|

МАН-ын монголчилсон пропорциональ тогтолцоо Үндсэн хуультай зөрчилдөнө

Эрх баригч нам дараагийнхаа сонгуулийн дүрмийг тогтоодог бичигдээгүй хуулийн дагуу МАН 2020 оны сонгуулийг ямар хэлбэрээр явуулахаа танилцууллаа. Саяхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулахаас татгалзсан тэд холимог тогтолцоогоор сонгууль явуулах санал оруулж ирсэн нь гайхмаар. Гэхдээ тэд энэ хомилог тогтолцоогоо "Энэ бол мажоритар тогтолцоо” хэмээн танилцууллаа.

УИХ-ын дэд дарга, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хуулийн төслөө танилцуулахдаа дараах тайлбарыг хийсэн юм. Тэрээр "Бид УИХ-д сонгуулийн 50:26 гэсэн тогтолцоог өргөн барьж байна. Сая Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс цаашдаа сонгуулийн мажоритар тогтолцоотой байна гэдгээ тунхагласан. Үндсэн хуульд "УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалт бий. Шууд сонгоно гэдэг бол мажоритар тогтолцоо. Мажоритар тогтолцоо дотроо таван янз байна.

1.     Улс нэг тойрог,

2.     Бүс нэг тойрог,

3.     Аймаг нэг тойрог,

4.     Жижиг 76 тойрог,

5.     Том, жижиг мажоритар тойрог.

50 нэр дэвшигч 50 тойргоос сонгогдоно. 26 нэр дэвшигч улс нэг тойргоос сонгогдоно. Улс нэг тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс улсын хэмжээнд ард түмнээсээ санал авна. Сонгогч хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт, өөрийнхөө жижиг тойрогт нэр дэвшигчдээс нэг хүнийг, хоёрдугаарт, улс нэг тойрогт нэр дэвшсэн хүмүүс нэгийг нь сонгоно. Энэ бол мажоритар тогтолцоо. Өмнө нь нам дугуйлаад тухайн намын авсан саналын хэмжээгээр намаас эрэмбэлсэн хүмүүс нь сонгогддог байсан. Одоо бол ард түмэн сонгож эрэмбэлнэ. Нэг намаас улс нэг тойрогт нэр дэвшигчдийн нийт авсан санал нь намдаа тооцогдоно. Тухайн намынхаа авсан саналаар тус намаас хэдэн хүн сонгогдох нь шалтгаална. Гэхдээ хэн хэн сонгогдохыг сонгогчид сонголтоороо эрэмбэлнэ” гэсэн юм.

2012 оны сонгуулиас ялгаатай нь сонгогчид намын нэрийг дугуйлахгүй нэр дэвшигчийн нэрийг дугуйлах нь. Нэр нэр дэвшигчийн авсан санал өөрт нь тооцогдохоос гадна намд нь давхар тооцогдоно. Улмаар нам нь хэдэн хувийн санал авахаас 26 нэр дэвшигчийн хэд нь сонгогдох нь шалтгаалах юм. Сонгогчид нэр дэвшигчийн нэрийг дугуйлан сонгож байгаа ч тухайн хүн сонгогдох эсэх нь намынх нь авах саналаас хамаарна гэсэн үг. Тодруулбал, намуудад авсан саналаар нь хувь тэнцүүлэх байдлаар суудал хуваарилна. Тиймээс энэ тогтолцоог Л.Энх-Амгалан гишүүний хэлж байгаа шиг мажоритар тогтолцоо гэж ойлгоход хэцүү. Сонгогч нэр дэвшигчийн нэрийг дугуйлж байгаа ч сонгогдох эсэх нь намынхаа саналаас шалтгаалж байгаа учраас энэ тогтолцоо нь 2012 оны сонгуулийг явуулсан, 2016 онд явуулах гэж байсан холимог тогтолцооноос ялгаагүй. Тиймээс 2016 оны сонгуулийн өмнөх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй зөрчилдөх магадлалтай.

Үндсэн хуулийн Цэц 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд  "УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасны "... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно” гэснийг зөрчсөн байна” хэмээн дүгнэсэн юм.

Энэ удаад сонгогч нэр дэвшигчийг сонгож байгаа ч намынх нь авсан саналаас шалтгаалан хувь тэнцүүлэн УИХ-д суух эсэхийг нь эцэслэн шийдэж байгаа учраас сонгогч төлөөллөө шууд сонгож байгаа хэлбэр биш.

Харин УИХ сая Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 21.4-т "УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” байсныг "УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж өөрчлөхийн оронд 21.2-т өөрчлөлт оруулах ёстой байсан юм. Үндсэн хуулийн 21.2-т "УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заасан. Үндсэн хуулийн цэц 2016 оны сонгуулийн өмнө энэ заалтыг үндэслэн шийдвэр гаргаж хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог хориглосон. Тиймээс сая Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа энэ заалтын "шууд сонгох” гэдэг үгийг авсан бол сонгуулиа ямар ч тогтолцоогоор явуулсан нээлттэй болох байлаа.

МАН-ынхан УИХ-д өргөн барьсан 50:26 гэдэг тогтолцоогоо хэчнээн мажоритар гэж тайлбарласан ч 2016 оны Цэцийн шийдвэртэй зөрчилдөнө. МАН-ынхан л мажоритар тогтолцоо гэж байгаа болохоос энэ бол монголчилсон пропорциональ тогтолцоо. Гэхдээ энэ хувилбар эсэргүүцэлтэй тулахгүй л болов уу. Учир нь, хувь тэнцүүлэх тогтолцоо нь бүх намд ашигтай. Ганцхан лидер, эсвэл поп улстөрчтэй байхад л УИХ-д суудалтай болно.  

С.Шийлэгтөмөр 

Эх сурвалж: eagle.mn

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу