|

Иракийн шинэ Ерөнхийлөгчөөр Бархам Салех сонгогджээ

Иракийн шинэ Ерөнхийлөгчөөр Бархам Салех сонгогджээ

Иракийн Төлөөлөгчдийн зөвлөлийн депутатууд улс орныхоо шинэ ерөнхийлөгчөөр Курдистаны эх оронч холбоо намаас нэр дэвшигч Бархам Салехыг сонгожээ. Түүнийг 165 депутат дэмжсэн байна. Телевизийн "As Sumaria” суваг санал хураалтын дүнг шууд дамжуулан үзүүлжээ.
Өөрийг нь сонгосон депутатуудын өмнө тангараг өргөхдөө тэрбээр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаална гэдгээ хэлжээ. 
Хуралдаанд нийт 329 депутатаас 301 депутат оролцсон байна. Санал хураалтын эхний шатанд саналын гуравны хоёрыг авсан нэг ч нэр дэвшигч байгаагүй учир ялагч тодроогүй байна. Хоёрдугаар шатны дүнд ерөнхийлөгчид нэр дэвшигч олонхийн дэмжлэгийг авах ёстой байсан аж. Энэ санал хураалтад Курдистаны ардчилсан намаас нэр дэвшигч Салехын гол өрсөлдөгч Фуад Хусейныг 70 хүн дэмжжээ.
Эхний шатанд Салех ерөнхий сайдыг томилох, парламентын олонхийн эвсэлд засгийн газрыг эмхлэн байгуулах бүрэн эрх олгох юм. Газрын тосны сайд асан Адель Абдель Махди ерөнхий сайдын албан тушаалд суух хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч болоод байгаа аж.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг