|

Монголын улс төрд “Намрын халуун өдрүүд” наашилсаар байна

 

Сар хүрэхгүй хугацааны дараа буюу ирэх 10 дугаар сарын 1-нд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ.  Энэ нь Монголын улс төрд шинэ сезон эхэлж байна гэсэн үг.  УИХ-ын удахгүй эхлэх чуулганыг зарим хэвлэл мэдээлэл "Намрын халуун өдрүүд”-тэй зүйрлэж байгаа нь санамсаргүй хэрэг биш.  

Өнгөрөгч зургадугаар сарын сүүлчээр хаврын чуулган хаалтаа хийсэн өдрөөс хойш хувь улс төрчийн тоглолт Ерөнхийлөгчтэй хүч хавсран ээлжит бус чуулган хуралдуулах асуудлаар зунжин "уянгалсан” билээ.  Ээлжит бусын  энэ "уянга”  ээлжит чуулганд үргэлжлэхийг байг гэх газаргүй.  Гэхдээ жил жилийн намрын чуулган төлөвлөсөн сэдвээсээ халих зав зай багатай, хэлэлцэх асуудлын хувьд шахуу төлөвлөгөөтэй байдаг.

Энэ нь ирэх оныхоо төсвийг хэлэлцэж батлах товлосон хугацаа, тогтоосон өдөр цагтай байдагтай холбоотой. Тэгэхээр үндсэндээ 11 дүгээр сарын 15 хүртэл УИХ-ын чуулган 2019 оны төсөвтэйгээ "барилдана” гэсэн үг. Төсөв гэсэн энэ өргөн агуулга дотор намрын чуулганаар хэлэлцэхээр тогтсон Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл багтаж байгаа.

Энэ намрын чуулган ач холбогдол, эрх ашгийн эрэмбээрээ дээгүүрт тавигдах хэд хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эдгээрээс хамгийн хүлээлттэй нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, түүнчлэн Татварын багц хуулийг онцгойлох учиртай.  Мөн Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн хуулийн өөрчлөлт намрын чуулганы хэлэлцэх асуудалд эрэмбэлэгдээд байгаа.

Улаанбаатарын оршин суугчдын хувьд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт  анхаарлын төвд байгаа байх. Ер нь тэгээд чухалгүй хууль гэж юу билээ, бүгд л Монголын улс төр, нийгэм эдийн засгийн амьдралд  үгүйлэгдэж буй эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх учиртай төслүүд.

Эцэг хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр хоёр ч удаагийн чуулганы асуудалд оруулсан ч хойшилсоор өнөөг хүрсэн. Хуульд оруулах өөрчлөлтийг 2017 оны хавар зунжин ард түмнээрээ хэлэлцүүлж тэндээс гарсан 5.6 сая орчим саналыг нэгтгэж хуулийн төсөлд тусгаад байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн мэдээлж байгаа юм. Үндсэндээ бэлэн болчихсон гэсэн үг. Гэхдээ бэргэж хоргоод байгаа юм уу, яасан юм, хоёр ч удаа хойшлуулсан. Одоо эрхбиш хэлэлцэж таарах болов уу.

 Гэвч үүний зэрэгцээ намрын чуулганаар урьдчилан төлөвлөгдөөгүй хэд хэдэн асуудлыг хэлэлцэх зайлшгүй шаардлага бий болоод байна.  Юу гэвэл намрын чуулганы эхэнд Зам тээвэр, хөгжлийн сайдын томилгоо, 42 дугаар тойрогт  болох нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэх асуудлыг эхлэн хэлэлцэх нөхцөл байдал үүсээд буй. Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт гаргасан ч түүнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Сураг сонсвол сайдын суудлыг зүүдэлж яваа олон хүн бий гэлцэнэ.

Хэнтийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн товыг ҮХЦ хууль зөрчсөн хэмээн ирэх оны зургадугаар сар хүртэл  хойшлуулаад байгаа.  УИХ-ын  тухайн сонгуульд   нэр дэвшигч нь 6 сарын өмнө төрийн албанаасаа чөлөөлөгдсөн байх хуулийн заалттай. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хорооны товлосон  10 дугаар сарын 6 гэсэн хугацаа төрийн албан хаагчдын нэр дэвших эрхийг хязгаарласан гэсэн ҮХЦ-ин дүгнэлт гараад байгаа билээ. 

Хуулийн ийм зохицуулалтаас шалтгаалан тухайн тойргийн сонгогчид бүтэн жил гаруй хугацаанд төрд төлөөлөлгүй болж байгаа нь хуулийн зохицуулалт оновчтой биш, амьдралд нийцэхгүй байгааг харуулна. Намрын халуун өдрүүд наашилсаар л  байна.

М.Нэргүй

http://www.zaluu.com/read/28ffgdhcg