|

Бичил уурхай дахь хүний эрх

Бичил уурхай дахь хүний эрх

 

Манай улсын иргэд алт, жонш, нүүрсийг гар аргаар олборлож эхлээд 30 орчим жил болж байна. Энэ хэрээр гар аргаар ашигт малтмал олборлохыг хумих төрийн бодлого, үйл ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн ч нөгөө талаас орон нутгийн амьжиргааны эх үүсвэр болж буй нь бодит нөхцөл байдал юм. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдсэн нь гар аргаар ашигт малтмал олборлохтой холбоотой үүссэн эмх замбараагүй байдлыг цэгцлэх, иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, ашигласан газраа нөхөн сэргээх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, осол гара­хаас урьдчилан сэргийлэх, улмаар аливаа хэл­­бэрийн химийн хорт бодисын хууль бус хэ­рэг­­лээг хориглоход чу­хал түлхэц болсныг мэргэж­лийн байгууллагууд мэдээл­дэг. Гэхдээ бичил уур­хай дахь хүний эрхийн асууд­­­лыг орхигдуулж болохгүй.

 

УУРХАЙД АЖИЛЛАДАГ 122 ХҮҮХДИЙН  37.7 ХУВЬ НЬ  МӨНГӨН УСТАЙ ХАРЬЦДАГ

 

Бичил уурхайд хүүхэд, эмэгтэйчүүд олноор ажиллаж байгаа нь төрийн оновчтой  зохицуулалт шаардлагатайг харуулж байгаа юм. Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай илтгэлд алтны ордуудад насанд хүрээгүй хүүхдүүд томчуудын нэгэн адил шороо зөөж ухах, ачиж буулгах, чулуу бутлах, мөн­гөн устай ажиллах нь түгээмэл байгааг дурдсан байдаг. Алтны үнд­сэн болон шороон ордод хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа бөгөөд уурхайнуудад ажилладаг 122 хүүхдийн дунд мөнгөн устай харьцаж ажилладаг хүүхэд 37.7 хувийг эзэлж байжээ.

Хүүхдүүд осолд өртөж болзошгүй газрын гүнд, нүх цооногт ажиллах, чулуу бутлах хүнд хүчир хө­дөл­мөр эрхэлж, хүүхдийн өргөх ачааны зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-3 дахин хүнд шороо, чулуу зөөж байжээ. Налайх дүүр­гийн нүүрсний уурхайд 200-300 хүүхэд тогтмол ажиллаж нүүрс чирж гаргах, шигших, түүх зэрэг хүнд хортой хөдөлмөр эрхэлж байгаад төр, засаг анхаарал хандуу­лах шаардлагатай байгаа талаар ХЭҮК УИХ-д өргөн мэдүүлж байсан юм.

Хүүхэд гар аргаар ашигт малтмал олборлоход оролцох, ажиллах нь тэднийг амь насаа алдах, бэртэж гэмтэх, өвчин эмгэгтэй болоход хүргэх эрсдэлтэйгээс гадна алт, жоншны уурхайд хийж буй ажил нь биеийн хүч их шаарддагаас  агааргүйдэх, шороонд даруулах, нүхэнд унах эрсдэлтэй байсан байна. Тухайлбал, алт олборлохоор хөдөлмөрлөж буй хүүхдүүдийн 18.7 хувь нь нүхэнд унаж, 17.1 хувь нь чулуу, багажинд цо­хиулж, 1.5 хувь нь шороонд дарагдаж, 3.1 хувь нь машин техникт дайруулж, 12.5 хувь нь усанд унаж, мөн 48.3 хувь нь бие эрхтэндээ гэмтэл авч байжээ. Алт, жон­шийг гар аргаар ол­бор­лох хөдөлмөр нь хүүх­дийн амь нас, эрүүл, мэнд, аюулгүй байдалд бо­дит эрсдэл учруулж, сурч боловсрох, хөгжих эр­хэд нь сөргөөр нөлөөлж байгаа учраас тэвчишгүй хэл­бэрийн хөдөлмөр мөн хэмээн үзэж таслан зог­соох, хүний эрхийн зөрч­лөөс сэргийлэх чиглэ­лээр тодорхой саналууд тусгасан байдаг.

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ОЛОН УЛС АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА

 

Өнгөрсөн хугацаанд гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, хариуцлагатай бичил уурхай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бичил уурхай бүхий орон нутгийн төрийн үйлчилгээ, засаглалыг хүний эрхэд ээлтэй болгох зорилгоор ХЭҮК, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж энэ төрлийн судалгааг хийж, бичил уурхайчдад сургалт зөвлөгөө өгч иржээ. Энэ хугацаанд хүний эрхийн цахим сургалтын кампусыг бий болгож, хүссэн хүн бүхэн зайнаас суралцах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ хүний эрхийн зөрчил маргааны талаарх гомдлоо гар утасны аппликэйшнээр дамжуу­лан хүссэн газраасаа шууд гар­гаж шийдвэрлүүлэх болом­жийг бүрдүүлсэн байна.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг "Ашигт малтмалын тухай хууль” болон бусад холбогдох журмаар боловсронгуй болгож буй хэдий ч бичил уурхайчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ялгаварлан гадуурхалтгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, цэвэр усаар хангагдах, газар эзэмших, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн халамж хүртэх, амьдран суух газраа чөлөөтэй сон­гох  эрх зөрчигдөж иржээ.

Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг олон улс анхааралтай ажиглаж байна. Үүний илэрхийлэл нь UPR буюу Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг. 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт 164 зөвлөмж өгснөөс 150 зөвлөмжийг Монгол Улс хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан билээ. Эдгээр зөвлөмжийн дотор хүний эрхэд суурилсан бичил уурхайн бодлого, бичил уурхайчдыг дэмжих хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Итали, Унгар, Швейцарь улсаас дараах зөвлөмжийг өгсөн байдаг.

Тухайлбал, "Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх ажлаа өргөжүүлэх, хүүхэд хөдөлмөрийн аюултай нөхцөлд, түүний дотор бичил уурхайд хөдөлмөр эрхлэхгүй байх нөхцлийг хангах, Миниматагийн конвенцийг соёрхон батлах асуудлыг судлан үзэж, бичил уурхай эрхлэгчдийн олборлох эрхийг хангах, тэдгээрийн үйл ажиллагааг аль болох хурдан хугацаанд албажуулах. Мөн гар аргаар уурхай эрхэлж байгаа ажилчдын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилгоор тус салбар дахь мөнгөн усны хэрэглээг зохицуулсан үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр Швейцарь улсаас тусгай зөвлөмж өгчээ. ХЭҮК-оос 2015-2016 онд долоон аймгийн 22 суманд ажиллаж бичил уурхай эрхэлж буй уурхайчдын хүний эрхийн нөхцөл байдалд үнэлгээ хийжээ.  Энэ үеэр бичил уурхай эрхэлж байгаа иргэдийн ажлын нөхцөл хүнд, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах эрсдэл өндөр байсан байна.



С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу