|

Ирэх сонгуулиар эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэх үү

Хууль тогтоогчид 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа анх удаа нам, эвслээс нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг тусгасан юм. Ингэснээр 2012 оны УИХ-ын сонгуулиар анх удаа 11 эмэгтэй гишүүн сонгогдож, албан бусаар эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдсан. Өмнөх парламентад байсан гурван эмэгтэй гишүүнтэй харьцуулж үзвэл жендерийн том дэвшил гарсан мэт харагдана. Гэвч нам, эвслээс нэр дэвшигчдийн 25 хувь нь эмэгтэй байна гэсэн заалттайгаа харьцуулах юм бол хангалтгүй. Хуульд нэр дэвшигчдийн 25 хувь нь эмэгтэй байна гэж заасан нь УИХ-д хамгийн дээд тал нь 19 эмэгтэй сонгогдох боломжтой гэсэн үг. Харин энэ удаагийн сонгуулиар нэг нам, эвсэл дээд тал нь 23 эмэгтэй нэр дэвшүүлэх боломжтой. Учир нь, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа эмэгтэйчүүдийн квотыг таваар нэмж 30 хувьд хүргэсэн. Нэг нам, эвслээс нэр дэвшигч 76 хүний 23 нь эмэгтэй байхаар боллоо. 23 гэдэг бол бага тоо биш. Харин намуудын боловсон хүчний нөөцийн санд УИХ-д нэр дэвшихүйц, цаашлаад сонгогдох магадлалтай 23 эмэгтэй бий эсэх нь эргэлзээтэй юм.

Ингээд одоогоор нэрлэгдэж буй 23 эмэгтэй улстөрчийг тухайлан танилцуулж байна.

Өөрийгөө мэдрэгч

Магадгүй УИХ дахь бүсгүйчүүдээс дахин сонгогдох хамгийн өндөр магадлалтай нь С.Одонтуяа гишүүн байх. Учир нь, тэрээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны тэргүүн, өмнө нь тойргоос сонгогдсон бөгөөд одоо УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга гэдэг утгаараа жагсаалтын эхний 10-т бичигдэх боломжтой. Өөрөө ч энэхүү боломж, давуу талуудаа мэдэрчихсэн байгаа. Нэг ярилцлагадаа "Жагсаалтад оръё гэвэл АЭХ-ны тэргүүн болсон ч бай, болоогүй ч бай УИХ дахь намын бүлгийн дэд дарга гэдгээрээ орох боломжтой. Мөн өмнө нь жагсаалтад орж байгаагүй учраас энэ удаад орох боломж бий” гэсэн юм. АНУ-ын Сан Франциско хотод суух ерөнхий консулаар төрсөн ахыгаа томилууллаа гэхээс өөр түүний тухай сөрөг мэдээлэл гарч байгаагүй учраас өөртөө ийм итгэлтэй байгаа бололтой. Гэвч үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр саяхан Салдангийн Одонтуяа гэсэн бичигтэй хоолны савх тараасан хэрэгт унах шахав. "Энэ савх бол 2007 онд "Иргэн та баялаг” сангийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор тараасан сурталчилгааны нэг хэрэгсэл” гэсэн түүний тайлбар МАН-аас Л.Амгалангийн ногоон малгайны эсрэг дүрэлзүүлж байсан галыг цурманд нь орууллаа. 

"Шилийн сайн эмэгтэй”

УИХ-ын эмэгтэй гишүүдээс олон нийтэд хамгийн их таалагддаг нь М.Батчимэг гэдэгтэй маргах хүн цөөхөн байх. Дуугарах бүртээ аль нэг талыг барих бус зөвхөн бодлого, зарчим ярьдаг, албан тушаалын хойноос хөөцөлдөөд байдаггүй нь ингэж үнэлэгдэхэд хүрсэн болов уу. Түүнтэй зэрэг УИХ-д орж ирсэн бүсгүйчүүд нь Байнгын хорооны дарга, сайд гээд томоохон албан тушаалууд руу шат ахин зүтгэж байхад тэрээр Ёс зүйн дэд хорооны дарга хэвээрээ. Өндөр сэнтий рүү авирах амбийцгүй ч өндөрт авирах хобби нь түүнийг баллах шахсан. Сайн эрчүүдийн домог шингэсэн, тэр бүр эмэгтэй хүн авираад байдаггүй Шилийн богд ууланд гарч зургаа татуулсан нь цахим ертөнцөд шүүмжлэлийн бай болсныг санаж байгаа байх. Түүнийг "Арай гайгүй нь гэж бодож байтал чи бас хулгайч болох гээ юү” хэмээн цахим хуудсаар шүүмжилж байлаа. Үнэндээ М.Батчимэг гишүүн шилийн сайн эмэгтэй болох гэж бус удахгүй болох сонгуулиар Орхон аймагт ялалт байгуулах хүслээ л Шилийн богдод шивнэсэн байх. Тэрээр одоо Орхон аймгийн АН-ын даргаар ажиллаж байгаа юм билээ.     

УИХ-ын гишүүн болох уу, номоо бичих үү

Олон нийт Ц.Оюунгэрэл хэмээх бүсгүйтэй "Ногоон нүдэн лам” номын зохиолч гэдгээр нь танилцсан байх. Дараа нь тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч гишүүн гэхээсээ илүү Тарбозавр Батаар гэх тодотгол, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд гэдгээрээ илүү танигдсан. Лав л "пуужин” Баяраа Ц.Оюунгэрэл гэж УИХ-ын гишүүн байдгийг мэддэггүй байсан юм билээ. Одоо бол тэрээр "дан дээл”-тэй гишүүн. МоАХ фракцаасаа гарч МоАН санаачилгад нэгдсэнээрээ намын дарга болон бусад нөхдийнхөө дургүйг хүргэж дахин "давхар дээл” өмсөх нь бүү хэл дахин нэр дэвших, сонгогдох боломжоо алдсан байж ч мэдэх юм. Гэхдээ тэрээр нэр дэвшихгүй байсан ч болно гэдгээ илэрхийлсэн. Үүнийгээ тайлбарлахдаа "Албан ажлаас хөндийрч бүтээл туурвилын ажилдаа илүү цаг зарцуулах шаардлагатай байна” гэсэн юм. "Ногоон нүдэн лам” номынхоо хоёрдугаар дэвтрийг бичихээр төлөвлөж байгаа бөгөөд өмнөхөөсөө дутахааргүй ашиг олно, номынхоо мөнгөөр хангалуун амьдарч чадна гэж үзэж байгаа юм билээ. Өөрөө хүсч байгаа учраас хоёрдугаар дэвтрийг нь унших сонирхолтой байгаа сонгогчид түүнийг нэр дэвшсэн ч саналаа өгөхгүй байж болох юм. Өөрөөр хэлбэл, Ц.Оюунгэрэлийг УИХ-ын гишүүн болгох уу, "Ногоон нүдэн лам” номын хоёрдугаар дэвтрийг унших уу гэдгийг бодож сонголтоо хийх хэрэгтэй гэсэн үг.   

Д.Оюунхоролын өсөлт

УИХ-д гурван удаа сонгогдсон туршлагатай эмэгтэй бол Д.Оюунхорол гишүүн. Зарим эмэгтэй гишүүн анх сонгогдсон парламентынхаа бүрэн эрхийн хугацаанд Байнгын хорооны дарга, сайд болж дэвшдэг бол Д.Оюунхорол гишүүн энэ УИХ-аас өмнө найман жил ажиллахдаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаас хэтрээгүй юм билээ. Амбийцгүй, эсвэл чадваргүй эсэхийн аль нь үүнд нөлөөлснийг хэлж мэдэхгүй юм. Харин тэрээр энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж үзлээ. "Д.Оюунхорол сайд анхны томилолтоо Отгонтэнгэрийн орноос эхэллээ” гэх сүржин гарчигийн дор нутгаа зорьсон тэрээр удалгүй сайдын суудлаасаа буусан. Төрийн сайдаар ажиллаж үзсэнээс гадна нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сунгаанд уралдсан нь бас нэг амжилт. Мөн УИХ дахь намын бүлгийнхээ дэд даргаар сонгогдон ажиллаж байна. Үүнээс үзвэл өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд түүний улс төрийн карьер өсчээ. Түүнчлэн эрх баригчдад зориулсан хатуу шүүмжлэлээрээ намаасаа илүү их итгэл найдвар өвөртөлж байгаа бололтой. Учир нь, түүнийг удахгүй болох сонгуулиар намын жагсаалтад нэлээд дээгүүр бичигдэнэ гэх юм.

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгаланг олон нийт саяхныг хүртэл мартчихсан байв. Гэтэл гэнэтхэн Эх орончдын баярын өглөө Түвдэнгийн Борын дүрд хувирч мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ "Би гэж нэг ийм хүн байдаг шүү” хэмээн сануулах нь тэр. Өмнөх сонгуулиар Баянгол дүүрэгтээ нэр дэвшээд ялагдсан ч МАН-ын эмэгтэй боловсон хүчний нөөцийн санд дээгүүр л бичигддэг байсан байх. Гэвч ганцхан энэ удаагийн үйлдлээс нь болж нам дотроо түүнийг үнэлэх үнэлгээ навс унаж байгаа нь ойлгомжтой. Эх орончдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэхдээ духдуулж тавьсан таван хошуутай, саравчтай ногоон малгай зөвхөн өөрийнх нь нэр хүндийг унагаад зогсохгүй намынх нь эсрэг PR болж хувирав. Уг нь чимээгүйхэн намын байраараа эргэлдэж байсан бол УИХ сонгуулиар нөхөд нь түүнд итгэл хүлээлгэх байсан ч юм бил үү. Гэвч одоо нэр дэвших, албан тушаал хуваарилах бүрт ногоон малгайы түүх сөхөгдөх нь гарцаагүй. Одоо яая гэхэв. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ.  

Сошиал "од”

Түүнийг "Монос”-ын гэх тодотгол үргэлж дагадаг. 1992 онд "Монос” ХЭАА-г байгуулан захирлаар нь ажилласнаас хойш эмийн салбартаа тэргүүлэгч томоохон групп болтол нь яг 20 жил удирдсан болохоор аргагүй биз ээ. Л.Эрдэнэчимэг гишүүн Болгарын Софи хотод биологич мэргэжил эзэмшсэн. Харин хожим 2003 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгсчээ. 2012 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон. Телевизийн нэвтрүүлэгт орохдоо бүжиглэсэн, Баян-Өлгийд томилолтоор ажиллах үеэрээ бүргэдийн агнасан туулай барьж зураг авахуулсан, сонгуулийн сурталчилгааныхаа үеэр шанагаар гал унтраасан зэрэг нь олон  нийтийн сүлжээнд түүнийг од болгосон. Бас шинэхэн "Бенз”-ээ гайхуулсан нь ч орно.
Парламентын  тогоонд бол тэрээр идэвхтэй гишүүдийн нэг. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх эсэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг ахалж ажилласан. 

Дээлээ давхарласан"эсэргүү” гишүүн

АН дахь шударга, дайчин эмэгтэйчүүдийн нэг. Парламентад сонгогдохоосоо өмнө Сонгогчдын боловсрол төвийг тэргүүлж байв. УИХ-ын гишүүн болсноосоо хойш намынхаа бодлогыг сөрж "давхар дээл”-ийн асуудлыг эсэргүүцсэн, мөн намын даргаа Ерөнхий сайдаас огцруулах асуудлыг дэмжсэн зэргээсээ болж хоёр ч удаа АН-аас хөөгдөх дээрээ тулж байсан юм. Гэвч АН-ын ҮЗХ Р.Бурмаа гишүүнийг хөөх тухай Хяналтын ерөнхий хорооныхоо шийдвэрийг дэмжээгүй.

Тэрээр намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүний суудлаараа дэнчин тавин байж "давхар дээл”-ийг эсэргүүцэж байсан ч эдүгээ өөрөө УИХ-ын гишүүний зэрэгцээ ХХАА-н сайдаар ажиллаж буй. Өнгөрсөн жил "Халхгол” чөлөөт бүс байгуулах асуудлыг санаачилсан ч орон нутгийн иргэдийн ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Парламентын гишүүний хувьд тэрээр Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. 

Дараалан бүдэрсэн ч даагаа нэхнэ

УИХ-ын гишүүн асан Бүдээгийн Мөнхтуяа АН-ын нөлөө бүхий улстөрч эмэгтэйчүүдийн нэг. 2004-2008 онд тэрээр УИХ-д суухдаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв. Тэрээр Германд боловсрол эзэмшсэн. Барилгын дулааны инженер мэргэжилтэй ч Кино үйлдвэрт дууны техникчээр ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн сонин намтартай. Түүний үүсгэн байгуулсан "Хараа Сүмбэр” ХХК нь Монголын компаниудаас анхлан өмнөд хөршид салбараа нээж байв. Зуун айл дахь барилгын материалын "Жоби” төв түүний мэдлийнх юм.
Улстөрчийн хувьд тэрээр намдаа нэлээд нэр нөлөөтэй. 2004 онд анх Баянзүрх дүүргийнхний итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон. 2008 онд Баянзүрхт нэр дэвшээд ялагдсан. Мөн 2012 онд Дархан-Уул аймгаас нэр дэвшиж байв. 

Сэтгүүлчийн үзэгтэй парламентч

Өнөөгийн парламентад суугаа сэтгүүлч мэргэжилтэй гишүүдийн нэг. Тэрээр хуучин ЗХУ-ын Омскт фото зургийн мэргэжил, Ростовт сэтгүүлч мэргэжил эзэмшсэн. МҮОНТ-д редактораас эхлээд "ММ” агентлагийн захирал хүртэлх бүх албыг хашсан. ТВ5 телевизийн захирлаар ажиллаж байв. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр мөн ажиллаж байхдаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч багагүй зүйл хийсэн гэдэг.

2012 оны сонгуулиар МАН-аас жагсаалтаар сонгогдсон У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр жагсаалтын дараагийн хүн болох Д.Сарангэрэл парламентад орж ирсэн юм. Тэрээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр УИХ дээр сэтгүүлчдийн дуу хоолой болон ажиллаж байгаа.  Тухайлбал, Сонгуулийн тухай хуульд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан заалтуудыг оруулахын эсрэг идэвхтэй тэмцсэн.     

Мятрашгүй цоозоо

МАХН-ын улс төрийн ажилтан, Нийслэлийн хүүхэд, залуучуудын газрын дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга, НАМЭХ-ний тэргүүн... Цэдэнбалын Цогзолмаа хэмээх энэ бүсгүй сүүлийн 20-иод жилд ийм албыг хашиж иржээ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлаа хугацаанаас нь өмнө өгсөн ч даагаа нэхэж Сүхбаатар дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон.

Төрийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажиллаж туршлага хуримтлуулсан эмэгтэйчүүдийн нэг. Улс төрд ч тийм шинэ цэрэг биш. Намын улс төрийн ажилтнаас хотын даргын орлогч хүртлээ улс төрийн карьерын шатаар өгсөхдөө сайн муу үг чамгүй дуулсан ч тэрээр шантраагүй. Зоримог, тууштай, амьдрал мэддэг хүн гэж ойр дотныхон нь түүнийг тодорхойлдог.   

Улс төрийн "Үнсгэлжин”

Үнэнч зан юунд ч хөтөлж чаддагийг батлан харуулсан эмэгтэй энэ парламентад бий. Түүнд бизнес хийгээд хөгжсөн, төрд ажиллаад дээшилсэн, гадаадад сурч мэргэшсэн гэх бусдынх шиг баялаг намтар байдаггүй. Цагдаад байсан, цагдаагаас халагдсан л гэх товч намтартай. Улс төрийн хувьд бол бүр цоо шинэ хүн. Захын дүүргийн нэг хорооны Засаг дарга байсныг эс тооцвол улс төрийн карьер гэж бараг байхгүйтэй адилхан. Харин МАН, МАХН-ын хуваагдал дундуур Н.Энхбаяр даргын итгэлийг олж, улмаар үнэнч байсныхаа шанд үнсгэлжингийн үлгэрээс ч дутахгүй өндөрлөгт хүрсэн азтай нэгэн. Зарим хүний насаараа мөрөөдөөд хүрч чаддаггүй, заримынх нь бүхнээ золиослоод гарч чаддаггүй оргилд тэр үнэнч байсныхаа урамшуулал болгоод "авираад” гарчихсан. Их улс төр дэх түүний түүх ердөө дөрөвхөн жил ч УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, бүлгийн дэд дарга, төрийн сайд гээд бүхий л албан тушаалыг хашиж үзлээ. Улс төрийн "Үнсгэлжин” гэж хэлж болох энэ бүсгүй бол мэдээж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ.  

Одоохондоо Монголдоо ганц нь 

Цор ганц байна гэдэг амар олдох хувь заяа биш. Тэр тусмаа улс төрд цор ганц гэсэн тодотгол дагаж яваа эмэгтэй бол Н.Удвал. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн түүнд намын босго давах боломж гарсан ч, төрийн босго өндөрдсөн. Гэхдээ энэ бол унжийх, урвайх, уйлах шалтгаан ч, шалтаг ч биш. Н.Удвал шиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй хүн одоохондоо өөр алга. Явцдаа ч элбэг тохиолдохгүй л болов уу.

Тэр Ерөнхийлөгч болж чадаагүй, бас УИХ-ын гишүүн хийж үзээгүй. Өөрөөр бол эмч мэргэжилтэй түүнд хүрээгүй оргил үгүй. Архангайн Хотонт сумын эмнэлгийн орлогч эрх­лэгчээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр шинэчлэлийн Засгийн газарт Эрүүл мэндийн салбарыг толгойлж байв. Харамсалтай нь, энэ үед Н.Энхбаяр шоронд, тэгээд эрүүл мэндийн хувьд тааруу байсан нь салбарын яамаа нэг хүнд зориулж ажиллуулсан гэх шүүмжлэл дагуулдаг. Түүнээс Н.Удвалыг салбартаа гологдсон тухай яриа бол бараг гараагүй байх. Угаасаа тэр энэ салбарт шинэ хүн биш. Эмч, салбарын эрхлэгч, яамны газрын дарга, дэд сайд, Эрүүл мэндийн сайд гээд бүхий л төвшинд нь ажилласан. Улс төрд ч бас тэр шатаар уруудах биш, өгсөж алхах дуртай нэгэн. Одоохондоо гарч үзсэн хамгийн дээд шат нь МАХН-ын генсек боловч Ерөнхийлөгчид нэр дэвшсэн ганц эмэгтэй гэдгээрээ яалт ч үгүй ялгарна. 2016 оны сонгуульд Н.Удвал нэг бол тойр­гоос, эсвэл МАХН-аас жагсаалтаар УИХ-д ороод ирэхэд гайхах хүн олон гарахгүй л болов уу. 

Уянга = Аянга

Улстөрчид сонгуулийн олон янзын тактиктай. Түгээмэл нь мөнгөөр өрсөлдөх юм даа. 2012 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт яг л тийм мөнгөний өрсөл­дөөн болсон. Харин энэ дунд ганц сэтгүүлч байсан нь Г.Уянга. "Эгэл түмний Уянга, эрх баригчдын Аянга” гэгдэж байсан тэрээр тойргоос торохгүй гарч ирээд гишүүн хийж яваа цөөн эмэгтэйн нэг нь. Үнэндээ тэр үед Г.Уянгын ард талд том намын фон байсангүй, бусадтай мөнгөөр зодолдох бэнчин ч байгаагүй биз. Байсан юм нь тэмцэгч чанар. Өөрөө мөнгө тараагаагүй ч бусдын амласан мөнгийг нэхсэн юм. "Ард түмний амлалт нэхэх холбоо”-г байгуулж, эрх баригчдад 1 сая, 1.5 сая төгрөгийн амлалтыг нь сануулж бай­сан нь сонгуульд нь том тус болсон. Ер нь бол гудамжинд хийж явсан тэмцэл нь Г.Уянгын ялалтын түлхүүр нь байсан болов уу. Гудамжинд хийж байсан тэмцлээ Төрийн ордонд дөрвөн жил хэрхэн үргэлжлүүлсэн нь ч тодорхой байгаа. Ноён уулыг ухуулахгүй гэж Ерөнхий сайдын ээж, аавд захидал бичээд л, Оюутолгойн "Дубай”-н гэрээ­гээр огцруулах гарын үсэг зуруулаад л... Үр дүнд хүрсэн нь ховор боловч тэр аянга шиг байж чадсан нь үнэн. Бас нэг үнэн бол Г.Уянга албан тушаалын наймаанд орохгүй явсаар дөрвөн жилийг ардаа үдлээ. Үнэндээ МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвслийн 10 гишүүнээс Г.Уянга л ганцаараа "давхар дээл” өмссөнгүй. Бусад нь бол хэд хэдээр нь "дээл”-ээ давхарлаад, үгүй ядах­­даа Байнгын хорооны дарга болж байв. Сул гишүү­нээрээ үлдсэн нь ганц Г.Уянга л байсан шүү дээ. 

ТЭРГҮҮН ФРОНТЫН ЭМЭГТЭЙ

Хэрвээ эр нөхөр нь улс төрийн өндөрлөгт гараагүй бол тэр маш хүчирхэг эмэгтэй улстөрч байх байлаа. Монголын тэргүүн хатагтай нараас хамгийн дуулиантай, бас хүчтэй нь О.Цолмон байсан юм. Түүнийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын улс төрийн амжилтын ард өөрийн амбийц, карьераа дарагдуулсан хүн ч гэж дүгнэж болно. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтон, түүний гэргий Хиллари Клинтоны жишээ магадгүй тохирч мэднэ. Учир нь О.Цолмон Н.Энхбаяраас дутахгүй боловсролтой, түүнээс ч өмнө УИХ-д нэр дэвшиж явсан түүхтэй. Гагцхүү Н.Энхбаяртай гэрлэж, дөрвөн хүүхдийн эх болсноор өөрийгөө бус, нөхрийгөө улс төрд сойсон гэж яригддаг билээ. Үнэхээр ч Н.Энхбаярын ард О.Цолмонгийн зангараг нуугддаг тухай манай улстөрчид хүртэл хүлээн зөвшөөрдөг. Тэр байтугай У.Хүрэлсүх нэгэнтээ "Засгийг та захирч байна уу, эхнэр чинь захирч байна уу” гэж шууд асууж байв. Тэгвэл Н.Энхбаяр ч эхнэрийнхээ чадварыг үгүйсгэдэггүй. Тэрээр "О.Цолмон надаас хэд дахин илүү дайчин хүн. Гэвч гэргий минь болсноороо улс төрөөс зайгаа барьсан” гэдгийг дурсдаг. Тэгвэл одоо О.Цолмон нөхрийнхөө араас гарч ирж, улс төрийн тэргүүн фронтод хүч үзэхээр зэхэж байна. Улс төрийн тэргүүн фронтод ямар хүчтэй дайн өрнөж, ямар тэсвэр тэвчээр, арга ухаанаар даван гарч ирдгийг тэр хэнээс ч илүү мэднэ. Учир нь тэр угаасаа л тэргүүн фронтын эмэгтэй.                                    

ЦЭНХЭР ҮСНИЙ НУУЦ

"Цэнхэр үст Цэрэн” нэрээр танигдсан энэ эмэгтэй улстөрч биш. Гэвч түүний арга барил, үйл хөдлөл, зорилго нь шулуухандаа улс төрийг онилж байна. Тэрээр зураач мэргэжилтэй, "Цэрэн турс” компанийг үүсгэн байгуулаад хорин жил болж буй бизнес эрхлэгч. Анх Шведэд болох Хойт туйлын цасан дундуур нохой чаргаар 300 км зам туулах уралдаанд оролцох эрхийн төлөө Пакистаны иргэнтэй өрсөлдөөд, интернэт саналаар ялсан. Энэ нь монголчууд түүнийг онлайн орчинд эв нэгдэлтэйгээр дэмжсэн эхний тохиолдол байсан. Тэгвэл өдгөө тэр мөн л олон нийтийн дэмжлэгийг авсан нэгэн тэмцлийг эхлүүлээд байгаа нь Солонгосын МҮҮН гэх шашны урсгал, түүний төлөөлөл болох БСШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр тэргүүтэнтэй хийж буй тэмцэл юм. Ганцхан хүний санаачилгаас үүдэлтэй тэмцэл гэхэд бүх нийтийг хамарсан, далайцтай дайчин хөдөлгөөн болон өргөжиж байгаагаас үзэхэд эмэгтэй улстөрч байх зам дээр тэр хэдийнэ гарч ирээд зогсож буй бололтой. Иргэний хөдөлгөөнийг заавал жагсаал цуглаан хийж өрнүүлэх албагүй гэдгийг энэ бүсгүй харуулж байна. Түүний бүтэн нэр уг нь О.Цэрэндолгор гэдэг. Гэвч цэнхэр үс нь түүний хэв маяг, нэрийн хуудас нь болжээ.  "Би бусдаас өөр гэдгээ мэдрүүлэхийн тулд үсээ цэнхэрээр буддаг” гэдгээ өөрөө ч хэлсэн удаатай. Өөр байх урлаг бол улс төрд амжилттай байхын эхлэл гэдгийг тэр ийнхүү нээжээ.

УЛСТӨРЧ БАЙХ ХҮСЭЛ

Түүний талаар АН-ын дарга З.Энхболд "Төрд байх ёстой эмэгтэй” гэж хэлжээ. Үнэхээр байх ёстой гэж хэлж мэдэхгүй ч байхын төлөө зогсолтгүй чармайж байгаа эмэгтэй бол И.Нарантуяа гэдгийг мэднэ. Тэрээр сүүлийн хоёр УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч ялалт байгуулж амжаагүй л байна. Тэрээр Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай улстөрч. Эмэгтэй хүн тууштай, буцаж няцдаггүй байхыг харах сайхан. И.Нарантуяа энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдөхөө ил тод зарласан. Дахиад ялагдчих вий гэсэн айдаст баригдсангүй, харин ялна гэсэн итгэлтэй, зоригтой байгаа нь түүний давуу тал байх. Яагаад УИХ-ын гишүүн болох гээд байгааг нь асуухад чин шударгаар хариулсан хоёрхон хүн байдаг юм гэнэ билээ. Уг асуултад Ш.Сайхансамбуу "Тэгэхгүй бол энэ цагдаа нар нь байнга шалгаад байх юм” гэж үнэнээ өчсөн бол И.Нарантуяа "Хүүхэд харах ажилд очихгүйн тулд” хэмээн хариулсан гэх явган шог олны дунд бий. Юутай ч И.Нарантуяа хүүхдийн сургалт, хүмүүжлийн байгууллагад насаараа ажилласан гэхэд хилсдэхгүй намтартай юм билээ. "Баянзүрх” захын эзэн гэдгийг эс тооцвол. "Гэр бүл шийдэл” төрийн бус байгууллагыг үүсгэж байгуулж, "Хүүхдээ сонсоё” аян өрнүүлж, бусдын халамж болон асрамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийг бүртгэлтэй болгох зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүлсэн гэх эерэг оноогоо халааслаад, ирэх сонгуульд дахин үзэх нь тодорхой болсон И.Нарантуяагийн хүсэл энэ удаа биелэх биз ээ.

УЛС ТӨРИЙН ГОЦ АВЬЯАСТАН

Улс төрд гоц чадвар үгүйлэгдэж байж мэдэх юм. Юу гэвэл, Монголын улстөрчид дотор дуулдаг, бүжиглэдэг, шүлэг зохиодог, зураг дардаг, уран яруу илтгэдэг гээд бүх авьяас хуран цуглаад байна. Тэдний дунд дөрвөн мөчөөрөө зурж чаддаг нь байхгүй. Л.Өнөрчимэг гэх энэ бүсгүй бол харин чадна. Гар, хөл, амаараа, тэр бүү хэл усан дотор зураг зурж олон түмнийг алмайруулах гоц авьяас зөвхөн түүнд бий. Тэгвэл тэр өөрийн авьяас чадвараа улс төрд сорихоор эргэлт буцалтгүй шийдсэн тухай сүүлийн үед чих дэлсэх болов. Өөрөө ч үүнийг нотолж, зоримог, шийдмэг, олныг цочирдуулсан үйлдэл хийж, анхаарал татаж эхэллээ. Л.Өнөрчимэг нэгэнтээ "Хорт хавдарт өрөөсөн хөхөө өгсөн. Эх орончдын төлөө нөгөө хөхөө өгөхөд бэлэн байна. Чингисийн хөшөөний өмнө хөхөө хэрчин тайрч хаях болно” гэсэн үгтэй захидлыг Ерөнхийлөгчид илгээж, жинхэнэ шуугиан тарьж байсан. Төд удалгүй УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшинэ гэдгээ зарласан. Тэгвэл саяхан цас, шуургатай өдрийг сонгож ууланд гараад "Монголыг хайрлах хүмүүсийг од шиг олон болгооч” хэмээн уухайлан хурайлсан ажээ. Энэ нь одоогийн улстөрчид дунд Монголоо хайрлах зүрх сэтгэлтэн цөөн байгааг олж харсан, онож шүүмжилсэн түүний тэмцлийн нэг хэлбэр юм байна. Л.Өнөрчимэг өөрийгөө бүх талаар хөгжүүлэхийг хүсдэг эмэгтэй бололтой. Тэрээр докторын зэрэг хамгаалахаар бэлдэж байгаа бөгөөд бас ном ч бичиж байгаа дуулдсан. Улс төрд гоц авьяастай хэн нэгэн хэрэг болох аваас зураач Л.Өнөрчимэг хэзээд бэлэн.

"Цагаан хоолой”-той "Эмээ” 

Төрийн ордны хойд хаалган дээр хамгаалалтанд гарч жагссан цагдаагийнхны эсрэг хурган дотортой дээлийнхээ нударгыг эргүүлэн нэгэн "эмээ” ганцаар "үзэлцэнэ”. Түүний энэ зураг Г.Баасан гэж хэн болохыг хангалттай илэрхийлнэ. Тэр бол тэмцэгч. Хүний эрх, хуулийн тэгш хэрэгжилтийн төлөө уйгагүй тэмцсэн түүн шиг эмэгтэй Монголд тодроогүй л байна. Ахмадуудын дунд "од”, улстөрийн ертөнцөд "мод” шиг яваа тэрээр ирэх сонгуульд хүч үзэх эмэгтэй нэр дэвшигчдийн нэг байх нь гарцаагүй ээ. Дунд сургуулиа төгсөөд хуваарь авч чадаагүй "муу сурлагатан” маань нэг жил өнжихдөө барилга дээр шаварчин хийж үзлээ. Дараа нь Багшийн дээд сургуульд орж, эдүгээ Хууль зүйн ухааны магистр болтлоо боловсорч чаджээ. 2005 он бол Г.Баасанг Монголд таниулсан он жил байв. Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүнээр сонгогдсон тэрээр ахмадуудын эрх, хуулийн тэгш хэрэгжилтийн төлөө шууд л тэмцэж эхэлсэн. Тэмцлийнхээ оргил үед 14-21 хоногоор таван удаа баривчлагдаж байсан ч бууж өгөхгүй л байв. Гэтэл баривчлагдаад гарч ирснийх нь дараа түүнд Хүний эрхийн дээд шагнал хүртээсэн нь хачин сонин үйл явдал байлаа. Одоо харин тэмцэгч Г.Баасан хаана явна вэ. Хэсэг чимээгүй болсон түүнийг хоёр өрөө байранд худалдагдчихлаа гэж ярих хэсэг байгаа ч ахмадууд нь дэмжсээр л. Гэхдээ тэмцэгч бол тэмцэгч л байдаг. Цаг нь ирэхээр цагаан хоолойгоо бариад гараад л ирдэг. 

Каратэч, улстөрч, геологич...

Ардчиллын тэнгэрт тодоос тод гэрэлтсэн ахынхаа нэрээр Монголын улс төрд хүч түрэн орж ирсэн ч, одоо Оюун гэх өөр нэг арилшгүй шинэ түүх, шинэ мөрийг тэр бичиж явна. Энэ утгаараа Монгол Улсын улс төрийн түүхэнд  хамгийн туршлагатай, хамгийн нэр хүндтэй эмэгтэй парламентч гэж үлдэх нь гарцаагүй биз ээ. Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Гадаад хэргийн сайд гээд хариуцлагатай олон албан тушаал хашиж явсан тэрээр одоо УИХ-ын гишүүнээс гадна НҮБ гэсэн асар том вант улсын Байгаль орчны ассамблейн даргаар ажиллаж байна. Гарцаагүй гэдэг шиг гарцаагүй сонгогдох хуруу дарам цөөн хүний нэг нь тэр юм. Өөрийнх нь бий болгосон энэхүү нэр хүнд нь түүнийг "Монголын улс төрийг С.Оюунгүйгээр төлөөлөхөд бэрх” гэж ярихад хүртэл хүргэсэн байна. "С.Зориг сан”-гийн тэргүүн тэрээр тус сангийнхаа хөрөнгөөр жил бүр тодорхой тооны оюутнуудад сургалтын төлбөрийг нь олгодог юм. Геологич мэргэжлийг өвөөгөөсөө өвлөсөн. Түүний өвөө Андрей Симуков нь геологич хүн байжээ. Харин түүний ээж Доржпаламыг бид "Сэрэлт” киноны Орос эмчийн дүрээр мэднэ.  Түүнээс гадна манай парламентад  каратэгийн тавдугаар дан авсан ганц л гишүүн бий. Тэр нь С.Оюун. Аялах дуртай. Талбайн зүүн урд байрлах "С.Зориг сан”-гийн байранд орших түүний өрөөний хананд өлгөсөн зургуудаас нь үүнийг харж болно. Бидний харж заншсан албархуу улс төрч биш байх нь. Харин эсрэгээрээ тамирчин, аялагч, геологич... 

"Төмөр хатагтай”

Армийн "Улаан од” сонины бяцхан сурвалжлагч охин "том” болоод УИХ болон Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллах хувьтай байв. Хожмоо Монголын улс төрд "Төмөр хатагтай” гэх нэрийг хүртсэн анхны бөгөөд цорын ганц эмэгтэй болсон. Тэр нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн асан Т.Ганди юм. Хийсэн ажил, хэлэх үг, хиймэл бус имиж нь түүнийг ийн нэрлэхэд хүргэжээ. Парламентын гишүүн байх үеийг нь дурдах нь илүүц биз. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийв. Хэдийгээр 2012-2016 онд Монголын парламентын тогоонд байгаагүй ч тэрээр улс төрийн ертөнцөөс хоцроогүй  /Магадгүй хэзээ ч холдохгүй  цөөн хэдэн эмэгтэй парламентчдын нэг биз/. Дөрвөн жилийн хугацаанд Унгар улсад Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллав. Ингэж ажилласныг нь үнэлж дүн тавь гэвэл эргэлзэх зүйлгүй "онц” гэж дүгнэнэ. Аливаа улсад суугаа Элчин сайдын гол үүрэг нь тухайн оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа өөрийн улсын иргэдийн эрх ашгийг хамгаалахаас гадна хоёр орны хамтын ажиллагаа, дипломат харилцааг өндөрт өргөх явдал байдаг. Тэр утгаараа нэгэн үе төдийлөн таатай бус байсан Унгар Монголын харилцаа Т.Гандигийн үед огцом сайжирлаа гэж хэлэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй биз. Олон жилийн дараа Унгарын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын дарга, Засгийн газрынх нь зарим гишүүд албан ёсны айлчлал хийв. Хөнгөлөлттэй зээл олгохоор болж, тэтгэлэгт оюутны хөтөлбөр баталж, Биокомбинатын асуудлыг шийдэхээр боллоо. Унгар улс Монголд Элчин сайдын яамаа ч байгуулах шийдвэр гаргасан юм. Одоо харин Т.Ганди энэ сонгуулиар Монголын парламентад эргэж ирнэ. 

Нялуун Чихэр

Фэйсбүүкт "Ганц бие ээжүүдийн групп”-ыг сайн удирддаг ч, улс эх орон удирдах чинь түүнээс шал өөр хэмээн түүнийг шүүмжлэх хүн олон байна. Ямар сайндаа "Манай урлагаас та нар Гүндалайгаа авчих. Тэгвэл танай улс төрөөс бид Нарагаа авъя” гэх яриа гарахав. Эсрэгээрээ дэмжих хүн цөөнгүй байгааг цахим ертөнцөөс харж болно. "Яагаад улс төрд чихэр шиг сайхан хүүхэн байж болохгүй гэж” хэмээн ярих хүн ч мөн байна. Юутай ч Нара УИХ-д Баянгол дүүргээс нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Мэдлэг боловсролгүй гэж гоочлох, голох хүн хамгийн их байна. Гэхдээ өөрийн намтар дээрээ худлаа бичдэг зарим хүмүүсийг бодвол тэр япон хэлтэй нь үнэн. Зургаан жил Японд амьдрахдаа Токио хотын Хөгжмийн сургуулийн гоцлол дуулаачийн ангийг төгссөн гэдэг. Ингэх хугацаандаа орчуулагч, зөөгч, бичээч, шөнийн клубт бүжигчин гээд олон төрлийн ажил хийж байжээ. Ганц бие ээж тэрээр гэр бүл, тэр дундаа Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө ажиллана гэдгээ илрэхийлээд буй. Мөн нэр дэвшихтэй холбогдуулан хамгийн сүүлд өөрийн цахим хуудасдаа "Би улстөрчдийг дуучин болгох гэж биш, тэднийг Монголын бүх ээжүүдийг анхаардаг болгохын төлөө нэр дэвшиж байгаа юм” хэмээн нийтэлжээ. Эцэг, эхээс тавуулаа. Айлын хоёр дахь охин тэрээр Монголын урлагт "сайхан хүүхэн” гэж танигдаж чадсан юм чинь яагаад улс төрд "сайн гишүүн” болж болохгүй гэж. 

Царайлаг эмч

Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалаас буухтай зэрэгцэн түүнтэй холбоотой худал, үнэн яриа намжсан. Ж.Цолмонгийн хувьд С.Баярын Засгийн газрын үед ийн дэд сайдаар ажиллаж байсан юм. 
Түүнээс гадна улс төрийн хүрээнийхний дунд биеэ авч яваа байдал, царайгаараа нэлээдгүй хэмжээнд танигдсан гэж яригддаг. Одоо харин улс төрөөс хэсэг завсарлага аваад байсан тэрээр 2016 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшин, зэрэг дэв ахихаар зэхэж буй. Ямартай ч эрүүл мэндийн салбарыг мэддэг дэд сайд байсан хэмээн салбарынхан нь ярьдаг юм. 
Тодруулбал, гэр бүлээрээ энэ салбарын хүмүүс юм байна. Түүний аав Жадамба нь Анагаах ухааны доктор. Анх удаа Монгол Улсаас, монгол хүн НҮБ-д томилогдон ажиллахдаа "D-8-1” зэрэг буюу бүсийн дэд захирлын хэмжээнд хүрсэн амжилтыг гаргаж байжээ. Мөн ээж нь нярайн эмч мэргэжилтэй хүн аж. Харин Ж.Цолмонгийн хувьд 1996 онд Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийг магистрийн зэргээр, 1996 онд Бүх Энэтхэгийн АУЭШ хүрээлэнд эрүү нүүрний гажиг заслын мэргэжлээр, 1997 онд Япон улсын Токиогийн Анагаах ухааны их сургууль, 2003 онд БНСУ-ын Эрүү нүүрний гажиг заслын Твидийн Олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, 2011 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд докторын зэргээр тус тус төгссөн байна. Нэмж хэлэхэд түүний нөхөр О.Оч нь Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад нь түүний гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан, хуульч мэргэжилтэй хүн юм.

Урваагүй "урвагч”

"Би МАН-аас урваагүй. Та нар надаас урвасан. Би үзэл бодлоороо АН-д гуйж орж ирсэн”. Энэ бол өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр хэлсэн түүний үг юм. УИХ-ын гишүүн Д.Арвины улс төрийн карьерт хамгийн тодоор бичигдэх үйлдэл нь энэ буюу МАН-аас АН-д шилжсэн явдал байлаа. Одоо харин тэрээр АН-аас сонгуульд нэр дэвшинэ. Түүнээс гадна, дээд тэнгэр, бэлэг тэмдэгтэй холбоотой зүйл ярьдаг цөөн хэдэн гишүүний нэг гэж хэлж болно. Хэдийгээр өөр утгаар хэлсэн байж болох ч Малайзын хоёр онгоц сүйрснийг бурхны шийтгэл хэмээн хэлж байсан нь олны анхаарлыг нэлээд татсан зүйл болж байв. 2000 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдсон туршлагатай эмэгтэй улстөрч тэрээр 2008-2009 онд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, 2009-2010 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан юм.  

С.Шийлэгтөмөр

Эх сурвалж: Ардын эрх