|

Хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааны журам, иргэдэд үйлчилгээ үзүүлэх үнийг батлав

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа "Хөдөлгөөнт тоглоомын төв”-ийн үйл ажиллагааг зохицуулах журам баталж, иргэдэд үйлчлэх үнийг тогтоов. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 багц тоглоомыг "Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд суурилуулсан. Үүнд Кофены аяга, Морин тойруулгын тоглоомыг 2000 төгрөг, Далайн дээрэмчний савлуур, Гинжит савлуурыг тус бүр 3000 төгрөг, Уран жолоодлогын машиныг 4000 төгрөг байхаар тус тус баталлаа. 2020 онд нэмж агаарын дугуй, алсыг харагч тоглоомуудыг нэмж байрлуулахаар төлөвлөсөн аж. 

Үйл ажиллагааг зохицуулах журам нь "Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд шинээр суурилуулсан хөдөлгөөнт тоглоомоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх төвийн чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, аюулгүй ажиллагааг хангуулах, тоглоомын төвийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах ба орчны ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, төвийн үйл ажиллагаа эхлэх, дуусах хугацаа, мэргэшүүлэх, давтан сургах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаарх заалтуудыг тодорхой тусгажээ. Дээрх тоглоомуудаар хүүхдүүдэд үйлчлэх үнэ тарифыг тогтоохоор иргэдийн саналыг цахимаар болон Иргэний танхимын хэлэлцүүлгээр авсан аж. Тоглоомын үнэ 2000-4000 төгрөгөөр тогтсон бөгөөд нэг удаад тоглох хугацааг 3-4 минут байхаар тусгажээ. 

Л.Отгонбаатар