|

Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймгийн ард иргэд Ерөнхий сайдыг уучлал гуйхыг шаардлаа

Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймгийн ард иргэд Ерөнхий сайдыг уучлал гуйхыг шаардлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Шийдлийн цаг уулзалтын үеэр "Тавантолгойн асуудлыг Баялгаа хамгаалсан хоточ нохой шиг аашилсан Үндсэн хуулийн бус нэгдэл болох Бие даагч гишүүдээс асуухгүйгээр шийднэ” хэмээн мэдэгдсэн юм.

Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн энэхүү мэдэгдлээрээ Хөвсгөл Дархан-Уул, Дорнод,  зэрэг гурван аймгийн 200 мянга гаруй сонгогчдын хууль ёсны төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийг хууль бус хэмээн дайраад зогсохгүй Монгол улсын нийт иргэдийн эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой уул уурхайн ордуудын асуудалд дээрх гурван аймгийн ард иргэдийн дуу хоолойг хүлээн авч, тусгах боломжгүй гэдгээ давхар илэрхийлсэн хэрэг тул уучлал гуйх ёстой хэмээн үзэж байна.

Эдгээр гурван аймгийн иргэдийн төлөөлөл Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар нь 2012 оны УИХ-ын сонгуулиар тойрог бүртээ илт давуу ялалт байгуулан сонгогдсон бөгөөд өнөөг хүртэл ард иргэдийн итгэл хүлээсэн хэвээр, амжилттай ажиллаж буй гишүүд юм. Иймээс тойрог бүрийн сонгогчдын төлөөлөл бид бодлогогүй үг хэлж, болчимгүй үйлдэл гаргаж буй Ерөнхий сайдад эсэргүүцэл илэрхийлэхээр энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна.

Бид өнөөгийн Ерөнхий сайд   Ч.Сайханбилэгийг намын жагсаалтын ард нуугдаж УИХ-ын гишүүнээр сонгогдсон явдлыг Үндсэн хууль зөрчсөн хэрэг хэмээн үздэг бөгөөд цаашид намын жагсаалт гэх хууль бус тогтолцоог арилгах ёстой гэсэн олонх ард иргэдийн байр суурийг хэвлэлийнхэн та бүхнээр дамжуулан хэлэхийг хүсч байна.

Ерөнхий сайд Ч.Сайханибилэг өнгөрсөн хавар хаа холын Дубайд очиж Оюу толгойн асуудлаар Монгол улсын эрх ашгийг умартан, улс оронд хохиролтой шийдвэр гаргуулсныг Монголчууд мартаагүй. "Оюу толгойн төлөвлөгөө” гэх далдалсан нэртэйгээр Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, Монгол улсын хүртэх ашгийг улам бүр бууруулж, үндсэндээ байхгүй болгосон билээ. Тодруулбал, Оюу толгойн орд дахь Рио Тинтогийн далд уурхайн зардал анхны гэрээгээр 1,5 тэрбум ам.доллар байсныг 6,2 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Энэ дүнд анхан шатны баримтаар нотлогдоогүй 1,5 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтын зардал болгон хүлээн зөвшөөрсөн нь шударга бус явдал. Мөн Оюу толгой компани нь борлуулалт, өөрийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй зөвхөн манай баялгийг барьцаалан өндөр хүүтэй зээл авч, өрийн дарамтад оруулж, Монгол улсыг тус ордоос ашгаа хүртэх чадамжгүй болгож байна. Үр дүнд нь Монгол улс Оюу толгойн зэс, алтны борлуулалтаас дөнгөж 5 хувийг хүртэж байгаа өнөөдрийн энэ мөлжүүлсэн байдал нь хэдэн арван жил үргэлжилэхээр боллоо.

Монголын уул уурхайн томоохон ордуудын хувь заяаг амин хувийн ашиг сонирхол, гадны бүлэглэлүүдэд үйлчилсэн байдлаар шийдэж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ард иргэдийн дийлэнх нь итгэхгүй байгаа бөгөөд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: www.newsline.mn