|

"Лантуу хүүгийн богц - Дархан 2020" тусламж эзэддээ хүрлээ

Дархан сумын 1-15 дугаар багт болон Хонгор, Орхон суманд харъяалалтай 120-иод өрхийн 270 гаруй хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч буй судалгаа гарсан байна. Тэдгээр хүүхдүүд нь хагас болон бүтэн өнчин, орон гэргүй, хоолгүй, архины хамааралтай, эцэг, эхийн аль нэг нь хориход ял эдэлж буй, хэцүү амьдралыг туулж байгаа зэрэг хүнд нөхцөлд нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй ажээ. 
Иймээс "GENERATION-Z” клуб, "Лантуун дохио” ТББ-ын хүүхэд залуус хамтран "Хэцүү цагт хүүхдэд тусалцгаая" уриан дор амархан муудахгүй хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэглэлийг богц болгон тэдэнд хүргэх зорилгоор "Лантуу хүүгийн богц” сайн үйлсийн аяныг өрнүүлсэн байна. 

Тэд "Лантуу хүүгийн богц”–оо богцолж дуусаад айлууддаа хүргэхээр замдаа гарлаа. Айлуудад хүнс хүргэх ажилд "Дархан альфард" клубийнхэн нэгдэж автомашинаар үйлчилсэн аж. 2020 оны 05 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд өрнүүлсэн тус аянд Дархан хотын 1998 оны нийт төгсөгчид, "Дашваанжил” ХХК, "Хүслэн бөөний төв”, УГТХ-ын залуучууд, Дархан ХААИС, "Дархан Номин” агуулах худалдааны ажилтнууд, түрээслэгчид, "Дархан Дентал арт" шүдний эмнэлэг, "LA cosmetics" онлайн шоп, "М-СИ-ЭС Кока кола" ХХК, "АПУ" ХХК, "Булган Оюу" ХХК, "Улаанбаатар гурил" ХХК, THE CREATORS /ХОБ/, CROWNED OF EAGLE /ХОБ/, Лидер сурагч академи, ALLRIGHT_CB /хүүхдийн клуб/, "АНТО ОД" ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс нэгдэж хандив өргөжээ. Мөн хүүхдүүдийн санаачилгыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ, Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, МОН продакшн, @darkhan Alfard клуб дэмжин ажилласан байна. Энэхүү богцыг бий болгоход тусалж, хандив өгсөн бүх л аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүстээ талархаж буйгаа "Лантуун дохио” ТББ, GENERATION-Z клубийн хүүхдүүдээс илэрхийлж байна. Хүүхдүүд, хүүхдийнхээ төлөө нэгдэж, тулгамдсан асуудалд бага ч болов тусалж чаддаг гэдгийг сайн үйлсийн аянаар дамжуулан харуулж чадлаа.  

Л.Отгонбаатар