|

Үр хөндөлтийн эсрэг “Чимээгүй хашхираан” дэвжээ тэмцээн боллоо

"Чимээгүй хашхираан” үр хөндөлтийн эсрэг дэвжээ тэмцээн Дархан хотод дөрөв дэхь жилдээ амжилттай болж өнгөрөв. Уг тэмцээнд тус аймгийн ерөнхий боловсролын есөн сургуулийн 9 багийн 108 сурагч оролцож өөрсдийн авъяас чадвар, ур ухаан бодлоо илэрхийлж зөв мэдээлэл солилцож бүтэн өдөр дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа зогслоо.

Нийт оролцогчдоос гадна, дэвжээ тэмцээнийг 600 орчим үзэгч үзэж хамтдаа үр хөндөлтийг эсрэг нэгдсэн. Мөн тэмцээн болохоос өмнө аймгийн нийт ерөнхий боловсролын долоон сургуулийн 529 сурагчдад "Гайхамшигт үр хөврөл” сургалтыг явуулсан аж. Дэвжээ тэмцээний дүн гарахад "Жигүүр”, "Од” цогцолбор, Орхон сумын наймдугаар сургууль эхний гурван байр эзлэсэн бол  тусгай байрт "Шилдэг хөгжөөн дэмжигчтэй баг”-аар 15, 29 дугаар сургуулиуд тус тус шалгарч өргөмжэлөл мөнгөн шагнал хүртэв. Түүнчлэн тэмцээнд амжилттай оролцсон багуудад аймгийн ЗДТГ, Нийгмийн Хөгжлийн хэлтэс, Боловсрол, Соёлын газрын нэрэмжит шагналуудыг гардууллаа. Мөн "KOICA” ОУБ-ын Дархан дахь мэргэжилтэн хатагтай Сон Ён Ран эхний гурван байранд шалгарсан багуудад гарын бэлэг гардуулж "Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”-ийн Дархан салбараас оролцсон хүүхдүүдийг гар утасны нэгжээр урамшуулав.

"Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан дэвжээ тэмцээн шагнал урамшуулал, ухаарал уярлаар дүүрэн болж өнгөрсөн. "Дөрвөн жилийн турш бидэнтэй хамтран ажиллаж үр хөндөлтийн эсрэг хамтдаа зогссон хамтрагч байгууллагууд болох "Хаанчлалын Дархан түншлэл” ТББ, аймгийн ЗДТГ, Нийгмийн Хөгжлийн хэлтэс, Боловсрол Соёлын газар, Эрүүл Мэндийн газар, "Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”-ийн Дархан салбарын хамт олон удирдлагуудад баярлалаа” гэж Дэлхийн зөн ОУБ-ын "Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийн зохицуулагч н.Ганцэцэг ярилаа.

Б.Норовсамбуу