|

Нохойгүй газрын гахай хуцах чимээ тод

Өнгөрсөн 25 жилд 20 гаруй томоохон алдаа гаргасан байдаг

Мэдлэгтэй, чадвартай хүнгүй газар тэнэгүүдийн үг үнэн болдгийг саруул ухаант монголчууд эртнээс ингэж хэлсээр иржээ. Үүнтэй төстөйгөөр "төрийн ёс алдагдаж, төрд шургалсан балваануудын үг тод сонсогддог боллоо” гэж оросын сонгодог зохиолчдын хэлсэн үгийг бас онцолж болно. Болвань гэдэг нь украинаас орж ирсэн үг, малгайн төмөр хэвийг тэгж нэрлэдэг юм билээ. Нийгэм зүйн утгаар бол хонгио толгойт гэсэн утгатай. УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг хууль баталж аваад биесээ, ард түмнийг илтээр гутаан доромжилдог боллоо. Аливаа юмс үзэгдэлд дундаж хэв хэмжээ, зохистой хил хязгаар гэж байдаг. Гэтэл тэр аль хэдийн алдагдлаа.

Ардчилал гэгч урьд нь монголчууд эдэлж хэрэглэж үзээгүй, огт танихгүй "оюуны бараа” америкаас импортоор оруулж ирснээр учраа олохгүй балмагдаж, Монголын нийгмийн хөрсөнд шингэхгүй зовоож, тэр нь зүгшрэхгүй явсаар өнөөдөр төр хямрах нөхцөлийг дахин бий болголоо. Сонгуулиар гарч ирсэн УИХ, урьдах каденцын түшээд шигээ яг адилхан мэдлэггүй, мэргэжилгүй балваанууд болох нь ойлгомжтой боллоо. Дэмий чалчих талаараа бүр урьдахаасаа давж гарав. Бодлогоор ард түмнийхээ амьдралыг сайжруулах стратегийг огт баримталсангүй. Нэг хэсэг нь эхлээд баяжаадхая, дараа нь баяжсан хэсэг нь үлдсэнийгээ өөд нь татъя гэсэн үл гүйцэлдэх программ дэвшүүлээд үр дүн нь юу болов?

Эдийн засаг макро түвшиндээ жил бүр өслөө, хамгийн хүнд хэцүү жилд ч өсөлттэй гарсан. Харин ард түмний амьдрал тасралтгүй уруудаж, өнөөдөр уналтын тэвчишгүй түвшинд хүрч ирэв.

Ард түмэн сүүлийн 30 шахам жил ажлаа сайн хийсэн. Тийм учраас эдийн засаг бүхэлдээ болон динамик үзүүлэлтээр ч өссөн. Гэтэл нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтад ширвэгдэж, иргэд нийтээрээ ядуурлаа. Энэ бол олигархжсан төр ард түмний хүртэх ёстой хөдөлмөрийн үр шимийг хувалз, хачиг шиг замаас нь сорсон гэсэн үг юм. Өнөөдөр манай улс ямар бодит нөхцөлтэй тулгарав?

Нийгмийн нөхөн үйлдвэрлэл чадамжаа алдаж, ашгийн эдийн засаг биш зээлийн эдийн засагтай улс болж хувирав. Мөнгөнд нүд нь улайж, ухаан нь сохорч цагаандаа гарсан шуналын донтнууд төрийг эзэгнэж, эрхшээлдээ оруулснаар нийгмийн хуримтлал, хэрэглээний зохистой хуваарилалтын 75:25 хувь гэсэн харьцааны зүй тогтол бүрмөсөн алдагдав. Төсөв жил болгон алдагдалтай төлөвлөгдөж байна. Татварын хуулиа ч олигтой хийж чадахгүй, зээлийн дарамт үүсэн цааш тэвчишгүй байдал үүслээ. Төрд улс орны төлөө гэсэн сэтгэл байхгүй, концепци боловсруулах чадваргүй балваанууд мөнгөөр зодож дээш авиран гарснаар төр өөрөө дампуурлаа. Гишүүд ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байх шиг байна. Нам, олигархиар дамжиж төрд гарсан эрх мэдэл, мөнгө хайгчид сонирхлоороо эвсэж нэгдэн хууль хяналтыхантай үгсэж, хэд хэдэн ноцтой том мафийн сүлжээ үүсгэлээ. Тэд цааш хол явахгүй ч улс орны чөлөөтэй хөгжих, ард иргэдийн тавлаг амьдрах эрхэнд муугаар нөлөөлж, нийгмийн цаг харамсалтайгаар живж байна. Нэг гараанаас эхэлсэн улс орнуудаас хол таягдан хоцорлоо. Энэ бүхэн бол стратегигүй, концепцигүй, хамгийн гол нь ардын хяналтгүй явж ирсний гай юм. Энэ бүхэнд санаа чилээн нийгэм эдийн засгийн амьдрал, туулж өнгөрүүлсэн замыг сүүлийн 25 жилээр судалж, юун дээр алдсан бэ гэдэгт мэргэжлийн дүгнэлт гарган 2016 оны сонгуулийн үеэр блогтоо тавьж байв. Одоо дахиа л сонгууль болох гэж байна. Бусдыг, өрсөлдөгч намаа доош нь чихэх биш, харин өөрсдөө сайхан концепци гарган дэвшүүлж өрсөлдөөсэй гэж бодож мэргэжлийн судлаачийн үг нэмэр болж магдгүй гэж үзэн цаг үеийн шаардлагаар ч гэх үү дахин гаргаж нийтэллээ.

Концепцигүйн том алдаанууд

Өнгөрсөн 25 жилийн нийгэм, улс төр, эдийн засгийн амьдрал, бэлэн байгаа фактуудад тулгуурлан дүгнэлт гаргаж социологийн шинжилгээ хийгээд үзвэл 20 гаруй том алдаа гаргасан байдаг юм билээ. Эндээс ихэнх нь концепцийн гэмээр, эсвэл огт концепцигүйн улмаас үүдэн гарсан бол зарим нь бүр маш бүдүүлэг алдаанууд байдаг юм. Энэ алдаануудыг шинж байдлаар нь хувааж болно.

Эдийн засгийн хүрээнд

1. Эдийн засагт чанарын өөрчлөлт хийх үедээ хуучин үйлчилж байсан төлөвлөгөөт механизмыг бүр мөсөн үгүйсгэсэн мөртлөө хөрөнгөт нийгмийн зах зээлийн өөрийх нь язгуур механизмыг түргэн босгож чадалгүй алгуурласан. Суурь үнийг зоригтой чөлөөлж зүрхлэхгүй эмээж назгайрсаар цаг алдаж, эдийн засгийг бүхэлд нь хямралд хөтлөн, хөдөлгөөний механизмын хомсдолд оруулж, динамик өсөлтийг нь зогсоон, улмаар унагасан.

2. Улсын гэгдэж байсан объекту удын хувьчилж, капиталын анхны түгээмэл хуримтлалыг босгож чадсан атал түүнийгээ нэмүү өртгийн нөхөн үйлдвэрлэлийн эргэлтэнд татан оруулж чадаагүй. Менежментгүй, мэдлэггүй, сэтгэлгүй улстөрчид голдуу хүмүүсийн гарт оруулан стратегийн алдаа гаргаж хуваарилснаар нөхөн ҮЙЛВЭРЛЭЛИЙН тасаралтгүй байх эдийн засгийн хууль зөрчигдөж, мөнгөн хөрөнгийн хуримтлал үйлдвэрлэлд биш хэргэлээнд зарцуулагдаад дууссан

3. Зээлийн хөрөнгөөр дахин хуримтлалын бонд босгох гэж оролдон зарим амжилт гаргасан. Гэтэл тэр хөрөнгөө нэмүү өртөг үйлдвэрлэхэд биш, алсуураар, олон жилийн дараа тойруу замаар ашигаа өгдөг барилга, зам, тээвэр зэрэг сүүрь бүтцийн объектуудад түлхүү оруулж, сонгуулийн шоу хийснээр дахиад л хөрөнгийн хомсдолд орсон. Дахиад зээл, дахиад алдаа...ашгийн эдийн засаг биш, зээлийн эдийн засагтай улс болсон.

4. Дахин хуримтлалын херенгийн эрэлд мордохдоо дотоодын эх үүсвэрийг ашиглах нэрийн дор СТРАТЕГИЙН орд гэх гажуу бодлого зарлан уул уурхай руу хошуурцгаасан. Гаднын хөрөнгө оруулалтaaр голдуу орж ирсэн мөнгөн хөрөнгө дахиад л буруу хаваарилагдсаны уршгаар олигарх бүлэглэл үүсгэж, нөгөө талд нь улс орны эдийн засаг жирийн ард түмэнтэйгээ хамт шалан дэр унасан. Баялгийг хөдөлмөрөөр хуваарилах зохистой механизм, эрх зүйн орчин өнөөдрийг хүртэл бий болж чадаагүй яваа. Цаашдаа ч бий болно гэх найдвар тун муу. Уул уурхайн салбар, гадаадын транс олигарх акулуудын аманд улам лавшран орсоор байна.

5. Эдийн засгийн конъюктур, багтаамж, эзлэхүүн, суурь бүтэц, ялангуяа прогнозлолын гол гол  үзүүлэлтүүдийг анхнаас нь дэндүү хийсвэрээр өндөр үнэлэн буруу тооцоолж, жижиг эдийн засагт хүнд ачаалал үүрүүлэн сөхрүүлсэн. Угаас тогтоосон критерүүд нь бүгд алдаатай байсан болохоор тооцоогүй эрсдэлд өртсөн.

6. Эдийн засгийн хуримтлал, нийгмийн хэргэлээний 75:25 гэсэн зохистой баримжааг баримталсан жил байхгүй. Тансаг хэргэлээтэй, хуримтлалгүй орон болж хувирлаа.

Эдийн засгийн хуримтлалын 75:25 гэсэн харьцааг баримталсан жил байхгүй

7. Үндэсний валютад девальваци үүсгэж, улсын алтан фондон баталгаа "нойл” заачихсан. Мөнгөний бодлого алдагдаж, үндэсний аюулгүй байдалд заналхийлэл бий боллоо гэсэн үг.

8. Мөнгөний таван үүрэг бол эдийн засгийн гүн гүнзгий агуулгатай, чухал зүй тогтол гэдгийг ерөөсөө авч хэлэлцэлгүй явсаар ирэв. Заримыг нь хэтрүүлж, зарим функцыг орхигдуулж доголсоор эцэст нь зээлжих зэрэглэлийн баталгаагүй орны тоонд жагслаа. Орлогын эх үүсвэрийн хомсдолд орсон иргэл амьдралын баталгаагүй болох үзэгдэл бодитой боллоо. хотлоороо мөнгөний боол болцгоов.

9. Мөнгө олдвол зад архиддаг, мөнгөгүй үедээ царайчилж явдаг согтуу толгой шиг ХӨЛЧҮҮ ТӨСӨВ-тэй 25 жилийн нүүр үзлээ. ТЭГЛҮҮЭХ КОНЦЕПЦИ гэгчийг нэг удаа ч хэрэглээгүй. Арай эрүүл сэтгэхүйтэй, эдийн засгийн баримжаатай улстөрчид нь ДНБ ялимгүй ч гэсэн өсөлттэй байдлаа ашиглаад, зориг гаргаад тэглүүлье гэж хэчнээн хашхираад ч нэмэр болсонгүй. УИХ-ын жалга дов хөөцөлдсөн, хөдөөгөөс голдуу сонгогдсон хөлдүү дийлсэн олонх гишүүдийн шахалтаар сонгуулийн пиар хийцгээн бас л алдагдалтай төсөв баталж орхив. Цаашдаа энэ алдааг засах боломж бараг гарахгүй, зээлийн төлөлт төсвийн нэмэгдэл ачаалал болон орж ирнэ.

10. Санхүүгийн эх үүсвэр дээр хатуу үндэслэсэн эдийн засгийг хөгжүүлэх алс хэтийн, хямралаас гарах мөчлөгийн хөтөлбөр, загвар (modulus), цэгцтэй багцалсан программ (algorithm) аль нь ч байгаагүй, одоо ч байхгүй. Бүхэл бүтэн улсын эдийн засагт нүүдэлчний амиа аргацаасан сэтгэхүйгээр хандсаны гай гарч байна. Энэ бол эдийн засгийг засаглалаар биш улс төрийн болхи удирдлагаар хөгжүүлэх оролдлого хийж олон жил муйхарласны гор.

Нэрэлхэхдээ Кейнсээр явсан гэж дэмийрцгээх нь ард түмнээ юу ч мэдэхгүй малнууд гэж доромжилж байгаа ч юм шиг. Ард түмэн дотор тэднээс хавьгүй мэдлэгтэй, өндөр боловсролтой хүмүүс бий л дээ уг нь. Кейнс төрийн зохицуулалтын тухай концепци дэвшүүлсэн болохоос намын зохицуулалтын тухай ганц үг ч ган хийгээгүй. Намуудыг парламентын гадна гаргаагүй, Засгийн газрыг улстөрчдөөс чөлөөлөөгүй нөхцөлд энэ алдаа засрахгүй. Энэ байдлаар цааш алхвал мэдээж дефолт (default) хаалгаа нээчихсэн хүлээж байгаа.

Нийгмийн хүрээнд

11. Нийгэм бүхэлдээ улстөржсөн. НАМ БАРААДВАЛ АМЬДРАЛ бадрана гэсэн эрүүл бус сэтгэлгээ аксиом болон тархсан. Энгийн ухамсрын тулгуур харилцаанд хүртэл тэр намын, энэ олигархын хүн гэх. шинэ ойлголт орж ирсэн. Намууд нийгмийг хүйсээр нь, насаар нь, заримдаа шашнаар ангилан ялгаварлаж өмчлөн (яг л хонь мал шиг), одоо ч гэсэн нийгмийн дунд хагарал бий болгосоор байна. Ардын эмэгтэй, залуус, ардчилсан бүсгүйчүүд, залуучууд, эсвэл настнууд гэх мэт.

12. Хөдөлмөрлөсөн нь хохирч, овсгоотой нь хождог шударга бус хэв хэмжээ нийгмийг ноёлох болов. Энэ нь баялгийг хөдөлмөрөөр хуваарилах зарчмыг алдагдуулсан алдааны үр хөврөл.

13. Нийгмийн ухамсарт олон арван жилээр, эволюциар бүрэлдэн, манцуйдаа бойжиж байсан ЭВ ХАМТАЧ (solidarity) зарчим салхинд хийссэн юм шиг алга боллоо. Оронд нь бэртэгчин үзэл газар авч байна. Төр ард түмнээ хаясны гай энэ.

14. Баян ядуугийн ялгарал (difference) дээд цэгтээ хүрсэн. ДУНДЧУУД-ыг анхаарлын гадна орхисноор нийгмийг бүхэлд нь авч явдаг энэ oнцгой чухал давхарга мянга мянгаараа ядуусын эгнээнд шилжсэн.

15. Мэргэжлийн залгамж халаа тасарч, өндөр мэргэжилтнүүд, технократуудын болон оюуны хөдөлмөрийг зориудаар юм шиг критергүй болгон шавхайтай хутгаж орхисон. Шавхайн дундаас харин хэдэн улстөрчид нь өөрсөддөө VIP гэсэн чамин нэр хайрлан цэцэглэж байна. тэд өөрсдийхөө бодлыг салбарын бодлого болгон өргөмжилдөг болсон.

Улс төр, засаглалын хүрээнд

16. Төр, Засгийн газар нь засаглалын алгоритмыг намуудад зүгээр л мөнгөөр бараа таваар шиг худалдчихсан. Энэ бол 25 жилийн түүхэнд гарсан хамгийн том алдаа. Одоо засаглалын алгоритмын оронд улстөрийн АЛГОРИТМ түгээмлээр ноёрхож байна. Төр ард түмнээсээ тасарч, намуудаар хайрцаглагдан, улс төрийн хатуу цэгцтэй алгоритмтай, компромат арга барилтай, хэн ч яаж ч нэвтрэхийн аргагүй хүнд суртлын аварга том машин болон хувирлаа. Ард иргэдийн эрх ашгийг бүхэлд нь бульдозордож байна. Энэ бол маш нарийн боловсруулсан стратеги. Улс төрийн АЛГОРИТМ гэж юу вэ? Энэ бол цэгцтэй, дэс дараалалтай улс төрийн колончлолын систем.

17. Таваар мөнгөний харилцааны MTM´ томъёог улс төрд татан оруулж, албан тушаалаар буруу зөвгүй панз үсэргэх нөхцөлийг бий болгож, албан тушаалаар өөрсдөдөө нэмүү ашиг бүтээж байна. Үүний үрээр албан тушаал нь ОНЦГОЙ ТАВААР болон хувирч, улмаар тэр нь нийгмийн эрүүл сэтгэлгээг мөөгөнцрийн үүсгүүр шиг эд эсээр нь нэвчин бузарласан.

18. Төрийн эрхэмсэг чанар, монгол хүний дигнитийг, улстөрчид өөрсдөө увайгүй үйлдлээрээ унагасан. Төр нь өөрөө боловсроод, засгаа удирдан чиглүүлээд явах тогтолцоонд намууд шургалж, засгийг бүр төртөй нь удирдах гэж оролдсоор болохгүй бол унагасаар эцэст нь зорилгодоо хүрч чадсан. Уршиг нь юу болж тусав? төрөө дээдлэн шүтдэг ард түмэн төр гэнгүүд л чихээ тагладаг хүмүүсийн олонлиг болон хувирлаа.

Ёс зүйн хүрээнд

19. Нийгмийн ухамсар нь төрийн зүгээс зайлшгүй зохицуулалт шаарддаг зүй тогтолтойг мэдсээр байж зоргоор хаясны гайгаар өнөөдөр сахилга, хариуцлага гэж юм үгүй болов. Хариуцлага, сахилга, шударга ёсны талаар хуулийн төсөл ороод ирэхээр парламентын гишүүд  нь хэлэлцэхгүй буцаачихдаг. Авлигачдыг өршөөх хууль гэнгүүт жагсаалтын гадуур оруулж ирээд баталдаг. Ёс Зүйгүй байдал гэгчийг төрөөс үлгэрлэн тарааж байна.

20. Гэр бүлийн хүчирхийлэл цадигаа алдав. Энэ бол хуулийн цоорхой биш, алдаа. Зарим улстөрч гэр бүлийн хүчихийлэл байгаа нь эрчүүдийг үнэлэх систем байхгүйгээс болж байна, бодлого хэрэгтэй байна...гэхчилэн УИХ дээр эрүүл бус юм ярьдаг болсон. Тулх, Жудаг...гэхчлэн нарийндаа бол эрчүүдийн дарангуйлах системийн механизм, хүний эрхийг зөрчсөн юм ярьцгаадаг болсон. Хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдлүүдээ зогсоох нь бүү хэл даамжруулсаар байна.

21. Дэлхий озоны давхаргаа цоолчихгүйн тулд ногоон бодлого явуулж байхад Монголын төр байгаа ногооноо сүйтгэх, хэдхэн долларт арилжах юм хийсээр байна. Энэ бол уршиг нь гарцаагүй орж ирэх болчимгүй алдаа. Энэ бүх алдааг шинжээр нь биш субъектээр нь хуваагаад үзэхээр бүхэлдээ намууд дээр ноогдож байгаа. Энэ нь шүүмжлэл гэхээсээ илүүтэй ДҮГНЭЛТ юм. Уншигчдад ГАРЦ хайх багахан ажил үлдээлээ. Одоо байгаа намууд эдгээр алдааг засахгүй ээ, яагаад гэвэл ХҮСЭХГҮЙ!

Энэ түүхэн үйлийг гагцхүү ард түмэн, сонгогчид л хийж чадна. Энэ бол эцсийн найдвар, эс чадвал Мөхнө!

И.Цэрэнхүү

Эх сурвалж: sonin.mn