|

Монголчуудын цээрлэх ёсон

Монголчуудын цээрлэх ёсон

 

-Давс харамлахыг цээрлэнэ. Харамлаваас цавь цоорхой, ивэрхий хүүхэд гарна гэнэ. -Давс галд хийхийг цээрлэнэ. Нүүрлэсэн гай, шүгэлсэн муу юмыг зайлуулах, хөөхөд гал дээр давс хийн түлдэг. Энгүүн цагт галд давс хийвээс галын бурхан цочино гэнэ. -Давсыг гараараа өгөх, авахыг цээрлэнэ. Заавал юман дээр тавьж өгч авалцана.Аргагүй авах бол алганы ар дээр тавиулж авна. Гар хуруугаар атгаж, чимхэж авч өгөлцвөөс өстөн болно гэнэ. -Давсгүй цай, хоол аягалахыг цээрлэнэ. Зөрчвөөс хойт төрөлдөө нүцгэн явна гэх буюу тухайн өдөр үйлс бүтэхгүй болно гэнэ.
-Давхар биетэй эмэгтэй нас барвал хүүхдийг нь салган авахгүй хайлах, оршуулахыг цээрлэнэ. Заавал салгадаг ёстой. Учир нь талийгаач үрийн эх учраас төрөл аваад бүтээгүй хүүхдийн хойшдын зам мөрд саад болох учиргүй гэснийх бөлгөө. -Дуутай ширүүн бороотой үед унаа моринд хазаар зүүхийг цээрлэнэ. Зүүвээс аянга цахилгаан дайрч мэднэ гэнэ. -Дуутай бороо орох үед мал саахыг цээрлэнэ. Зөрчвөөс тэнгэрийн дуунд харш гэнэ. -Дэлэнг зарим нутагт идэх огтлохыг цээрлэнэ. Малын дэлэн сүү саалийн эх булаг тул эхтэй хүн, мал сүрэгтэй айлынхан идэхийг цээрлэдэг заншилтай байжээ.
-Дэлүүг махтай нь хаяхыг цээрлэнэ. Заавал махнаас салгаж тавина. -Дэлүүг хазаж идэхийг цээрлэнэ. Идвээс заавал хутгаар огтлон идээд үлдвээс галд өргөн түлдэг ёс буй.

Гал голомттой холбоотой цээрлэх ёс
-Галд хутга дүрэхийг цээрлэнэ. Үл хэрэсвээс хөнөөх муу ёр удлаа гэх буюу галын бурхан шархдана, хилэгнэнэ гэнэ.
-Гал тахих үеэс галын хайчийг ил байлгахыг цээрлэнэ. Заавал далд хийнэ. Зөрчвөөс галын бурхан цочино гэнэ.
-Гал тахин архи, тос өргөх үеэс жирэмсэн эмэгтэй ойр байхыг цээрлэнэ. Зөрчвөөс ураг унах буюу үр зулбана.
-Галаар наадах, тоглохыг цээрлэнэ. Тухайлбал хүүхэд багачууд галтай цучил, мөчир, бамбар барьж тогловол гал алдана, түймэр тавина хэмээн хориглоно.
-Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө гэнэ.
-Гал түүдэг хээр хөдөө асаагаад гүйцэд унтраахгүй байхыг цээрлэнэ. Зөрчвөөс түймэр тавина гэнэ.
-Галын хайч хаалганд хүргэхийг цээрлэнэ. Үүдэн тэнгэр сахиулган хилэгнэнэ гэнэ.
-Гантай жил хуурай өвс, бут, модтой газар гал түлэх, түүдэг асаахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс гал алдана, түймэр тавина гэнэ. Зайлбаргүй асаах бол болгоомжтой сэрэмжтэй үйлдэнэ.
-Ганц мод бариад гэрт орохыг цээрлэнэ.Үл хэрэгсвээс модоо барьсан гуйлгачны шинж үзүүлэв муу хэмээнэ.
-Гахай өдөр нүүхийг, гал таслахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс өлзий бус болно гэнэ.
-Гахай өдөр шинэ үйл эхлэх, хийхийг цээрлэнэ.Зөрчвөөс үйлс бүтэл хазгай болно гэх буюу үхэл хагацал дайрна гэнэ.
-Голомтын галд бохир эд юм, хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ.Зайлна хэмээн үл шатаана.
-Голомтын тулга, зуухны үнсийг бужигнуулах, самардахыг цээрлэнэ. Айлын гал голомт ариун дархан байх учиртай бөгөөд айл гэр бат, амар түвшин байхын бэлгэ тэмдэг хэмээн монголчууд үздэг бөлгөө.
-Голомтын гал дээр ус асгахыг цээрлэнэ. Асгаваас гал голомт балрах муу ёр хэмээн жигшинэ. Ер гал, ус харшийн учир тийнхүү цээрлэнэ. Хэрэв зайлбаргүй унтраах буюу бачуу хэрэг тохиолдвол "Галын бурхан та хөлөө татаарай” хэмээн хэлээд цээр арилгана