|

Иран ОХУ-аас зэвсэг худалдан авахаар зэхэв

Ираны Батлан хамгаалахын сайд Хосейн Дехган тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчилж, тус улсын албан тушаалтнуудтай хэлэлцээр хийж эхэлжээ. Айлчлалын хүрээнд хоёр тал зэвсгийн наймаа хийх хэд хэдэн гэрээг хэлэлцэж буй талаар Оросын "Коммерсант” сонинд нийтэлсэн байна.

Тухайлбал, Ираны тал ОХУ-аас худалдан авахыг зорьж буй нийт найман тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг, техникийн жагсаалтыг хүлээлгэн өгсөн аж. Гэхдээ Ираны хувьд нэг дор их хэмжээний зэвсэг худалдан авах санхүүгийн эх үүсвэр дутагдалтай бол Оросын хувьд эдийн засгийн хямралын уршгаар зээл олгох боломж хомс болсон нь энэхүү наймаанд саад болох эрсдэлтэй.

Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан тогтоолын дагуу Иранд ердийн зэвсэг худалдахад тодорхой хязгаарлалт тавьсан аж. Иранд зэвсэг нийлүүлэхийн тулд эхлээд Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл авах журамтай ба уг хориг арга хэмжээ 2020 он хүртэл хүчин төгөлдөр байх юм.

Д.Болд