|

Элчин сайд асан Б.Дэлгэрмаа юу гэв

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс байрладаг байрны хонгилд казино ажиллуулж байсан тухай гурван жилийн  өмнө Оросын Life.ru сайтад "Москва дахь Монголын дипломат төлөөлөгчийн газрын мэдлийн байранд нууцаар казино, мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ" гэсэн агуулга бүхийн мэдээ нийтлэгдсэн. 

Тодруулбал, Арбатын өргөн чөлөөнд байрлах нэгэн байрны хонгилд нэг сая ам.долларын үнэ бүхий 17 автомат тоглоомын машин, рулетын таван ширээ бүхий нууц казино ажиллаж байжээ. Мөрдөн шалгалтаар Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын газартай хаяа залган байрладаг энэ байр нь Монголын Засгийн газрын мэдлийнх болох нь тодорхой болсон тухай мэдээлж байв. 

Тухайн үед Гадаад яамнаас Москва дахь Монголын Элчин сайдын яам нь гурван давхар байшин бөгөөд 1300 орчим м2. Үүний тодорхой хэсгийг нь буюу нууц казино ажиллуулж байсан гэх байрыг Москвагийн Центр Регион Стиль гэх компанид түрээсэлдэг. 2007 онд анх түрээсийн гэрээг байгуулж байхдаа урт хугацааны буюу 10 жилийн гэрээ байгуулжээ. Түрээсийн гэрээ 2017 оны есдүгээр сард дуусна хэмээн мэдэгдэж байв. Казино ажиллуулдаг тухай батлагдаагүй гэх мэдээллийг өгч байв. 

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан ОХУ-д суух элчин сайд асан Б.Дэлгэрмаа өчигдөр  "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцох үеэрээ цочирдом мэдээлэл өгсөн юм. 

Тэрээр ОХУ дахь Монголын элчин сайдын яамны нэг байрыг 2007 онд түрээсэлж, тэнд нь казиногийн үйл ажиллагаа явуулдаг газарт маш бага мөнгөөр түрээсэлдэг байсан тухай дурьдав.  

Хамгийн сонирхолтой нь энэхүү  түрээсийн гэрээг нь үргэлжлүүлэх чиглэлийг манай Засгийн газраас өгсөн гэх юм. Нэг үгээр Элчин сайдын яамныхаа тодорхой хэсгийг хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг газарт түрээсэлсэн Монгол Улсын Засгийн газар энэ үйл ажиллагааг мэдсээр байж түрээсийн гэрээг сунгах чиглэл өгсөн байх. Бүх л бүтэн улсын гадаад нэр хүнд шороотой хутгалдаж байхад үүнийг үл тоон хууль бус үйл ажиллагааг дэмжиж байгааг юу гэж ойлгох вэ? Ийм шийдвэр гаргаж, чиглэл өгч суугаа Гадаад харилцааны яамны бодлого үйл ажиллагааг шүүмж ч багадмаар....
 
О.Онон

Эх сурвалж: Olloo.mn