|

Ө.Энхтүвшин сайдын “зөнөглөл”-д цэг тавья

Өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын төрийн өндөр дээд албадын ихэнхийг хашсан нэгэн. Зарим хүнд бол их л зарчим ч, чигч шударга хүн харагддаг. Гэвч сүүлийн үед тэрбээр олон жил парламентын гишүүн байгаадаа буурь зааж, туршлагаар бусдад үлгэрлэж, асуудлыг зөв талаас нь шийдвэрлэхээ байжээ. Харин ч бүр эсрэгээрээ өөрийн дураар бүхнийг шийдэхээр улайрдаг болж. Төрийн хар хүн хэмээгдэх нь холгүй байсан түүний үйлдлүүд олны анхаарлыг татаж байна.

Тэрбээр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах үеэр "давхар дээл”-тэй сайд нарыг картаа сугалахыг үүрэгдж, тэгснээ өөрөө картыг нь сугалж, санал хураалтад оруулахаас татгалзсан юм. Учир нь дээрх жагсаалтад Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг багтаагаагүй гэдгээс эхлэлтэй бөгөөд хуралдааны ирцийг хангалтгүй болгож буй нь тэр. Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудал гэдэг нь Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.

Шадар сайд Ө.Энхтүвшинг тухайн үед карт сугалсанд нь эгдүүцсэн УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн картанд дур мэдэн гар хүрч болохгүй, энэ нь гишүүний ёс зүйн хариуцлагатай холбоотой гэдгийг хэлж, сайд нарын нөөц картаар санал хураалт явуулахыг даалгаж байв. Хариуд нь мань эр "Засгийн газраас өргөн барьсан асуудлыг яаралтай хэлэлцэж өгөөч гэхэд оруулахгүй байна. Энэ бол Зам-Үүдийн чөлөөт бүстэй холбоотой асуудал. Би өнгөрсөн зургаадугаар сард гарын үсэг зурсан. Хуульд нийцүүлэх ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яриад тохирчихсон зүйл. 

30 орчим жил урагшлаагүй ажлыг явуулъя л гэсэн. Азийн хөгжлийн банк 30 сая ам.доллар өгөхийн тулд энэ шийдвэрийг харж байгаа. Засгийн газар энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн ч УИХ хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсангүй. Надад хувийн сонирхол алга. Намайг Шадар сайдаар томилохдоо энэ ажлыг хий гэж томилсон. Миний гишүүдийн картыг сугалсан нь үүнтэй холбоотой. Засгийн газар өргөн мэдүүлсэн төсөл гээд байхад хэлэлцэхгүй гэж эсэргүүцээд байгаа учраас би ингэсэн юм” гэж байсан юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүдээс УИХ-д хүндэтгэлтэй хандахыг шаардаж, гишүүдийн картанд зөвшөөрөлгүй халдахыг зөвшөөрөхгүй гэдгээ хатуухан хэлж байв.

Харин өнгөрөгч баасан гарагийн хуралдааны үеэр Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хуульд байхгүй, хуульдаа нийцээгүй "Хамтын ажиллагааны бүс” гэдэг хэлэлцээр байгуулчихсан. Үүнийгээ соёрхон батлуулах гээд саад тотгор бий болчихсон. Тэгмэгц хуулиа өөрчлөхөөр улайрч байна. Яг хэлэлцээрт нь эргэлзээтэй зүйл олон байна. Чөлөөт бүсийн тухай хуулийн 4.1-т Чөлөөт бүс байгуулах зорилго нь бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино гэж заасан байдаг. Гэтэл хамтын ажиллагааны гээд байгаа хэлэлцээрийнхээ зорилгын 2.1-т талууд нийгмийн хөгжлийг түргэтгэнэ гэж тусгасан. Товчхондоо хуульд заагаагүй томъёоллуудыг хэлэлцээрт багтаасан байдаг. Ажлын эрх ашиг гэж яриад байх юм. Хэрвээ тийм бол Шадар сайд Ө.Энхтүвшин та харьяа байгууллагуудаа ажиллуул. Хэрэглэгчдийн төлөө ажиллах ёстой ШӨХТГ, МХЕГ-ууд чинь унтчихсан байна.” хэмээн анхааруулж байв.

Ө.Энхтүвшин сайдын асуудалд О.Баасанхүү гишүүн ч өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Тодруулбал, "Чөлөөт бүс гэдэг эдийн засгийн хөгжлийн бодлого байдаг болохоос биш нэртэйгээр нь нэг улсад газар нутгаа 100 жилээр нь түрээслүүлээд өгчихгүй юу. Үүнийг нь хэлсний төлөө Ө.Энхтүвшин орилж, хашхирч, картууд сугалж настай хүн гэхэд намбагүй байхаар нь миний зэвүү хүрсэн. Одоо хууль болгоод оруулж ирлээ. Монголоо хорлоё гэвэл энэ хуулийг дэмжээрэй. Би бол дэмжихгүй. Эхлээд гэрээний заалтуудыг гишүүдэд тарааж өг, дараа нь хуулийг зөвшөөрөх эсэхийг шийд. Гэрээ нэрийн дор Хятадуудыг 30 хоногоор дуртай байлгах гэж оруулж ирж байгаа энэ хуулиа боль” гэсэн юм.

Харин үүний хариуд Шадар сайд Ө.Энхтүвшин "Газар нутгаа өгнө гэж юу байх вэ дээ. Чөлөөт бүсийн хуульд "Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил, задгай улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино гээд заасан. Энэ дагуу хэлэлцээр байгуулсан. Эрээнд хүүхдүүдээ сургуульд оруулж байна гэдэг асуудал ямар ч хамаагүй. Замын үүдээр урагш 7-10 мянган хүн зорчиж байгаа. Тусдаа чөлөөт бүсийн асуудал. 30 жил хөдлөөгүй энэ асуудлыг О.Баасанхүү мэтийн нөхөд ярьсаар төрийн бодлогыг гацаадаг.

Чөлөөт бүсийн асуудлыг шийдвэрлэ гэсэн үүрэг өгч та бүхэн намайг Шадар сайдаар томилсон. Одоо үүнийг хийх гээд л би зүтгэж байна. Хэт улайрч карт сугалсандаа уучлалт гуйя. Хятадын талд өгөхөд манай төсөл дээр зургаан сар ажилласан. Дараа нь хоёр талаасаа саналаа нэгтгэсэн. Хятадын талаас зөвшөөрөөгүй асуудлын нэг нь бооцоо тоглоомын газрын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хэлэхэд манай тал ч хүлээн зөвшөөрсөн. Аюулгүйн байдлын асуудалд өөрийн өөрийнхөө бүсэд тухай улс нь хариуцаж, хамтарч ажиллана гэдгийг хэлэлцээр тодорхой тусгасан.” гэж байлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин "Чөлөөт бүсийн асуудлыг шийдвэрлэ гэсэн үүрэг өгч та бүхэн намайг Шадар сайдаар томилсон. Одоо үүнийг хийх гээд л би зүтгэж байна” гэдэгт зарим гишүүн эгдүүцэж байгаагаа ч нуугаагүй.

Уг нь өмнө нь ч Ө.Энхтүвшинг Шадар сайдад нэр дэвшиж, чуулганы хуралдаанаар хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Энхтүвшин таныг Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэж байхад намынхан чинь дүнгээ тавьсан. Улстөрийн ёс зүй, соёл гэж алга. Тэгсэн хэрнээ зарчим, үнэт зүйл яриад байдаг. Дараа нь та Шадар сайд болохгүй. Би нүх болгон руу ороод байдаг хүн биш гэж хэлж байсан. Маргааш нь нөхцөл байдал өөрчлөгдсөн гээд байр суурь нь өөр болчихсон байсан. Таныг намын даргаар ажиллаж байхад бид шинэчлэлийн хороог үүсгээд, маш олон санал, санаачилга дэвшүүлсэн. Арга ядаад таныг огцруулсан. Өмнө нь уучлалт гуйж байсан. Та одоо томилогдлоо гэхэд Ерөнхий сайдтайгаа хэр гар нийлэн ажиллах хүн бэ. Өөрчлөлтийн эсрэг байсан хүн шүү дээ. Увайгүй байдлаар улстөрийн наймаа, тохироо хийсэн. Ийм бузар булай асуудлыг улстөрөөс зайлуулах хэрэгтэй. Хэдий болтол нэг нэгийгээ харж, биенээ хуурах юм бэ.Болж, бүтэхгүй байгаа асуудлыг бие биедээ шулуухан хэлэх хэрэгтэй. Шударга ёсыг нэхэж байгаа бол өөрсдөө шударга байх хэрэгтэй. Та ичиж амьдрах хэрэгтэй. Хэрвээ зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй.” хэмээн хатуу болов ч үнэнийг хэлж байсан. Үнэхээр ч түүний хэлснийг батлах гэсэн мэт Ө.Энхтүвшин сайдын хувьд иргэдийн төлөө ажиллах учиртай ШӨХТГ, МХЕГ зэрэг нь унтаа байдалд шилжиж, өөрөө ч ердөө допингтой бөхийн асуудлыг ярьж суудаг болсон. Нэгэнт төр түүнд өргүйтэй адил тэр ч бас одоо халаагаа өгөх цаг нь болсныг мэддэг л баймаар юм даа.

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу