|

Румынд авилгын эсрэг томоохон жагсаал боллоо

Румынд авилгын эсрэг томоохон жагсаал боллоо

 

Румын парламентын чуулганаар өндөр дээд түвшин дэх авилга хээл хахуулийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд саад хүндрэл учруулахуйц гэж мэргэжилтнүүд шүүмжлэгчид тодорхойлж байгаа хуулийн төслийг хэлэлцэж  байна. Үүнтэй  холбоотойгоор Румыны  иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал зохион байгууллаа.

Жагсагчид Бухарест хотын төв талбайд эхлээд цуглацгааж, дараа нь хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байсан парламентын ордныг зүглэсэн байна. Энэ үеэр жагсагчид болон цагдаагийн  ажилтнуудын хооронд мөргөлдөөн гарчээ. Тус улсын нийслэл хотод  болсон  жагсаалд  70 гаруй мянган  хүн  оролцсон гэж мэдээлж байгаа. Мөн өөр  олон хотод ийм эсэргүүцлийн  жагсаал  болсон ч Бухарест хотынх шиг  олон  хүн нэгдэж чадаагүй байна.

Өнгөрсөн онд Румыны засгийн газар прокуроруудын эрхийг хязгаарласан ийм өөрчлөлт хийхийг оролдсон ч олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж шүүхийн систем дэх өргөн шинэтгэлээсээ татгалзахад хүрч байсан. Тухайн үед өрнөж байсан иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг коммунист дэглэм тус улсад  нуран  унаснаас хойших хамгийн  томд  тооцогдог байна.