|

Нулимсны хүүрнэл богино өгүүллэг

Нулимсны хүүрнэл богино өгүүллэг

Тэр өдөр Баясгалангийн хичээл их л оройтож тарлаа. Харанхуй гудамнаас айн ширвээтсэн охин ийш тийш хартал хажуугаар нь ангийнх нь банди зөрөн өнгөрөв. Охин сандран араас нь хамаг тэнхээгээрээ "хүүе Баттулга аа" гэж дуудлаа. Залуу эргэн хараад зогсоход Баясгалан гүйн очив.

 

- Чи намайг гэрт дөхүүлээд өгөөч. Би харанхуйгаас айгаад байна. Залуу

-Тэгье, ээ хэмээн уриалгахан дуугарав. Тэр хоёрыг сургуулийнхаа булангаар тойртол гэнэт өмнөөс нь ноорхой хувцастай ядруухан эр халз тулгарах нь тэр.
Өнөөх ядуу хүн Баясгаланг харснаа сочин, харц нь дальдарч хурдан гэгчээр булан тойрон эргэв. Охин цааш хэсэг алхаснаа гэнэт зог тусаж "Аав", "аав" гэж чанга хэлсэнд залуу:
-Аав,аа. Охин ялимгүй сандарч:
-Өө, зүгээр санаанд нэг юм бодогдоод буруу ярьчихлаа гэхээс өөр үг хэлсэнгүй ээ.
Элдвийн юм ярьж явсаар Баясгалангийн орцны гадаа ирэв.
-За баярлалаа сайхан амраарай гээд гэртээ оржээ. Гэвч сэтгэл нь нэг л тогтож өгөхгүй түүнийг зовоосоор "аав", "аав", "миний аав" гэж амандаа үглээд:
-Мөн байсан. Би тэр харцийг хэзээ ч мартахгүй гэж өөртөө шивнээд:-Архинаас сольчихсон гэж үү? Очиж, очиж архинаас шүү хэмээн зурвасхан бодолд дарагдан зогслоо. Тэгээд ширээнийхээ ард суугаад үзэг уаас авч шууд л бичиж эхэллээ. Өөртөө хэдий их гайхсан боловч бичсээр л байлаа.
"Сайн байна уу, аав, аа. Аав, аа гэж дээ? танил ах минь. Зургаахан настай байхдаа таныг би хоёр удаа л харсан. Ээж минь таныг заагаад"-охин минь энэ хуучин хүрэмтэй хүн чиний аав гэж хэлж байж билээ. Нулимс ээдүүлсэн уйтай энэ хорвоод би ямар хатуу хувь тавилантай төрөө вэ? Алиман сар, алтан нарны дор ангир уураг шимэн бойжихдоо "аавгүй хүүхэд" хэмээх нэр зүүж өссөн шүү? Одоо ч амьдралын нугачаанд бүдчин явахдаа "аав" гэх гуравхан үсэгтэй үг атлаа орлуулшгүй ачтай хүнийг үгүйлэн, санагалзаж, харуулдан, харуусал, гуниг тээж өслөө ааваа.

Зарим хүүхдүүдийн аав цагийн эрхээр орчлонг орхисон байтал миний аав амьд сэрүүн атлаа алаг охин үр намайгаа хайхарсангүй хаяжээ. Сэтгэл харанхуйлж байна. Тэгэхээр би өөдгүй хаягдмал охин болох нь. Та намайг хундага дарснаасаа ч хувь дорд үзлээ гэж үү? Шилтэй орхи цалгих дуунаас шингэн дуутай үр миний хувь заяаны цөхрөл, гомдол сонсогдохгүй байна уу? Айлын хүүхдүүдийн "аав,аа" гэж дуудах тэр л агшинд атгахан зүрх шимширдэг шүү. Яагаад ээж бид хоёрыг орхив гэдэг асуултын тэмдэг өвчүү чээжийг урж сэндийчих шиг болдог юм. Олон, олон жилийн урсгалд олны дундаас таныг л харуулдан хүлээхдээ ээжээсээ нууж урсгасан нулимсаа үг болгон зангидаж өнчин охины нулимсны өчлийг бичиж суухад танд гомдох цөхрөлийн дусал хүний зовлонгийн далайн нэмэр болж байна. Хойд эцгийн хүйтэн харцанд хонгор үрээ өртүүлэхгүй гэсэндээ ээжий минь өдөр өдрийн нар салхинд гандах энгэрийн ганц хайлаас адил болжээ. Харахаас зүрх шархирах юм. Таныг бодсон сар өдрүүдийг намрын навчис, өвлийн цас, хаврын салхи, зуны бороотой хамт сэтгэл дундуурхан гунигтайхан үдэж суунам.

 

Ээж бид хоёрыг орхиод явсан тэр өдөр ээжийн хоолойд өнчин нулимс зангирч, гэрийн хоймор, таны нөмөр дулаанаар дутаж үлдсэн. Одоо ч та архи сархадыг илүүд үзэж, жүнзтэй дарсны амсар нүцгэлж, сэтгэлд хурсан бухимдалаа тайтгаруулдаг гэж үү аав,аа. Ээж маань өөр хүнтэй ханилсан ч таныг хэзээ ч мартаж чаддаггүй юм байна лээ. Би одоо оюутан. Жирийн л нэг оюутан. Гэвч сэтгэлдээ нил хар гуниг тээдэг. Тэр л гуниг модноосоо тасарч ойчоод унах навчсын шивнээ зүрх цочруулж, гэнэ гэнэхэн таныг минь санагдуулдаг болжээ. Нууранд хорогдон зэллэх шувуудын чимээ ээжийн үсийг сорлож, насыг нэмэх тоолонд ээж минь таныг ирэх болов уу? гэж цонх ширтэн хүлээдэгсэн. Бага байхад зулайг үнэрлэж тайтгараагүй ч одоо охин дээрээ ирж зулайг үнэрлэж, энгэр чээжиндээ эрхлүүлж хамт байгаа ч аав,аа. Өдөр бүр таниар дутан гунирхаж, шөнө зүүдэндээ бэтгэрэн нулимстай унтах охиндоо ирээч дээ. 

Нулимс ивлэгэж, таныхаа зүг рүү охин чинь уйлдаг
Нууцхан нулимс унагаж охиноо та санадаг уу? Ааваараа хөтлүүлэн инээд асган алхах үеийнхээ хүүхдүүдийг харахад зүрх ганцаардаж, гашуудалтайхан мэгшдэг.Хойд эцгийн харцны аясаар амьд явах ямар хэцүү байдаг гээч, халаасны өрөөнд амьдрахаас ч илүү хэцүү аав,аа. Зүрхнийхээ голд охин би ганцаараа үлдэх гээд байна. Зүүдний манангаа туучин сар хөрвөөсөн шөнө дөлөөр тань руугаа санаашран тэмүүлэх юм.

Намрын ангир нулимс арчиж нислээ
Охин үрийнхээ дэргэд аав та үгүй
Гэгээвчээр болор туяа гуниг задалж асгарлаа
Таниараа дутсан би зүүдээ хулжаан сочин сэртхийлээ
Гандсан навчис халаасандаа хийгээд тэнгэр ширтэхэд
Тогорууд хүртэл хосоороо нисхийм аав,аа
Дорны урсгал одод хүлхэж хонох тэр шөнө та
Гунигийг минь гишгэлэн охиндоо ирээрэй...

Ундааны сав цуглуулаад гудамжинд архи уугаад сууж байсан ч хамаагүй би таниасаа ичингүйрэн нүүрээ буруулахгүй. Яагаад гэвэл та миний аав шүү дээ.

Баясгалан бичсэн захидлаа олон дахин уншлаа. Тэгээд гэнэт нямбайхан эвхэж эхэллээ. Гурвалжилан нугалаад цаасан онгоц хийчихэв. Яаралгүйхэн босож, цонхны дэргэд очоод салхивчаа нээж:-Захидлаар хийсэн цаасан онгоц минь нис,нис. Хаягийг нь мэддэггүй аавд минь заавал хүрээрэй гэж шивнээд шидэж орхив. Цаасан онгоц эргэлдэн, эргэлдсээр нисэн одлоо. Охин захидал онгоц нь аавынх нь дэргэд буухыг харсан мэт хангалуунаар инээмсэглээд "БАЯРТАЙ" гэж араас нь шивнэлээ.


ЗҮРХ СЭТГЭЛ НЬ САРУУЛСАН ТАЙВШИРЧЭЭ.

Яруу найрагч, зохиолч Ч.Батзэвэг