|

Усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд анхаарна

 


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Орхон сумын услалтын системийн ашиглалтын байдал цаашид усалгаатай газар тариаланг хөгжүүлэх талаар Орхон сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Батбаяр танилцууллаа. Тэрээр Орхон сумын услалтын системийг эзэмшдэг "Хуртай” ХК нь орон нутагт байгаа өмч хөрөнгө ашигладаггүй, эзэнгүй орхисон иргэдээсээ суваг ашиглалтын мөнгөө авдаггүй, авахаар ямар нэгэн оролдлого хийхгүй он удаан жилийг ардаа орхиж байгаагаас Орхончууд хохирсоор байгаа гэж ярьлаа.

 

Иймд:
• "Хуртай” ХК-наас "Төв услалтын систем”-ээ буцаан авч, өөрийн иргэдийн өмчлөлд авах
• Услалтын системийн тодорхой төлбөрийг төсвөөс гаргуулах
• Уг компанийн эзэмшлийн 10 га газрыг хураан авч, цаашид уг газрыг эргэлтэнд оруулж, услалтын системийн засварт оруулж, тариалалтын бэлтгэлээ хангах

Хэрэв услалтын системийг иргэдэд буцаан авах эрх зүйн орчин хүндрэлтэй учирч болзошгүй тул улс, аймгийн төсөвт уг системийг сэргээн засварлахад тодорхой хөрөнгийг гаргах талаар уламжлах талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байгаа аж. 

Одоогийн байдлаар "Хуртай” ХК-ийн эзэмшилд Баян-Өлзийт багийн услалтын систем, 79-ийн тохойн ашиглалтгүй услалтын систем, САА-н гражийн барилга 110.0 сая төгрөг, 10 га газар байна. Барилгын ҮХЭХ-ийн албан татвар 2.7 сая, ус ашигласны төлбөр 1.1 сая, газрын төлбөр 1.5 сая, бүгд 5.3 сая төгрөгийн өртэй юм байна. Дээрх асуудлыг Тэргүүлэгчдийн зүгээс хэлэлцэж, дахин судлахаар нээлттэй үлдээлээ.


Мөн усалгаатай газар тариаланг хөгжүүлэх талаар санал солилцож, аймгийн хэмжээний бодлогын бичиг баримтыг боловсруулах үүрэг даалагаврыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь өгөхөөр болов.