|

Хогийн цэгт амьдардаг хүмүүст дулаан хувцас өгнө

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат тус аймагт өрнөсөн "Нийгмийн үйлчилээг-Танд" аянд нэгдэж зорилтод бүлгийн 30 гаруй хүүхэд, 15 ээжид шинэ хувцас өглөө.

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хэлэхдээ: -"Зорилтот бүлэгт чиглэсэн ажлыг нэг удаагийн өдрийн хоол, нэг ээлжийн хувцас төдийхнөөр хязгаарлах бус харин тэдгээр хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагчийг тодорхой тогтмол ажил орлоготой болгох, хүүхдүүдийн эрүүл аюулгүй тайван амьдарч, сурч боловсрох үндсэн нөхцлийг бүрдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй” гэлээ. Тэрбээр аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй зорилтот бүлэгт харъяалагддаг эгч дүү хоёрт хувцас  өглөө. Мөн аймгийн ИТХ-аас орц хонгилд амьдардаг, өрхийн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэд тэр дундаа ХБИ-ийг авч ажиллуулах уриалга гаргаж төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хүргүүлсэн  юм. Ингэснээр ХБИ-ийг ажлын байраар хангаж тэдний амьдралын чанар сайжирна гэж үзэж байна. Мөн нийгмийн үйлчилгээ хамгийн их шаардлагатай зорилтот бүлэг буюу ХБИ-ийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх хөгжлийн төвийг "Шинэ хороолол”-ын 23 дугаар байрны доод хонгилд байгуулж энэ сарын гурванд хүлээлгэж өгсөн. Үүний зэрэгцээ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас Дархан сумын "Бараат хогийн цэг” дээр байнгын ажиллаж амьдардаг 30 гаруй иргэдэд өвлийн дулаан хувцас цуглуулах санаачлага гаргаж уг аяныг "Дархан зах”-ын лангуу түрээслэгчдийн дунд өрнүүлж эхлээд байгаа юм байна.

Б.Норовсамбуу