|

Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан АТГ-т ханджээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд үр тарианы газрын маргаантай асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус хуралд сумын УСУГ-ын ажилтан Ш.Саранцэцэг, сумын нэгдүгээр багийн өндөр настан П.Сүрэнхорлоо, иргэн н.Соёлмаа нарын хүмүүс оролцов.

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын удирдлагууд ахмад атарчид болон "Атрын I, II” аянд гар бие оролцсон 52 иргэнд тус бүр 50 га газар хуваарилан гэрчилгээг олгосон аж. Гэтэл тус үр тарианы зориулалтаар эзэмших талбайг одоогийн нутгийн удирдлагууд эрх мэдлээ урвуулан ашиглаж ах дүү, хамаатан садандаа олгож буй тухай нутгийн иргэд хэлж байна. Мөн 2010 оны нэгдүгээр сарын 11-ны өдрийн тогтоолоор нууцлалын зэрэглэлд багтаах захирамж гарсан аж. Энэ захирамжид Хонгор сумын нууцлалын зэрэглэлтэй газрыг зөвхөн сумын Засаг дарга болон орлогч, ЗДТГ-ын орлогч гэсэн гурван л хүн  үзэх хэрэгтэй гэж хязаарласан байна.  Тийм учраас Хонгор сумын ард иргэд үр тарианы газраа эзэмших эрхтэй гэдгээ мэдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн гэнэ. Харин сумын Засаг даргаар Лхагвасүрэн гэдэг хүн томилогдон эл шийдвэрийг хүчингүй болгож ард иргэдэд нээлттэй болгож өгснөөр үр тарианы газрыг ард түмэн зээмших ёстой юм байна гэдгийг иргэд ойлгож эхэлжээ.

 

Энэ талаар тус сумын УСУГ-ын ажилтан Ш.Саранцэцэг хэлэхдээ "Нууцын зэрэглэлд оруулсан сумын Засаг даргын захирамжийг аймгийн Засаг дарга асан Насанбат хүчингүй болгож шүүхийн хөөх хэлэлцэх хугацаа дууссан байсныг хүчинтэй болгож өгснөөр бид шүүхдэх эрхтэй болсон. Бид шүүхээр явсан. "Гачуурт” ХХК, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг газруудтай шүүхэдсэн боловч манай улсын шүүх мөнгөтэй, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүст үйлчилж тэдний талд бүх шийдвэр гарсанд ард иргэд маш их гомдолтой байна. Бид хэдэн өндөр настнуудаасаа мөнгө цуглуулж байгаад өмгөөлөгчийн хөлсийг төлж шүүх хуралд оролцсон. Гэтэл ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Баатарцогт гэдэг хүн өмгөөлөгчгүй орж ирээд л шүүхийн шийдвэрийг өөрийн талд гаргаад л гарч байсан. Одоо тэгсэн Хонгор сумын одоогийн Засаг дарга Баттөр 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр захирамж гарган сумын ИТХ-ын тэргүүлэгч Ж.Баяраа гэдэг хүнд бидэнд олгохгүй байгаа газраасаа 100 га газар олгосон байгаа юм. Тиймээс бид энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандаад байна. Хонгор сумын удирдлагууд өөрсдийнхөө эрх мэдлийг дур мэдэн ашиглаж ах дүү найз нөхөд хамаатан садандаа үйлчлэхээ больж, өөрийнхөө ухамсараар суудлаа тавьж өгөөсэй гэж хүсч байна” хэмээв.

 

Харин тус сумын өндөр натсан анхны атарчин П.Сүрэнхорлоо "Би 1956 онд 16-хан настай охин анхны атарчин болж ирж байлаа. Үүнээс хойш би 30 гаруй жил ажиллаад 1993 онд тэтгэвэртээ гараад одоогоор Хонгор сумдаа амьдарч байна. Надад газар тариаланд ажиллаж байсны үр өгөөж гэж юу ч байхгүй. 100 га битгий хэл 10 га газар ч надад олдоогүй. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хамаг байдаг газрыг минь авчихсан байна. Жишээлбэл манай сумын Засаг дарга байсан УИХ-ын гишүүн Хаянхярваа буруу хувьчлал хийсэн. Манай суманд гарсан Засаг дарга Лхагвасүрэн гэдэг хүн томилогдоод хамаг булхайг нь дэлгээд эхэлсэн чинь Хаянхярваа ажлаас нь халчихсан байгаа юм. Тэгэхээр би Хаянхярваа УИХ-ын гишүүн гуай та Хонгор сумын иргэд бидний амьдралаар тоглохоо болиоч. Одоо та дахиад тоглох гээд нэр дэвшиж байна. Биднээр битгий тоглооч гэж хэлмээр байна. Ер нь манай сумын удирдлагууд иргэддээ ерөөсөө ч нааштай ханддаггүй. Ер нь сум бүхэлдээ бараг л "Гачуурт” ХХК-ийн мэдэлд л байна. "Гацуурт” ХХК 2003 онд баталсан газрын тухай хуулийн 3-4 заалтыг зөрчсөн байдаг. Татвараа төлөөгүй, багийн иргэдийн нийтийн хуралд оролцоогүй, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байдаг” хэмээв.

 

Тэд хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Энэ асуудалд УИХ-ын гишүүн Хаянхярваа ямар хамааралтай вэ?

 

-Монгол орон даяар өмч хувьчлал явагдахад манай сумын өмч хувьчлалыг Хаянхярваа гэж хүн маш буруу явуулж зөвхөн дарга нарт хувиарлаад өгчихсөн байгаа юм. Ажилчид нь бол нэг ширхэг боолт ч үгүй л үлдсэн. Тиймээс ч манай сумын иргэдийн ядуурал, бухимдал туйлдаа хүрээд байна.

 

-"Гачуурт” ХХК-ийг Хонгор суманд 7 мянган га газартай гэдэг үнэн үү?

 

-Монголын хэмжээнд 40 мянган га газартай гэсэн. Харин Хонгор суманд 3000 гаруй га талбайг эзэлдэг. Ер нь манай сумын ихэнхи талбай гадны хүмүүсийн нэр дээр байдаг. Сумын иргэдэд их цөөхөн. Яагаад гэхээр нууцын зэрэглэлд оруулах захирамж гаргачихсан. Ард иргэд айгаад очиж үздэг ч үгүй байсан.

 

-Газаргүй хүмүүс танайд очиж газар авдаг гэсэн үнэн үү?

 

-Үнэн. Дандаа хууль бусаар олгож байна. Сумын иргэдийн хурлын төлөөлөгч тэгээд дээр нь тэргүүлэгч хүнд л 100 га газрыг зүгээр өгчихсөн байна. Гэтэл иргэдэд юу ч байхгүй. Их муухай бусармаг үйл ажиллагаа явагдаж байгаа.

 

-Та бүхний хүсэлтийг шүүхээс ямар үндэслэлээр хүчингүй болгосон бэ?

 

-Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн сургалтын талбай гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Тус хүрээлэн туршилтын талбай хийж байгаа гэх боловч үндсэндээ багахан хэмжээнд туршилтын талбай хийгдэж бусад талбайд нь хувь хүмүүс түрээслэх, хувь хүмүүс өөрсдөө газраа өмчлүүлж болно.

 

 

Г.Тэгшсүрэн  Эх сурвалж: Shuud.mn       Линк: http://www.shuud.mn/content/read/470289.htm