|

ДАРХАН НОГООН ХОТ БОЛНО

Дархан хотын иргэд эрүүл цэвэр агаартай орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс иж бүрэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, залуусын авто машингүй ногоон өргөн чөлөө бий болгохоор хорин нэгэн км-ын урт бүхий дугуйн зам тохижуулж эхэллээ. Мөн хотын төв замд холбогдсон хороолол дундах сүлжээ авто замын ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байна.

IMG 6487

 

"Дархан-Ногоон хот” энэхүү хөтөлбөрийг аймгийн Засаг дарга А.Энхболд биечлэн санаачилж салбар бүрийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсрууллаа. Бүтээн байгуулалттай холбоотойгоор нийслэлийн "Гудамж” төслийн багийг урьж Дархан хотноо ажиллуулжээ. Төслийн багийнхан шинэ Дарханы хорооллуудын гудамж, авто замын уулзвар, дугуйн зам хийх байршлуудтай газар дээр нь танилцаж зөвлөлдөн тооцоо судалгаа хийж зураглалыг нь гаргалаа. Аймгийн Засаг дарга А.Энхболд ярихдаа "-Сүүлийн жилүүдэд хороолол доторх авто замыг өргөтгөн зогсоол байгуулсан хэдий ч төв авто замтайгаа холбогдоход бэрхшээлтэй байдаг. Иймд "Гудамж” төслийн мэргэжилтнүүд үзэхдээ Америк болон Европын улсуудын жишиг болсон хороолол дундуур нэвт гардаг авто замуудыг бий болгох нь чухал гэж зөвлөлөө. Хуучин авто замаар иргэд ажлаасаа тараад гэртээ харихад 10 минут зарцуулдаг байсан бол ийм нэвт замаар зургаан минут үүнээс ч бага хугацаанд гэртээ очих боломжтой болох юм. Түүнчлэн шатахуун хэмнэж, машин тэрэгний элэгдэл ч багасах ач тустай” гэлээ.  

Хөтөлбөрийн тооцоогоор Дарханы хуучин хорооллын таван хэсэгт, 9-12 дугаар багийн хороолол дунд холбоос зам байгуулахаар төлвөлжээ. Шинээр зам тавихад Дарханы хөрсний бүтэц, экологи, цаг агаарын хувьд өндөр боломжтой, ногоон байгууламжийн суурь анхнаасаа зөв тавигдсан, газрын хувьд ч шинэ гудамж байгуулах орон зайтай зэрэг давуу талууд олон байгааг "Гудамж” төслийн захирал Б. Батболд хэлж байна. Түүнчлэн улсынхаа хоёр дахь том хот учраас нийтийн эзэмшлийн зам талбайгаа хэн нэгэнд өмчлөхгүй авч үлдэх, газар олголтоо ирээдүйгээ зөв харж хийх зэрэг хот төлөвлөлтийн зөв менежментийг хэрэгжүүлнэ гэдгээ Засаг дарга А.Энхболд онцоллоо.  

Дархан хотын зүүн захын хорооллыг төв замтай холбосон 7 км дугуйн замыг орон нутгаас хөрөнгө гарган тавина. Хажуу талаар нь явган хүний замыг хослуулан гаргаж , гэрэлтүүлэг, мод бут бүхий ногоон зурвасыг цогцоор нь бий болгоно. Ингэснээр хотын зүүн захын хорооллын иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхийн зэрэгцээ амралт, чөлөөт цагаараа ногоон орчин дундуур дугуй унаж, явган алхалт хийн бие бялдраа чийрэгжүүлж сэтгэл санаагаа сэргээх тансаг орчин бүрдэх юм. Гадны аль ч хотынхтой ижилхэн зориулалтын дугуйн зам нь долоон хэсэгт хуваагдана. Эхнийх нь аймгийн удирдлагын ордоноос алтны уулзвар хүртэлх шинэ хуучин Дарханыг холбосон 4 км дугуйн зам. Энэ хэсгийн бүтээн байгуулалтыг 6 дугаар сард эхлүүлэхээр бэлджээ. Ажлыг орон нутгийн хөрөнгөөр 700 гаруй сая төгрөгийн төсөвтөйгөөр эхлүүлнэ. Дугуйн болон явган хүний замын өнгө загвар, хаанаа нэг эсвэл хоёр урсгалтай байхыг хүмүүсийн ая тух, аюулгүй байдлыг харгалзан шийднэ. Дугуйн замыг 640 сая төгрөгөөр, ногоон байгууламжийг нь   80 сая төгрөгөөр хийхээр тооцжээ. Ийнхүү гараанаасаа хөдөлсөн "Дархан-Ногоон хот” хөтөлбөр хүсэл сонирхолд нь бүрэн нийцэж байгааг иргэд оршин суугчид аймгийн Засаг дарга А.Энхболдод илэрхийллээ.