэслэж инфляцийн хохирлыг арилгаад явж байх ёстой. Гадаадаас авдаг хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьсныг бүгд мэднэ. Бид зүгээр ч нэг ийм алхам хийгээгүй. Энэ нь эцэстээ дотоодын үйлдвэрлэл, аж ахуйг сэргээхэд тустай. Манай зах зээл Оросын бүтээгдэхүүнээр хангагдах ёстой.

-Бүгд хэмнэж эхэлсэн. Та ямар хэмнэлт гаргаж байна вэ?

-Би цаг хугацааг хэмнэж байна.

-Эдийн засаг одоо хаана явж байна вэ? Ямар зурвас дээр байна вэ, хар, эсвэл цагаан?

-Саарал. Нөхцөл байдал засралыг олоогүй л байна. Гэвч хандлага нааштай байгаа. Уналт энэ онд үргэлжилнэ гэж Засгийн газар тооцсон. Гэвч тэр уналт их биш байх болно. Дараа жилээс эдийн засаг өндийж, сэргэж ирнэ.

-Оросын нисэх хүчин Сирид үүрэг гүйцэтгэж "Исламын улс” бүлгийн хүчийг ихээхэн сулруулаад гол хүчэээргүүлэн татсан. Хэт даврагчид дахин толгойгоо өндийлгөж хүчирхэгжих аюул байгаа юу?

-Ийм аюул үргэлж байдаг. Хэт даврах, террорист үзэл эргэн сэргэсэн халдварт үзэгдэлд олон улс орон, Ойрхи Дорнод, Америк, мэдээж Орос улс өртсөн. Бид Сириэс гол хүчээ татсан ч Сирийн арми давших ажиллагаагаа үргэлжлүүлэхэд туслах хүчийг үлдээсэн. Манай хүчин Сирийг орхин гарснаас хойш тэд Пальмира хотыг чөлөөлснийг харсан биз дээ.

-Алеппо хотыг чөлөөлөхөд хол байна уу?

-Энэ бол эдийн засгийн чухал бүс нутаг. Тэнд янз бүрийн хүчин байгаа. Сөрөг хүчин алдсан зүйлээ эргүүлэн авахыг хүсч байна. Тэнд голдуу курдын бүлэглэлүүд байлддаг. Тэнд нөхцөл байдлыг муутгахгүйн тулд бид анхааралтай ажиглах болно.

-Орост эмний үнэ их нэмэгдэж байна. Ингэхэд та дотоодын эм бэлдмэл хэрэглэдэг үү, эсвэл гадаадынхыгуу?

-Би аль болох эм хэрэглэхгүй байхыг хичээж, спортоор хичээллэдэг. Өвдөж, ханиад хүрвэл үү, бичиж өгсөн эмийг л уудаг. Дотоодын, гадаадын эм өгч л байдаг. Ер нь бол энгийн, хямдхан эм уудаг гэж ойлгож болно.

-Оросын сөнөөгч онгоцууд Балтийн тэнгис дахь Америкийн тээвэрлэгч хөлөгтэй ойрхон нисч өнгөрсөнтухай өчигдрөөс хойш шуугиж байна. Цагаан ордноос ч мэдэгдэл гаргасан байгаа...?

-Энэ тухай мэдээллийг надад илтгэсэн л дээ. Оросын цэргийн онгоцууд тэр бүс нутагт сургуулилтын нислэг хийж байсан. Нисгэгчид тэнд хөлөг онгоц байхыг хараад аюулгүй байдлын бүх арга хэмжээг авч ажилласан. Бүх нислэг дундын усан дээрх агаарын орон зайг ашиглах олон улсын хууль дүрмийг хатуу мөрдөж байгааг Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байгаа. 

-Хувийн амьдралын тань талаар асуух гэсэн юм. Саяхан Людмила Александровна (Владимира Путинийэхнэр асан) нөхөрт гарлаа гэж сонинд бичсэн байсан. Харин та хэзээ улс орны тэргүүн хатагтайгтанилцуулах гэж байна вэ?

-Би Людмилатай байнга уулзаад байдаггүй. Бид сайн харилцаатай байдаг, магадгүй урьдынхаас ч илүү сайн харилцаатай болсон байж магад. Түүний бүх зүйл сайн байгаа, минийх ч гэсэн. Миний хувийн амьдралын талаар гэвэл... миний хувийн амьдрал мөнгөний ханш, эсвэл нефтийн үнэд яаж нөлөөлөхийг мэдэхгүй юм. Хувийн амьдрал сонирхол их татдагийг ойлгож байна л даа. Магадгүй би хэзээ нэгэн цагт таны хүслийг биелүүлж болох л юм. Тэр үед нь танд хэлье.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин