|

Дундуур амьдрал ба дундажгүй Монгол

 

Хөгжингүй улс орнуудад дундаж давхаргынхан нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, нуруундаа үүрч явдаг төдийгүй тухайн улсын нүүр царай болдог гэх. Үндэсний статистикийн хорооноос саяхан гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний долоон сарын судалгаа тайланд дурдсанаар бүхий л зүйл өсөлттэй сайхан байгаа дүр зураг харагдана.

 

Тухайлбал, өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн дундаж орлого 926.4 мянган төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Баярлууштай сайхан тоо байна. Гэвч өрхийн сарын дундаж зарлага нэг сая төгрөг байдгийг статистик тоо хэлж байна. Үүнээс харвал өрхийн төсвийн алдагдал /70 мянга гаруй төгрөг/-ыг хаанаас нөхдөг байж таарах вэ. Мэдээж нөгөөх л цалингаас цалингийн хоорондох зээл, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд хамрагдаж таарна.

Иймэрхүү сүлжээнд амьдардаг айл нийт өрхийн 30 орчим хувийг эзэлж байна. Хүн болгон адилгүй гэдэгчлэн айл өрх бүхэн ийм биш л дээ. Сардаа хоёр саяас дээш төгрөгийн орлоготой, боломжийн амьдралтай айл хотол ч бий. Тэр нь даанч цөөхөн буюу статистикийн мэдээгээр нийт өрхийн 5.7 хувийг л эзэлж байгаа юм. Харин нийгэм, эдийн засгийн параметр болдог дундаж орлоготой айл өрх 32.8 хувийг бүрдүүлж байгаа юм. Бусад улс оронтой харьцуулбал бидний дундаж гэж нэрлэж байгаа 500-900 мянган төгрөгийн орлого ичмээр тоо байх.

Гэхдээ л Монголын хэмжүүрээр тооцсон дундаж орлоготой айл нийт өрхийн 40 хувьд ч дөхөхгүй байгаа нь бидний амьдрал ямар буйг хэлээд өгч байна. Нэгэнт ийм орлоготой хүмүүсийн зарлага нь бүр ч хөөрхийлөлтэй. Статистикийн үзүүлэлтээр 300 мянган төгрөгөөс доош болон 2.1 саяас дээш төгрөгийн зарлагатай айл өрхийн тоо тун ойролцоо /7.6 хувь/ байгаа нь баян хоосны ялгаа хэр болсныг илтгэж байгаа юм. Нөгөө "Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсан нь яг тэнцэнэ” гэдэг шиг. Түүнээс гадна бидний дундаж орлоготой гэж тодорхойлж буй айл өрхийн зарлага олсонтойгоо бараг л дүйцэж байгаа юм. Өрхийн сарын дундаж орлого өмнөх жилийн мөн үеэс ердөө 50 гаруйхан мянгаар ахисан нь эргээд хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэлтэй шууд холбогдоно.

 

"... Чанаргүй зээлийн хэмжээ бага багаар өссөөр байгаа нь банкны салбарынхны санааг зовоож эхэлснээс гадна нөгөөх улс орны нийгэм, эдийн засгийн нүүр царай, толь байх учиртай дундаж давхаргынхны чадал чансаа доройтож, хүчин мөхөсдөж буйг давхар илтгэж байгаа явдал юм..."

 

Манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1.4 саяд хүрсэн байна. Үүнд 15-аас дээш насны хөдөлмөрийн чадвартай бүх хүнийг хамруулан ойлгодог. Гэтэл статистикийн хэлээр ажиллах хүчний оролцооны төвшин буюу хөдөлмөр эрхэлж буй хүн улсын хэмжээнд 61.6 хувьтай байгаа нь дэндүү чамлалттай үзүүлэлт биш гэж үү. Хөдөлмөрийн чадвартай, ид хөдөлмөрлөх насандаа яваа хүмүүсийн 40 орчим хувь нь хэн нэгний хөлс хүчийг сорон амьдарч байна гэсэн үг. Үүнд эдийн засгийн идэвхгүй хэмээх ангилалд багтдаг суралцагчид, тэтгэвэр тэтгэмж авдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамраагүй гэдгийг зориуд хэлмээр байна.

Дээр дурдсан бусдын хөдөлмөрийг мөлжиж, дураар сэлгүүцэн амьдрагчдын дотор 15-34 насны, бүртгэлтэй ажилгүй иргэд 59.1 хувийг эзэлж байна гэж бодоход харамсал төрнө. Тэр дундаа уул уурхайн баялаг, түүнийг дагасан олон зуун компани үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь аймагт улсын дунджаас 23.6 пунктээр өндөр байна. Энэ нь манай улс ажиллах хүчнийхээ нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаагийн нотолгоо юм.

Нөгөө талаар иргэдийн боловсрол, мэргэжлийн ур чадвар хангалтгүй байгаатай ч холбоотой л байх. Бас сургалтын чанар. Учир нь, бүртгэлтэй ажилгүй иргэдийн дотор дипломын болон бакалавр, магистр түүнээс дээш боловсролтой мэргэжилтэн 31.4 хувьтай байна. Бас нэг сонирхолтой зүйл нь иргэдийн хадгаламж. Энэ оны эхний долоон сард мөнгөний нийлүүлэлт 14 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнд иргэдийн төгрөгийн болон валютын хадгаламж ихээхэн нөлөө үзүүллээ гэж ҮСХ дүгнэжээ. Тоогоор хэлбэл, валютын хадгаламж 205.9 тэрбум, төгрөгийн хадгаламж 103.5 тэрбум төгрөгөөр өссөн байх юм. Манай улсын банкны салбар дахь нийт хадгаламжийн 80-90 хувийг цөөхөн айл өрх, иргэн бүрдүүлж байдаг гэдэг. Тэд л өндөр хүүтэй хадгаламжаа шүтэж зузаалж байдаг болов уу гэж олон нийт харддаг нь үнэний ортой байх. Түүнээс биш ажлаа л хийж, амьдралаа залгуулж яваа нийгмийн олонх буюу дундаж, бага орлоготой иргэдэд хадгалахаар илүүчилдэг мөнгө, валют байх нь юу л бол. Үүнийг доорх тоо баримт батална. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны долоодугаар сарын эцэст 13 их наяд, банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна.

Чанаргүй зээлийн тухайд тухайн банкны нийт активын тав хүртэлх хувь байж болох олон улсын жишиг байдаг ч манай арилжааны банкуудын 6.8 хувьд хүрсэн тухай статистикчид хэлж байгаа юм. Тийм ч учраас ОУВС-ийн шинжээчид Монголын арилжааны банкуудын активын бүтцэд шалгалт хийх тухай саналаа тавьсан байх. Чанаргүй зээлийн хэмжээ бага багаар өссөөр байгаа нь банкны салбарынхны санааг зовоож эхэлснээс гадна нөгөөх улс орны нийгэм, эдийн засгийн нүүр царай, толь байх учиртай дундаж давхаргынхны чадал чансаа доройтож, хүчин мөхөсдөж буйг давхар илтгэж байгаа явдал юм.

Учир нь, арилжааны банкны зээлийн багагүй хувийг ипотекийн буюу орон сууцны зээл эзэлж байдаг. Түүнд хамрагдсан зээлдэгчдийг Монголын дундаж давхаргын айл өрх, иргэн гэж ойлгодог билээ. Тэд хэдийд энэ шалгуурыг жинхэнэ ёсоор хангадаг болох бол гэдэг нь асуултын тэмдэгтэй хэвээр байна.

 

Д.МӨНХЖАРГАЛ

 
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу