|

Ш.Цэрэндулам: Шатахуун борлуулагч ААН-үүдийг 130 сая төгрөгөөр торгосон

 

ШӨХТГ-аас цаг үеийн хяналт шалгалттай холбоотой мэдээлэл өглөө.  ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч есөн аж ахуйн нэгжийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлсэн. Петростар, Магнай трейд, Шунхлай трейдинг, Содмонгол групп, М-Ойл групп, Жаст-Ойл, Синчи-Ойл, Монсуль ХХК, Ойн бирж компанийг шалгасан. Шинжилгээний үр дүнгээр дээрх есөн аж ахуйн нэгжийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дмЗ байгаа нь тодорхойлогдсон байна. Мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин октан тоондоо хүрээгүй байна.

Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги буюу катализаторд муугаар нөлөөлдөг . Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг.

Тиймээс ШӨХТГ-аас дээрх есөн аж ахуйн нэгжид холбогдох зөрчлийн хэрэг нээж шалгахад жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь "Хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017” хэмээх Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон. Тус 9 аж ахуйн нэгжид тус бүр 9.000.000 төгрөг, зохиомлоор шатахууны хомстол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ” гэлээ.


С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/