|

Дэлхийн банк улс орнуудад 160 тэрбум ам.долларыг хуваарилна

Дэлхийн банк /ДБ/ коронавирусний цар тахалтай тэмцэхэд зориулж дэлхийн улс орнуудад 160 тэрбум ам.долларыг хуваарилна. "Тархвар судлалын тандалтыг эрчимжүүлэх, эмнэлгийн хөтөлбөрүүдийн чанарыг дээшлүүлэх, хувийн салбаруудын үйл ажиллагааг зогсолтгүй явуулах, ажлын байрыг хадгалахад нь бид улс орнуудад дэмжлэг үзүүлэх болно. Нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах, компаниудад дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн сэргэлтийг хурдасгахын тулд ирэх 15 сарын хугацаанд бид санхүүгийн дэмжлэг болгон 160 тэрбум ам.долларыг улс орнуудад олгох болно” гэж Дэлхийн банкны хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсан байна.

Энэ мөнгийг оношлуур, хиймэл амьсгалын аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, эрүүл мэндийн системийн нөөц бололцоог бэхжүүлэх, тэр дундаа эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, "COVID-19”-н улмаас хохирол амссан эмзэг бүлгийнхэнд нийгмийн дэмжлэг үзүүлэхэд зориулна гэж Дэлхийн банк мэдэгджээ. 

"Цар тахлын үр дагаврыг зөөлрүүлэхэд нь тусламж үзүүлэхэд зориулж Европ, Төв Азийн орнуудад Дэлхийн банк нийт 1.4 тэрбум гаруй ам.долларыг зарцуулаад байгаа юм. Яаралтай хариу арга хэмжээ авах төслийн хүрээнд 4 дүгээр сарын 2-ноос хойш 490 сая орчим ам.долларын тусламжийн багцыг баталсан. Үүнээс гадна коронавирустэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлж буй улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд зориулж 925 сая ам.долларыг дахин хуваарилах эсвэл олгосон” гэж баримт бичигт дурджээ. 

Э.Аянзаяа