|

Улстөрчдийг үнэлэх үнэлэмж өөрчлөгдсөнийг батлах 5 сонголт

 Энэ жил манай улсын нэгэн адил дэлхийн олон улсад парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль тохиож байна. Энэ жилийн улс орнуудын сонгуулиас харахад сонин содон дүр төрх, үзэл баримтлал бүхий улстөрчид амжилт үзүүлж, сонгогчдын дийлэнхи саналыг авах үзэгдэл ажиглагдаж байгаа юм. Тэгвэл яагаад тэд сонгуульд амжилт гаргаж байна вэ?

"Популист Доналд Трамп"

Улстөрчдийг үнэлэх үнэлэмж өөрчлөгдсөнийг батлах 5 сонголт

Доналд Трампыг түүний нэр дэвшиж байгаа Бүгд Найрамдах намынхан өөрсдөө хүртэл эсэргүүцэн дотроо хэд хуваагдах болсон. Гэвч сүүлийн хоёр жил дараалан Ардчилсан намд араараа тавиулсан тэдний намынханд Трампыг дэвшүүлэхээс өөр арга үлдсэнгүй. 

Ардчиллын хэдэн зуун жилийн туршлагатай том гүрэнд ийм хүн Ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтай байгаа нь энэ жилийн дэлхийн улс төрийн хувьд онцлох үйл явдлын нэг болж байна. 

Доналд АНУ-ын одоогийн явуулж буй төрийн бодлого, гадаад харилцаа, үзэл баримтлалын эсрэг зогсдог. Тэрээр БНСУ, Япон улсыг цөмийн зэвсэгтэй болгож, 60 мянган цэргээ байршуулах тухай ярьж байна. Түүнчлэн "Мексикийн хилийн дагуу хана босгож, зардлыг нь Мексикээр даалгана. АНУ-д амьдарч буй мексикчүүдийг гэрээсээ банкны гүйлгээ хийхийг нь хориглоно” гэх зэрэг олон байр суурь илэрхийлж байгаа түүнийг Америкийн хэвлэлийнхэн "Популист” хэмээн хочилж байна. 

"Боловсрол нимгэн, популист энэ хүнд төрийн эрх мэдлийг өгөх ёсгүй”

Америкийн миссийн тэмцээнийг зохион байгуулагч, бизнесмен, тэрбумтан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноор Америкийн сонгуулийн өнгө төрхөд өөрчлөлт оруулж, илүү ширүүн өрсөлдөөнтэй болох болсон. Хэдий түүний өрсөлдөгч Хиллари Клинтон "Боловсрол нимгэн, популист энэ хүнд төрийн эрх мэдлийг өгөх ёсгүй” гэж байгаа ч олон нийтийн саналыг харахад Трамп Клинтон хоёр саналын хувьд эн тэнцүү байна.

"Гэсгээгч Родриго Дутерте"

Улстөрчдийг үнэлэх үнэлэмж өөрчлөгдсөнийг батлах 5 сонголт

Энэ жилийн Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тэрээр энэ зургаадугаар сарын 31-нд Ерөнхийлөгчийн албан тушаалаа албан ёсоор хүлээн авна. Түүнийг Америкийн хэвлэлүүд "гэсгээгч, шийтгэгч” хэмээн хочилж, бичиж байна. Учир нь тэрээр Филиппиний Дао хотын захирагчаар 20 гаруй жил ажиллахдаа гэмт хэргийг эрс бууруулж чаджээ.

Ингэхдээ нэг өдрийн дотор 1000 гаруй гэмт хэрэгтнийг гудамжинд зэрэг буудан хороож, гэсгээж байсан удаатай юм. Саяхан л гэхэд дэмжигчид, сонгогчидтойгоо уулзах үеэрээ хар тамхины бүлэглэлийн толгойлогчийн толгойг авчирсан хүнд их хэмжээний мөнгөн шагнал буюу 100 гаруй мянган ам.доллар өгнө гэдгээ мэдэгдсэн.

"Өнөөгийн Гитлер Норберг Хофер"

Улстөрчдийг үнэлэх үнэлэмж өөрчлөгдсөнийг батлах 5 сонголт

Тэрээр Австрийн энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, эхний шатанд ялалт байгуулсан ч дараагийн шатуудад ялагдал хүлээсэн юм.

Үндсэрхэг, хэт барууны үзэлтэй, цагаачлал болон исламыг эсэргүүцдэг түүнийг хэвлэлүүд өнөөгийн Гитлер хэмээн бичих болсон. Учир нь энэ хүн Ерөнхийлөгчөөр сонгогдвол орчин үеийн Европын түүхэнд үндсэрхэг, хэт барууны үзэлтэн хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны тохиолдол болох байлаа.

"Исламын шашинтай хотын захирагч Садик Хан"

Улстөрчдийг үнэлэх үнэлэмж өөрчлөгдсөнийг батлах 5 сонголт

Пакистан гаралтай Лондон хотын захирагч. Лондонгийн захирагчаар анх удаа Англи хүн биш, исламын шашинтай хүн сонгогдсоноороо түүхэн үйл явдал боллоо. Тэрээр сонгогдоод удаагүй байхдаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамптай муудалцсан нь олон нийтийн анхааралд ороод амжсан.

Трамп исламын шашинтай хүнийг Америкийн хилээр оруулахгүй хэмээн ярьж байгаа юм. Харин Садик Хан "Би исламын шашин шүтдэг. Би ч гэсэн ярьж байгаа зүйлд чинь хамаарах уу?” гэж асуухад Трамп "Таныг бол оруулж болно” гэж хариулжээ. Садик Хан Трамп нар исламын шашны асуудлаар хэн хэн нь мөчөөгөө өгөлгүй хэвлэлээр удтал үг хаялцан, муудалцсаар саяхан намжаад байна.

"Тайванийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Цай Ин Вэнь"

Улстөрчдийг үнэлэх үнэлэмж өөрчлөгдсөнийг батлах 5 сонголт

Тайвань улс энэ жил түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо. Лондонгийн Эдийн засгийн их сургуулийг төгссөн, өндөр боловсролтой тэрээр Тайванийг тусгаар улс байх ёстой гэсэн бодлого барьж, Бээжинтэй хатуу байр суурь барьж харилцана гэдгээ мэдэгдээд байна.

Өдгөө 60 настай түүний тухай Синьхуа агентлаг "Өдий насандаа нөхөр, хүүхэдгүй эмэгтэй хүн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын тухай мэдэхгүй. Нинжин сэтгэлгүй, хатуу ширүүн эмэгтэй” хэмээн бичжээ.Түүнийг эмэгтэй хүн гэлтгүй маш хатуу Төрийн тэргүүн болох магадлалтай тухай Олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Eagle.mn