|

Иргэд рүүгээ буу "шагайсан" улстөрчдийн толгойг илсээр байх уу Ерөнхийлөгч өө

Одоогоос 12 жилийн өмнөх долдугаар сарын 1-нийг мартаагүй нь тод санадаг л байх. Сонгуульд саналаа өгсөн иргэд олноороо сонгуулийн дүнг эсэргүүцэж боссон тэр өдрийг нийт олонх бол там тум л санаж яваа байх. Тэр жил одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН УИХ-д 41 суудал, АН 20 суудал авч байв. Сонгуулийн дүн гарсан оройноос л иргэд саналаа луйвардууллаа гэж эсэргүүцэж, АН, БНН, Иргэний эвслийнхэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдлийг шил даран хийцгээсэн юм. Долдугаар сарын үймээний цаад шалтгааныг ухвал энэ л дээ.

Товчхондоо тэр жилийн долдугаар сарын 1 Монгол улсын түүхэнд эрх мэдэлтнүүдийн ааш аяг, үйлдэл арга хэрээс хэтрэхээр иргэдийн бухимдал дэвэрдэг, бухимдсан олон эсэргүүцээд босохоор яадгийг мэдрүүлсэн өдөр болж үлдсэн. Түйвээн дэгдсэн долдугаар сарын 1-нээс хойш эрх мэдэлтнүүдийн дураараа авирлалт өөрчлөгдөөгүй, харин ч бүр дэвэрснийг ЖДҮ, 60 тэрбум гэх мэт том кейсүүдээс төвөггүй харчихаж болно. Өөрөөр хэлбэл энэ сонгууль илт буруу өнгөөр өрнөвөл долдугаар сарын 1 дахин давтагдах эрсдэл бий.

Долдугаар сарын бас нэг том сургамж, гашуун үнэн гэвэл тухайн үеийн төр засаг иргэд рүүгээ "буу шагайсан” явдал. Тэгснийх нь балгаар дөрвөн сайхан залуу амь үрэгдсэн, Америкт сураад ирсэн нэг залуугийнх нь аав лав саяхныг хүртэл цөхрөлтгүй тэмцэж дуугарсаар явсан. Иргэд рүүгээ буу шагайх нөхцөл үүсгэсэн хэд хэдэн хүн бий хэр нь өнөөдрийг хүртэл хэн нь ч хариуцлага хүлээгээгүй яваа. Онц байдал зарласан тухайн үөийн Ерөнхийлөгч Н. Энхбаяр, гүйцэтгэх ажиллагаа явуулахад толгой дохисон тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил хоёр гэхэд л өнөөдөр УИХ-д нэр дэвшээд явж байна.

Тухайн үед яг ямар үйл явдал өрнөснийг эргэн сануулъя. Онц байдал зарласантай холбогдуулан армийн цэргүүд Улаанбаатар хотод орж ирэн үүрэг гүйцэтгэж байв. 7 сарын 1-нээс 2-нд шилжих шөнө жагсагчид руу байлдааны зэвсэг хэрэглэсэн явдал гарч, дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж нас барсан юм. Үймээний дараа цагдаагийн газар ажиллаж үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилж байлаа. Тэдний 200 гаруй нь шүүхээс ял сонссоныг хэвлэлийн шарласан хуудаснаас харж болно. Үймээнд оролцсон гэж үзэж баривчлагдсан иргэдийг бөөнөөр нь жижиг өрөөнд хорьж, хүч хэрэглэн байцааж, хүчээр гарын үсэг зуруулж, насанд хүрээгүй олон хүүхдийг яг ийм янзаар залхаан шийтгэж байсан тухай өчнөөн баримт тэр өдрүүдийн сонины хуудсанд дурайж байгаа.

Дахиад хэлье. Тухайн үед цагдаа хүчин иргэд рүүгээ буу шагайсан нь шүүхээр нотлогдож, цагдаагийн удирдлага, генерал, хурандаа нар ял сонссон бол ийм байдалд хүргэсэн эрх баригчид ямар ч ял шийтгэлгүй өнгөрсөн. Сонгогчид нь сонгуулийн дүн булхайтай гарлаа гэж босч жагссаны төлөө төр нь иргэдээ өчнөөн зуугаар нь шоронд хорьж, иргэдийнхээ аминд халдсан явдлыг аль ч утгаар нь харсан зүгээр өнгөрөөж таарахгүй. Өнөөгийн Ерөнхийлөгчийн анхааралдаа авах ёстой хамгийн том өнцөг бол энэ. Төр нь иргэдийнхээ эсрэг "буу шагайсан” хэрэгт тухайн үеийн эрх мэдэлтнүүдээс хэн нь ч хариуцлага хүлээхгүй байх нь хэр шударга хандлага вэ? Иргэд рүүгээ "буу шагайсан” улстөрчдийн толгойг илсээр байх уу, Ерөнхийлөгч өө.  

Б.Дорж

Эх сурвалж: sonin.mn