|

“Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар хэрэгжиж буй "Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслийн нээлт /2016.04.09/ Залуучууд театрт боллоо. Нээлтэнд аймгийн Засаг дарга А.Энхболд, "Юнайтед менежмент консалтинг” ХХК-ийн төлөөллүүд, БСШУЯ-ны Боловсролын үнэлгээний төв, Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, МУБИС,  СЭЗДС, Рояаль академи зэрэг их дээд сургуулиудын холбогдох албаны хүмүүс оролцов.

Энэ хичээлийн жилд манай аймгаас 1437 сурагч ахлах ангиа төгсөж ирээдүйн мэргэжлээ сонгох амьдралынхаа анхны чухал сонголтыг хийнэ. Иймд "Ухаалаг ирээдүй” төслөөр Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдүгээр зэрэглэлийн Мэргэжлийн сонирхол, карьерын чиг баримжааг  үнэлэх тестэд Дархан-Уул аймгийн ЕБС-ын 12 дугаар ангийн нийт  төгсөгчдийг хамруулах үйл ажиллагаа явагдана. Энэхүү тест нь 53 еврогийн үнэтэй бөгөөд аймгийн ЗДТГ-аас төгсөх ангийн сурагчдыг ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, өөртөө болон эх орондоо ухаалаг ирээдүйг бүтээх боломжийг нээж өгөх зорилготойгоор үнэ төлбөргүйгээр хамрагдах боломжийг олгож байгаа юм. Иймд сурагчид, эцэг эхчүүд ач холбогдол өгөн дээрх тестийн асуулгад хамрагдахыг уриалж байна.  

Төслийн хүрээнд  Эерэг хандлага, Зорилготой хүн, Хүчирхэг үнэт зүйлс, Ухаалаг ирээдүй ухаалаг сонголтоос эхэлнэ зэрэг сэдэвт илтгэлүүд тавигдсан юм. Түүнчлэн  аймгийн Засаг дарга А.Энхболд, Залуучуудын өвлийн II олимпийн аварга Б.Сумъяа, Их Засаг ОУИС-ийн ТУЗ-ын дарга,  Монголын Рояаль академийн ерөнхийлөгч Н.Учрал, JCI лидер, Positive mind төслийн удирдагч Н.Энхбаатар нар "1437 Ухаалаг сонголт, 1437 Амжилтын эхлэл” уулзалт ярилцлагыг өрнүүлсэн. Мөн дээрх Их, дээд сургуулиудаас танилцуулга мэдээлэл, элсэлт авах журам, онцлог зэргийг танилцуулав.  Энэ нь төгсөх ангийн сурагчдад эргэлзээгээ арилгаж, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь хэрэгтэй мэдээлэл болж чадсан гэдгийг энэ үеэр сурагчид илэрхийлж байлаа.