|

Путин: Америкийнн 755 дипломатч нутаг буцна

Путин: Америкийнн 755 дипломатч нутаг буцна

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Америкийн шинэ хоригийн талаар өөрийн байр сууриа хүргэжээ. Энэ талаар "www.theguardian.com” сайт мэдээллээ.

 

ОХУ-ын Украины Крым болон Сирид хүч түрэмгийлэн цэргийн ажиллагаа явуулж буйг Вашингтон эрс буруутгаж, тус улсын эсрэг шинэ хориг тавихаар болсоноо зарласан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдр "Россия 1” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр Вашингтоны үйлдлийг "санаатайгаар өдөөн турхирсан үйлдэл” хэмээн мэдэгдэж "Бид энэ удаад хариу арга хэмээн авах болно. ОХУ ямар ч буруу алхам хийгээгүй байхад АНУ ямар ч үндэслэлгүйгээр бидний эсрэг хориг тавихаар боллоо. Энэ удаа бид хойшоо ухрахгүй. Харин хариу тэмцэх болно” хэмээн мэдэгджээ.

 

"Москва эхний ээлжинд АНУ-ын 755 дипломатч нутаг буцах болно. Энэ бол дөнгөж эхлэл гэдгийг нь хэлэх зүйтэй. Энэ сөрөг харилцааны эхлэлийг бид тавиагүй. Тиймээс санаа зовох шаардлага бидэнд байхгүй” хэмээн Путин ярилцлагынхаа үеэр онцлов.

 

"Хариу хориг арга хэмжээ авахаас өөр сонголт байсангүй юу?” гэх сэтгүүлчийн асуултад Ерөнхийлөгч Путин "Тэдэнд хангалттай цаг олгосон. Нөхцөл байдал эерэгээр шийдвэрлэгдэх болов уу хэмээн их ч хүлээсэн их ч найдсан. Харин тэд бидний сайхан сэтгэл болон итгэл найдвар руу ямар ч шалтгаангүйгээр ус цацаж орхилоо. Одоо хариу тэмцэхээс өөр сонголт үлдсэнгүй. Та бүхэн ч гэсэн харж байна. Нэгэнт хоёр улсын дунд асар том ангал үүслээ. Тиймээс бид ямар ч зүйлийг чимээгүй өнгөрөөдөггүй гэдгээ одоо харуулах цаг ирлээ” гэж хариулжээ.

 

АНУ-ын Конгресс өнгөрсөн долоо хоногт ОХУ, Иран болон Хойд Солонгосын эсрэг хэд хэдэн хоригийн саналыг дэмжсэн билээ. Энэ талаар албаныхан мэдэгдсэний дараахан ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба Москва хотноо байгаа Америк дипломатчдын тоог бууруулж буйгаа мэдэгдсэн юм.

 

ОХУ-д АНУ-ын дипломатчдын тоо хэдийнэ 1200 даваад байгаа бөгөөд энэ тоо хэтэрхий их байгаа талаар Москва мэдэгдэж, "Орос ажиллаж, АНУ-ын дипломатчдын тоо 455-аас хэтрэхгүй байхаар тооцсон” гэж мэдэгджээ. "АНУ-д Оросын 455 дипломатч бий. Ирэх сарын 1-ний өдөр гэхэд хоёр улсад ажиллаж буй дипломат ажилчдын тоо тэнцүү байх ёстой” хэмээн Москва уламжлав.

 

Хэдий Конгресс, ОХУ-ын эсрэг хориг тавихаар шийдвэрлэсэн ч Ерөнхийлөгч Путин "Хоёр орны дунд таагүй харилцаа үүссэн боловч бид олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу терроризм, цөмийн зэвсгийн хязгаарлалт, дэлгэрүүлэхгүй байх, сансар судлалын салбарт хамтын ажиллагаагаа ямар ч асуудалгүйгээр хэвийн үргэлжлүүлэх болно” гэж мэдэгджээ.

 

"ОХУ саад бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ. Мөн эдийн засгийн хүндрэл, бэрхшээлээс хэрхэн гарах вэ?” гэх асуултад Путин "Бид БНХАУ-тай харилцаагаа улам өргөжүүлэхээс гадна Европын холбоотой нягт холбоотой ажиллана. ОХУ, АНУ-аас илүү Европын холбоо болон БНХАУ-тай худалдаа болон эдийн засгийн холбоотой” гэж мэдэгдлээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Путин нар өнгөрсөн сарын эхээр Германд анх удаагаа уулзах үеэрээ Сирид энхтайван тогтоох тал дээр хамтран ажиллахаар болсон билээ. Путин "Америктай таагүй харилцаатай байгаа боловч бид Сирид энхтайван тогтоох тал дээр АНУ-тай илүү ойр ажиллах болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг