|

“Эко констракшн”-ы захирал С.Нямдаваа та хөдөлмөрийн аюулгүй байдал гэж мэдэх үү

"Эко констракшн”-ынхан хөдөлмөрийн аюулгүй байдал гэгчийг мэдэхгүй бололтой. Энэ компанитай холбоотой олон таагүй мэдээлэл сонсогддог. Чанаргүй барилга барьдаг гэж оршин суугчид хэл ам гаргадаг. Гэтэл бас болоогүй баригдаж буй барилга дээрээс нь юм унаж хүн гэмтээх явдал ч бишгүй тохиолддог. Харамсалтай нь үүнийг тус компанийнхан бүр тоохоо байсан бололтой. Компанийн захирал С.Нямдаваа ч аргалчихдаг юм шиг байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй "Эко констракшн”-ы "King tower” хотхоны барилгаас юм унаж, хүн гэмтээжээ. Дүүргийн цагдаагийн хэлтэс уг асуудлыг шалгаж буй аж. Тус байгууллагын баригдаж буй барилгаас өргөгч кранаас дамнуурга унаж, улмаар арматурчин Э гэх залуу нуруу хэсгээрээ хавчуулагдаж гэмтсэн байна.    

Ийм асуудал "Эко констракшн”-ы хувьд тохиолдож буй анхны асуудал биш юм. "Тэнгис” кино театрын хажуугийн барилга дээрээс төмөр унаж, залуугийн аминд хүрсэн. Энэ барилгыг тус компанийн эзэн С.Нямдаваа усан барина хэмээн газрыг нь авч байсан гэх мэдээлэл ч тухайн үед хэвлэлээр цацагдаж байсан юм. Барилга дээрээс нь юм унаж, хүний амь эрсдэж, гэмтэж байна. Чанаргүй гэх барилгаас нь болж оршин суугчид нь хохирч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын стандарт гээчийг умартсан "Эко констракшн”-ы С.Нямдаваад хариуцлага тооцвол яасан юм бэ. Үүнийг нь хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоож, хариуцлага хүлээх ёстой бол хариуцлага хүлээлгэх ёстой юм шүү.

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгохыг дэмжиж, зээлийн хүү 5 хувь руу орох таатай мэдээг монголчууд бид өчигдөр сонссон. Гэтэл барилгын чанар алдагдаж, баригдаж буй барилгаа ч аюулгүй барьж чадахгүй байгаа компаниудад итгэх итгэл суларсаар байна.

Эх сурвалж: Цензургүй.МН Х.Наран