“Нээлттэй хаалганы өдөр”-ийг Шарын гол сумаас эхлүүллээ

 

Аймгийн Засаг даргын тамгын газар анх 2005 оноос "Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж эхэлснээс хойш даруй 11 жилийг өнгөрүүлжээ. Аймаг орон нутгийн захиргаа тэдгээрийн харьяа бүх шатны байгууллага, албан тушаалтнууд бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын санал, зөвлөгөөг сонсож тусгахад энэхүү "тусгай” өдрийн зорилго оршдог. Мөн төрийн байгууллагууд тухайн жилийнхээ хийж бүтээсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай билээ.

Тэгвэл өнөө жилийн "Нээлттэй хаалганы өдөр”-ийг 9 дүгээр сарын 14-ний өдөр Шарын гол сумаас эхлүүллээ. Тус өдрөөр зөвхөн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах биш иргэнд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжуудыг нээж өгөх, иргэдийнхээ санал хүсэлтийг төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлнэ гэж аймгийн удирдлагууд ярьж байна.

Энэ хүрээнд аймгийн Засаг дарга тэргүүтэй аймгийн хэлтэс албадын дарга нар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, "Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, "Дархан дулааны сүлжээ” ТӨХК, "Дархан-Ус суваг” ХК-ийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцож байна. Тэд өдөрлөгийн үеэр иргэдэд газар өмчлөл болон газар ашиглалтын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгч, газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд тусгах санал авч байна. Эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, Бүртгэлтэй ажлын байрны захиалгыг иргэдэд танилцуулах, Иргэний шинэчилсэн бүртгэл хийх, Иргэний цахим үнэмлэх дахин авах хүсэлт хүлээн авах, Гадаад паспорт сунгуулах болон шинээр авах иргэдийн материал хүлээн авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх үйлчилгээ үзүүлэх зэрэг төрийн бүхий л үйлчилгээг нэг дороос цогцоор үзүүлж байгаа юм.

Мөн тус сумын 2, 6 дугаар сургууль, 2 дугаар цэцэрлэгийн хамт олон эцэг эхчүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн, "Үдийн цай” хөтөлбөрийн амталгааг танилцуулав. Үүнээс гадна иргэд өөрсдийн боловсруулсан цагаан идээ, талх нарийн боов, зөгийн бал, утсан мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьсан байлаа.

Энэ үеэраймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг иргэдэд хүргэлээ. Тайлангаас дурдвал: Өнгөрсөн жилүүдэд Шарын гол суманд 100 хүүхдийн цэцэрлэг, 150 ортой сурагчдын дотуур байрыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулан ашиглалтад өгсөн байна. Мөн 2.1 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулж нийтийн орон сууцнуудын инженерийн шугам сүлжээг шинэчлэн засварлаж, гадна пасадыг будсан юм. Түүнчлэн сумын Соёлын төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэн, Эрүүл мэндийн төвийн барилгын дээвэр, сантехникийг бүрэн засварлажээ.

"Нээлттэй хаалганы өдөр”-ийг Орхон суманд 9 дүгээр сарын 15-ны өдөр, Хонгор суманд 9 дүгээр сарын 16 -ны өдөр зохион байгуулах бол 9 дүгээр сарын 18-ны өдөр ”Дархан 50” цогцолбор, Цэнгэлдэх хүрээлэнд гэсэн хоёр газарт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.