|

3х3: Шүүмжлэл, эргэлзээнд хариулт болж ирсэн хос хүрэл медаль


Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны 2024 оны шинэ улирал Сингапур улсад Азийн аваргаар эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй 20 улсын шигшээ багууд өрсөлдөж, Австрали улс хос алтан медаль хүртсэн бол Монгол Улс түүхэндээ анх удаагаа хос медаль хүртэв.
Тэмцээн эхлэхийн өмнө Монголын эрэгтэй баг чансаагаараа Хятадын араас хоёрдугаарт, эмэгтэй баг чансаагаараа Хятад, Японы араас гуравдугаарт тус тус бичигдэж байлаа. Хэсгийн тухайд эрэгтэй баг В хэсэгт монголчуудын эчнээ таних Лиштэй Тайланд болон урьдчилсан шатанд шуугиан тарьсан Шри Ланктай хамт орсон. Эхний тоглолтоо Шри Ланкын эсрэг хийн нэмэлт цаг сунгасны эцэст Монголын баг ялалт байгуулав. Удаах тоглолтоо Тайландын эсрэг хийн 20-14 гэсэн харьцаатай ялж, хэсгээ тэргүүлсэн.
Харин эмэгтэй баг С хэсэгт Филиппин, Малайзтай нэг хэсэгт орсон. Эхний тоглолтоо Малайзын эсрэг хийн 21-4 гэсэн харьцаатай илт давуу ялалтыг байгуулсан боловч хэсгийн сүүлийн тоглолтдоо урьдчилсан шатнаас гарч ирсэн Филиппинд 8-19 гэсэн харьцаатай хожигдсон. Филиппиний алсын зайн шидэлтүүд удаа дараа оновчтой болж, Монголын багт боломж олгосонгүй. Ийнхүү хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан.
Хасагдах шатанд Монголын эрэгтэй баг Катартай, эмэгтэй баг Хятадтай учраа таарав. Эхлээд эмэгтэй баг хасагдах шатны тоглолтоо Хятадын эсрэг хийсэн. Сүүлийн жилүүдэд дэлхийн аварга, Азийн аварга тун сайн оролцож буй Хятадын шигшээ баг энэ удаад бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, цус сэлбэсэн харагдсан. Мөн Хятадын багийн ахлагч, гол тоглогч Шиан Юан Жань бэртэл авч, гурвуулаа тоглох болсон. Ххүний илүүтэй Монголын баг тоглолтын турш Хятадыг илүүрхэж, 20-7 гэсэн харьцаатай хожиж, хагас шигшээ рүү дэвшсэн.
Тэгвэл эрэгтэй баг Катарыг мөн л илүүрхэв. Угтаа Катарын улс 3х3 сагсан бөмбөгт хөрөнгө их оруулж, дэмжиж байгаа. Томоохон тэмцээн уралдааныг нутагтаа зохион байгуулж, багуудаа байнга л оролцуулж буй. Гэвч энэ удаад хасагдах шатнаас цаашилсангүй. Монголын шигшээ баг 19-11 гэсэн харьцаатай хожлоо.
Монголын эрэгтэй, эмэгтэй багууд хоёулаа хагас шигшээд шалгарч, 2019 оны амжилтаа давтав. Тухайн үед эрэгтэй баг Австралид хожигдож, мөнгөн медаль, эмэгтэй баг Японд хожигдож дөрөвдүгээр байр эзэлсэн түүхтэй. Харин энэ удаад арай өөр дүр зургаар тэмцээнээ дуусгалаа.
Хагас шигшээд Монголын эрэгтэй баг Австралитай учраа таарсан. Тоглолт тэнцүүхэн эхэлсэн ч Тодд Бланчфилд гэх 32 настай, 2013 оны NBA-ийн драфтад нэрээ өгч байсан шидэгч онцгойрч, багаа финал руу хөтөлсөн. Тэрбээр нийт 11 оноо авч, баг нь 21-11 гэсэн харьцаатай хожсон. Нөгөө талд эмэгтэй баг мөн Австралийн эсрэг тоглож, 6-21 гэсэн харьцаатай тахим буулгажээ. Улмаар хоёр баг хоёулаа хүрэл медалийн төлөө тоглохоор болсон.
Медалийн төлөөх тоглолтууд Монгол, Тайванийн эмэгтэй багуудын хүрэл медалийн тоглолтоор эхэлсэн. Б.Ариунцэцэг тус тоглолтод багаа манлайлан арван оноо авч, багаа хүрэл медальд хөтлөв. Хүрэл медаль хүртсэн Монголын тамирчид сэтгэл хөдлөлөө нуусангүй, нулимс дуслуулан баяраа тэмдэглэсэн. Тоглолтын дараа О.Хулан "Удаан хүлээж, хол замыг туулж энэ медалийг хүртлээ. Энэ хүртэл үргэлж дэмжсэн монголчууддаа баярлалаа" хэмээн нулимс дуслуулсан. Хамгийн сүүлд Монголын эмэгтэй баг 2013 онд финалд шалгаран Энэтхэгт хожигдсоноор мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Токиогийн олимпоос хойш эмэгтэй баг шүүмжлэлд өртөж, тааруухан амжилтыг үзүүлж байсан нь нууц биш. Тэгвэл эцэст нь хүссэндээ хүрч, Азийн аваргын медальтнууд боллоо.
Үүний дараа эрэгтэй баг Шинэ Зеаландын эсрэг тоглосон. Бас л энэ тэмцээний чимэг болсон тоглолтыг үзэгчдэд толилуулсан. Ариунболдын Ананд Азидаа дийлдэшгүй гэдгээ харуулж, Шинэ Зеаландын багийг гэр рүү нь хоосон буцаав. Тоглолт эхнээсээ л ширүүн уур амьсгалтай, Шинэ Зеаланд будагтай талбайд илүүрхэж, Монгол алсын зайн шидэлтээ унагааж байлаа. Ингэж онооны зөрүү ойрхон явсаар төгсгөлд ирэхэд А.Ананд төгсгөлийг хийв. Түүний хоёр чөлөөт шидэлтээр Монгол 21-18 гэсэн харьцаатай ялж, өнгөрсөн жилийн алтан медалиа хүрэл болгосон. Багийн ахлагч А.Ананд тус тоглолтод нийт 15 оноо авч, үзэгчдийг шуугиулжээ.
Шигшээ багийн дасгалжуулагчдаар Стив Сер болон Г.Цэнгүүнбаяр нар ажилласан.
Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлахад шүүмжлэх хүн олон байсан. Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар байхгүй залуучууд явуулаад амжилт олохгүй гэж ярьсан хүн цөөнгүй.
Эмэгтэй финалын тоглолтод Австрали 18-13 гэсэн харьцаатай Шинэ Зеаландыг, эрэгтэй финалд Австрали 21-7 гэсэн харьцаатай Ираныг тус тус хожиж, түрүүлжээ. Ираныг финалд хүрнэ гэж олон хүн бодоогүй биз. Бразил дасгалжуулагчтай тус баг урьдчилсан шатнаас тэмцээний эхлүүлж, үндсэн шатанд Хятад, Сингапур, Япон, Шинэ Зеаландыг буулган авсан.
Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар Австралийн Тодд Бланчфилд тодорсон бол эмэгтэй шилдгээр Алекс Уилсон тодорсон. Харин эрэгтэй бэлгэдлийн багт Бланчфилдын хамтаар Ираны Эхсан Далиржахан, Монголын А.Ананд нэрлэгдсэн бол эмэгтэй бэлгэдлийн багт Алекс Уилсоны хамтаар Шинэ Зеаландын Шарн Пупуке-Робати, Монголын Б.Ариунцэцэг нар нэрлэгджээ.
Ийнхүү албан ёсоор 3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал эхэлж байна. Удахгүй мэргэжлийн багуудын тэмцээн болон олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүд эхэлнэ. Европын шигшээ багуу, мэргэжлийн багууд хэдийнэ бэлтгэлдээ гарч, Испани, Францад тэмцээнд орж байгаа бол монголчууд "Pro League"-ээ эхлүүлж, баг тамирчдаа бэлдэж байна.
 
https://www.assa.mn/a/68976