|

2189 сонгуулийн хэсэг байгуулна


Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсэг байгуулж, улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс уг мэдээллийг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гуравдугаар сарын 6-ны дотор хүргүүлэхээр хуульчилсан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2189 сонгуулийн хэсэг байгуулахаар Иргэдийн төлөөлөгчийн хурал шийдвэрлэсэн байна.
Орон нутагт 330 сум 1643 багт 1680 сонгуулийн хэсэг байгуулжээ. Суманд 200-аас 2000 дээшгүй сонгогчийн дунд сонгуулийн хэсэг байгуулахаар тогтоосон.
Нийслэлийн тухайд есөн дүүргийн 204 хороонд 509 хэсэг байгуулсан аж. Дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчийн дунд сонгуулийн хэсэг байгуулахаар хуульд заасан.  
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар 2070 сонгуулийн хэсэгт санал авсан. Энэ удаагийн сонгуулиар хэсгийн тоо 119-өөр нэмэгджээ.  
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах болон хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр шийдвэрлэж болно.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо