|

БНИУ-ын төлөөлөгчид Дархан-Уул аймагт айлчиллаа

 

БНИУ-ын төлөөлөгчид Дархан-Уул аймагт айлчиллааОлон улсын хамтдаа суралцах сүлжээ /Joint Leorning Network/ байгууллагын үйл ажиллагааны хүрээнд  эрүүл  мэндийн даатгалын тогтолцоо, бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулахад анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийн арга хэмжээ, нөхцөл байдал, үр дүнтэй танилцах зорилгоор Бүгд Найрамдах Индонез улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид Дархан-Уул аймагт айлчиллаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНИУ-ын ЭМЯ-ны санхүү удирдлага, мэдээлэл технологи, анхан шатны тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал, Индонезийн Үндэсний их сургууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан удирдах ажилтнууд болон Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд байлаа.

Төлөөлөгчдийг Аймгийн Засаг Дарга С.Насанбат, НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзсан ба эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаар  бусад  орнуудаас туршлага судалж байсан бол энэ удаа өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах болсондоо баяртай байна гээд орон нутгийн засаг захиргааны байгууллагаас хамтын гэрээний хүрээнд Өрх, Сумын эрүүл мэндийн төвийг материаллаг бааз болон хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр байнга  дэмжиж, нягт хамтран ажилладаг талаар танилцууллаа.

Үүний дараа төлөөлөгчид ЭМГ-т айлчилж  ЭМГ-ын удирдлага,  эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдтэй  уулзалт ярилцлагыг зохион байгуулав. Аймгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны талаарх танилцуулгыг ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хийж, салбарын засаглал, эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал, санхүүгийн урсгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, анхан шатны тусламж үйлчилгээний зорилго, хаалга барих үйлчилгээ,  санхүүжилт, тулгамдсан асуудал  зэрэг сэдвүүдээр харилцан ярилцав.

Мөн төлөөлөгчид Монгол Улсын хамгийн том өрх болох 35000 гаруй хүнд үйлчилдэг, Улсын Хошой аврага Госхот Өрхийн эрүүл  мэндийн төвийн үйл ажиллагаа, эмч мэргэжилтнүүдийн хүн ам, өрхийн эрүүл мэндийн бүлэг тогтоолт, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт, "Цахим жор” хөтөлбөрийн хэрэгжилттэй  танилцаж өндөр сэтгэгдэлтэй буцлаа.

Энэ удаагийн БНИУ-ын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн айлчлал нь тус аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ололт амжилтыг бусад оронд туршлага хэлбэрээр танилцуулсан, Индонез улсын эрүүл мэндийн байгууллагын  зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар бодит мэдээллээр хангагдсан үр дүнтэй үйл ажиллагаа болсонд эмч мэргэжилтнүүд талархалтай байна.

Н.Цэцэгнавч